Saturday, October 8, 2011

Нүцгэн байшинг орхихуй буюу шинэ хэлбэрийн эрэлд


Байшин бүрт өөрийн түүх бий. Яг л хүн шиг. Хэрвээ барилгууд хэлтэйсэн бол анх хэн, хэзээ бариснаас эхлээд дотор нь ямар хүмүүс амьдарч асан тухай хүүрнэх байсан биз. Байшийн өөрийнхөө төдийгүй тухайн улс орны соёл, уламжлалыг ч харуулдаг.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд даваа гаригт нээгдсэн “Нүцгэн байшин-2” үзэсгэлэнгээс уран бүтээлчдийн оюун санаанд өнөөгийн хотжилт, байшин, барилга хэрхэн буусныг харж болно. Байшингаар дамжуулан даяарчлал, орчин үе болон уламжлал хоорондын харилцаа, зан заншлаа хадгалж үлдэхийг “Нүцгэн байшин-2” сануулж буй мэт. Уг үзэсгэлэнд Монголоос С.Ганзүг, Г.Энхжаргал, Т.Энхболд, Голландын Алетта де Жонг, Крис ван Муллиген, Карин Сутер, Германаас Кристин Саалфелд, Финляндын Оула Салоканнел, Анну Виленус нарын бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн нь өнгөрсөн наймдугаар сард гарсан “Нүцгэн байшин-1”-ийн үргэлжлэл юм.
Танхимын эхэнд Анну Виленусын “Миний өссөн байшин” видео ажлыг байрлуулжээ. Тэрбээр Монголд анх 2005 онд хэсэг нөхрийн хамт тогтсон үзэл санаагаа чөлөөлөх зорилгоор иржээ. Тэд үзэсгэлэн зохион байгуулж, монгол уран бүтээлчидтэй танилцахын зэрэгцээ монголчуудын амьдралыг илүү ойлгохын тулд гэр хорооллын оршин суугчидтай уулзаж, ярилцлага хийн, гэрэл зураг авчээ. Монголын гэр хорооллын төрх Аннугийн Хелсинк хотын Лааяасало дүүрэгт өнгөрүүлсэн хүүхэд насыг нь санагдуулж. “Миний өссөн байшин”-д байшинг хэзээ, юугаар бариснаас эхлээд хэн, хэн амьдардаг байсан, гаднах орчин, хүүхдүүд хаана, хэрхэн тоглодог байсныг өгүүлэгч ярих зуур дэлгэцнээ Хелсинкийн бус Улаанбаатар дахь нэгэн гэр хорооллын зургууд ээлжлэн солигдоно. Аннугийн бага насаа өнгөрүүлсэн газар өдгөө засмал замтай, хогийн ургамалгүй, үзэмжтэй байшингуудтай болсон гэнэ. Тэгвэл Монголын гэр хороолол цэмцгэр дүүргийн төрхийг олтлоо хэр удаан хугацааг туулах бол? Эсвэл шилжин ирэгсэд нэмэгдэхийн хэрээх энэ байдал үргэлжилсээр байх уу?
Нүүдэлчин монголчуудын “байшин” гэх ойлголтыг “гэр”-ээр тодорхойлж болно. Жилийн дөрвөн улирлын аль ч цагт тохиромжтойн дээр нүүлгэхэд авсаархан, барихад хялбар. Байгальтайгаа гүн, гүнзгий холбоотой амьдарч ирсэн монголчуудын хувьд гэр нь толгой хорогдох оромж төдий зүйл огтоос биш. Насанд хүрсэн хүүгээ хуримлахад гэр өгдөг нь тусгаар тогтнол, бие даасан байдлын тэмдэг болно. Гэр буй нь нэг өрх айл байгаагийн баталгаа. Түүнчлэн гэрт тавилгаа тогтсон ёсны дагуу байрлуулахын зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүний тал ч тусдаа. Өөрөөр хэлбэл, гэр нь соёл, зан заншил, бэлгэдлийн цогц юм. Гэрт амьдрах нь байгальтай зохицож, нарийн шүтэлцээтэй амьдрах цорын ганц зөв хэлбэр ч байж болох юм. “Нүцгэн байшин-2”-той зэрэгцэн Английн Манчестер хотын урлагийн музей Азийн уран бүтээлчийн үзэсгэлэн толилуулж буй. Тус үзэсгэлэнд оролцож буй Т.Энхболд музейн гадна гэр барин долоо хоног амьдрах юм. Тэрбээр гэрээ барьж буй бичлэгээ явуулсныг үзэсгэлэнд дэлгэжээ. Эдгээрээс гадна С.Ганзүгийн “Ямаанууд болон музей”, Г.Энхжаргалын “This shall pass”, Оула Салоканнелийн “Павиллон”, Крис ван Муллигены “Эмпати” зэрэг сонирхолтой бүтээл “Нүцгэн байшин-2”-д бий. Энэ удаагийн үзэсгэлэн өмнөхөөс оролцогчдоороо ялгаатай бөгөөд Финландын Пори, Роттердам хот, Монголын Улаанбаатарыг хамарсан олон улсын хамтарсан төсөл аж. “Амьдрал ахуйгаа зохион байгуулдаг, хүрээлэн буй орчинтойгоо харьцдаг арга барилаа ашиглах аргагүй болоход бид “нүцгэрч” үлддэг. Монголын барилга, хотжилт зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байна. Энэ тохиолдолд нүцгэрсэн мэт мэдрэмж монголчуудын хувьд бухимдлын хэлбэрээр илэрч буй мэт. Улс орны тань амьдрах арга зам, тогтсон хэлбэр таныг тодорхойлох шаардлагагүй. Тэгээд ч тэдгээр нь цорын ганц арга зам биш гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн үзэсгэлэнгийн куратор Анну Виленус тайлбарласан юм. Хөгжил туйлдаа хүрээд зогсдгийн адил хамгийн сайн, зөв гэж бодсон үзэл, арга барил тань цааш явах аргагүй болох үе бий. Заримдаа бүх зүйл утга учир, эмх замбараагаа алдаж, хэрэггүй болсон мэт санагдах нь ч бий. Зөвхөн уран барилга, хот төлөвлөлт бус бүх зүйл ийм үе шатыг туулдаг. Энэ үед өөрийгөө, оюун санаагаа чөлөөлж, шинэ арга хэлбэрийг хайх хэрэгтэйг “Нүцгэн байшин” сануулж байна.
 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.