Tuesday, January 31, 2012

Ч.Болдбаатар: ФИЛОСОФИГҮЙ УРЛАГ БОЛ ХООСОН ЦААС


Чүлтэмийн Болдбаатар. Энэ нэрийг урлагийн хүрээнийхэн андахгүй. Монголын шилдэг абстракт зураачдын нэг тэрбээр 2005 онд Дэлхийн шилдэг 100 зураачийн тоонд багтаж байсан юм. Хүзүүндээ дэгжин алчуур ороож, эрхэмсэг алхдагийг нь МУИС-ийнхан мэднэ. Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч тэрбээр 14 дэх жилдээ багшилж буй.

-Москвагийн В.В.Суриковын нэрэмжит академиас та ямар эрдэм өвөртлөн ирсэн бэ?

-Тухайн үеийн ЗХУ-ыг хүмүүс хаалттай, бурангуй нийгэм байсан мэт ярьдаг ч тийм биш юм. Намайг сурч байх үед Америкийн Метрополитаны музей, Испанийн Прадогийн музей Москвад үзэсгэлэн гаргадаг байлаа. Бусад социалист оронтой харьцуулахад ЗХУ дэлхийн урлагийн түүх, орчин цагийн чиг хандлагыг мэдэх, мэдрэхэд хамгийн нээлттэй хаалга байсан. Үүн дээр үндэслэн миний бүтээл туурвих гарц нээгдсэн гэж боддог. Тэрнээс өмнө би ХБК-ийн зургийн ангийг ардын зураач Л.Гаваагийн урланд төгссөн.

-Та голдуу абстракт чиглэлээр зурдаг. Энэ төрөл, өөрийн арга барилыг олж авахад юу нөлөөлсөн бол?

-Урлагийн түүх хамгийн ихээр нөлөөлсөн болов уу. Би урлагийн түүхийг бусад оюутнаас илүү шимтэж үздэг байсан. Тийм ч учраас өнөөдөр урлаг судлалын чиглэлээр түлхүү ажиллаж, багшилж байна. Л.Гаваа багш маань театрын зураач байсан ч эскиз зурах төдийгөөр хязгаарлагдаагүй. Орчин үеийн урсгал, чиглэлийн цаад хэл, таталгыг сайн эзэмшсэн хүн байсан. Түүний хичээл, хэлж, сургасан зүйлс ч абстракт чиглэлийг сонгоход нөлөөлсөн.
-Хийсвэр буюу абстракт зураач нэн эртний үеийн урлаг судлах болсон нь сонирхолтой юм. Энэ хоёр хоорондоо ямар холбоотой вэ?
-Монголчуудын оюун санааны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн нэг зүйл бий нь хий сүг. Үүнийг манайхан ихэвчлэн сүнстэй холбож ойлгодог. Эртний тэмдэг, зурлагууд бол сүнстэй харилцаж, наадах зурлагын тоглолт. Энэ тухай гүнзгийрүүлэн судалсан хүмүүсийн эртний тэмдэгт, зурлагууд дахь код, код доторх утгыг тайлбарласныг уншиж, эртний хүмүүсийн сэтгэлгээ нь хийсвэрлэлд хүрч очсон гэх гаргалгаанд би хүрсэн юм. Урлагийн ихэнх түүхч, судлаачид ч урлаг дүрсийг дуурайж зурахаас биш, хийсвэрлэлээс эхэлсэн гэж үздэгтэй би санал нийлдэг.

-Орчин үеийн урлаг хэт хэлбэрт шүтсэн юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ямар ч төрлийн урлаг тодорхой нэг зарчимтай. Зарчим нь өөрийн гэсэн хэлтэй, хэл нь төсөөллүүдийг бий болгодог. Тэдгээр төсөөллийг ойлгож, бүтээлдээ мөрдлөг болгодог хүмүүсийг би урлагийг бүтээгчид гэж хэлнэ. Агуулгаар дамжиж хэлбэр нь илэрнэ гэсэн үзэл баримтлал өмнө нь ноёрхдог байсан. Тэгвэл В.Кандинский, К.Малевич, Ж.Поллок нарын уран бүтээлч тогтсон ойлголт, дэгийг эвдэж, хэлбэр нь бие даасан чиглэл болохыг тунхагласан юм. Гэхдээ ямар ч тохиолдолд тухайн урлагийн хэл, техникийг эзэмшсэн байх хэрэгтэй. Сонирхогчийн түвшний уран бүтээлчид байхыг бол үгүйсгэхгүй.

-Соросын сангаас 2004 онд хэрэгжүүлсэн “Монголын ирээдүй-Урлагийн боловсрол” төслийн удирдагч нь та байсан. Энэ төслийн үр дүн юу байв?

-Тухайн үед төслийн санхүүжилт зогссоны улмаас талдаа хүрээд зогссон. Харин “Aдмон”-ы захирал Р.Энхбаттай хамтран өнгөрсөн жил хүүхдэд зориулсан “Урлаг” англи номыг орчуулан гаргасан. Уг ном хүүхдийн оюуны ертөнцийг урлаг руу хандуулах, түүхээр нь дамжуулан урлагийг таниулах зорилготой. Энэ нь эргээд урлагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийн нэг хэсэг болж байгаа. Тиймээс Соросын сан ч, “Aдмон” ч Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж буй хэрэг юм.

-Та багш, зураачийн ажлынхаа алинд илүү дуртай вэ?


-Би нэгдүгээрт зураач, хоёрдугаарт багш хүн. Уншиж, харж, мэдэж байгаа бүхэн маань бүтээл туурвих үндэс болдог. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг би ялгаж, зааглаж чаддаггүй.

-Төгссөн мэргэжлээрээ ажилладаггүй хүн олон байна. Та шавь нартаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?


-Зарим багш би төдөн хүүхэд төгсгөсөн, тэдэн шавьтай гэж ярьдаг. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж, түүгээрээ бахархаж, сайн эзэмшиж чадсан хүнийг шавиа гэж үздэг.

-Урлаг цөөнхөд зориулагдсан гэж үздэг хүн олон бий. Гэтэл ингэснээр урлагийг нийгмээс улам тусгаарлаж байгаа юм биш үү. Та энэ тухай юу гэж боддог вэ
?

-Урлаг цөөнхийнх мэт харагдавч цаад утгаараа олонхт хандсан байдаг. Аливаа шинэ урсгал, бүтээл төрөхөд ихэнх хүн ойлгохгүй, цөөнх хэсэг л таашаадаг. Хэсэг хугацааны дараа тэр нь хүн төрөлхтний оюуны өв болж, бүх нийтийн таашаал хүртдэг тохиолдол цөөнгүй. Урлаг цаг үеэ түүчээлдэг гэх ойлголт эндээс үүссэн биз. Тэгэхээр энэ бол цаг хугацааны асуудал юм. Цагийн аяст үнэт шинж нь тодорч, өөрийгөө нээдэг нь урлагийн чанар. Өнөөдөр хэн ч ойлгохгүй байсан ч маргааш, нөгөөдөр ойлгож болно шүү дээ. Анри Бергсон, Карл Юнг, Зигмунд Фройд нарын үзэл баримтлал тухайн үедээ нийтийг хамарч чадаагүй ч өнөөдөр сонгодог болсон байна. Бэргсон 1941 онд нас барсан ч философийг нь 2012 онд Монголд ярьж байгаа нь л үнэ цэнийг харуулж байгаа юм.

-Таны төлөвшилд гүнзгий нөлөө үзүүлсэн ном, эсвэл уран бүтээлч бий юү?

-Тэр, энэ гэж онцолж хэлэх боломжгүй. Үзсэн, харсан, уншсан бүхэн маань надад нөлөөлж байгаа. Сүүлийн үед Эрих Фроммыг уншиж байна. Түүний ертөнц, үзэл баримтлал, Фройдыг үгүйсгэх болсон шалтгаан зэрэг нь сонирхолтой. Урлаг, гүн ухаан хоорондоо салшгүй холбоотой. Философигүй урлаг бол хоосон цаастай л адил. Жишээлбэл маргааш (өнгөрсөн баасан гариг) миний нэг магистрант хамгаалалтад орно. З.Фройд, А.Бэргсоны онолд тулгуурлан сюрреализмыг аль өнцгөөс тайлбарлах талаар судалсан. Үүний тулд тэр ч их зүйл уншиж, судлах ёстой, би ч замыг нь зөв чиглүүлэх үүрэгтэй. Түүнчлэн аав, ээж маань хариуцлагатай байхыг бага байхаас сургасан. Юм сурна, мэднэ гэдэг ч хариуцлага. Зураг зурах ч хариуцлага. Наад зах нь бүтээлийн анхны үзэгч, таашаагч нь би. Хэрэв бусдад зориулж, өөртөө үнэнч бус зурвал ямар хэрэг байх билээ.

-Өнөөдрийн Улаанбаатар танд хэрхэн нөлөөлж байна вэ?


-Миний үр хүүхэд, гэр бүлийг хохироож байгаа хамгийн том нөлөөлөл бол Улаанбаатарын уур амьсгал. Янз бүрийн утаа, тоосонцор, хүнд металлын хаягдал Улаанбаатарын иргэдийг амьдаар нь алж, генийн санг нь устгаж байна шүү дээ. Гэтэл хүмүүс энэ тухай биш, утаа гаргадаггүй зуух, пийшин л ярих юм. Ихэнх хүн асуудалд шинжлэх ухаанчаар хандахгүй, хэн хэнийгээ хуурахыг л гол болгож байгаа шиг санагддаг. Энэ бол ирээдүйгээ устгаж байгаа хэрэг гэж би боддог.

-Тэгвэл хотоос гадна амьдарч яагаад болохгүй гэж?

-Би хотод төрж, өссөн учраас идээшиж дассан. Эндэх урлагийн хүрээ, Их сургуульдаа татагддаг ч юм уу, хоргодох зүйл их бий. Гэхдээ би хот, хөдөө гэж зааглах дургүй. Үнэндээ, би монгол, чи орос гэх нь ч утгагүй асуудал. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адил эх орон ч заяамал. Цаашилбал дэлхий ч гэсэн бидний эх нутаг, хүн төрөлхтний өлгий. Урлагт ч гэсэн тийм хязгаар огт байдаггүй. Энэ нь Франц, Италийнх, эсвэл хятад хүн зурсан бол муу гэсэн ойлголт байхгүй. Бид даяаршлын зуунд амьдарч байна, тэгээд ч би аливаа зүйлийг зүүний сүвэгч мэт жижиг нүхээр харахаас татгалздаг.

-Та хувь тавиланд итгэдэг үү, эсвэл хүн амьдралаа өөрөө зурдаг уу?

-50/50 хувьтай гэж бодож байна. Миний энэ ертөнцөд ирсэн хувь төөрөг, тэмдэг арилшгүй юм. Гагцхүү тэр тэмдгийг хааш нь чиглүүлэх нь хүний хичээл зүтгэл, авьяас чадвар, хүсэл мөрөөдлөөс шалтгаална гэж би үздэг.

-Авьяас чадвараа хэрхэн тордож байна вэ?

-Хөдөлмөрлөж байна. Ном унших, зураг зурах бүгд хөдөлмөр. Хог сайн шүүрдэж сурсан байлаа ч хөдөлмөр. Би ном уншдаг гээд зөвхөн ном уншиж суух, эсвэл зураач болохоор зургаа л зурж суух нь зөв биш болов уу. Амьдрал асар баялаг. Тэр баялгийг мэдрэх, хүртэхэд л амьдралын сайхан нь оршдог. Сэтгэлээсээ аяга угаах, сайхан хоол хийх ч амьдралын нэг амт шүү дээ.

- Уран бүтээлчид шинэ санаагаа зүүднээс олсон тохиолдол цөөнгүй. Нууц биш бол та хамгийн сүүлд ямар зүүд зүүдэлсэн бэ?

-Үнэнийг хэлэхэд, ойрд бие тааруу байгаа учраас гэгээн зүүд ирэх нь ховор байна.

-Зүүдийг зөн совин гэж үздэг үү, эсвэл тухайн хүний жинхэнэ тусгал уу?


-Зүүдэнд худал хуурмаг огт байдаггүй. Өдөр тутмын амьдралд тохиолдсон зүйлс, тэдгээртэй холбогдсон мэдрэмжүүд хуримтлагдан зүүдээр дамжин илэрдэг болов уу.

-Урлагийн судлал, шүүмж Монголд бараг байхгүй байна. Урлаг судлаачид бэлтгэдэг хүний хувьд та юу хэлэх вэ?

-Монголын урлаг судлалд шүүмжлэгчид бэлдэхийн тулд хэдэн арван жил хэрэгтэй. Би өнөөдөр хичээл заагаад, таван жилийн дараа мундаг шүүмжлэгчид гарч ирэх боломжгүй. В.Инжинаш, В.Гүлрансын үед яруу найргийн охь ундарга тасраагүй, тэдний билгийн мэлмий хурц байж, бичлэгийн чадвар нь гүнзгийрсэн байсан. Гэтэл цаг үеийн өөрчлөлтөд бид хуйларч, дорнын соёлтой ард түмэн өрнийн соёлд руу орсон. Өрнийн соёлдоо дасах гэж байтал цаг үе дахин өөрчлөгдсөн. Энэ бүх нэрмээс биднийг хэн ч биш болгож байна. Тэгэхээр Монголд урлаг судлал хүчтэй хөгжихийн тулд дахиад хэдэн жил шаардлагатай. Би бол тэр үрийг суулгах гэж яваа нэг нөхөр юм даа. Гэвч үр нь хэзээ ургаж, жимсээ өгөхийг хэлж мэдэхгүй юм.
 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.