Сүүлт одны исгэрээ
Францын Парис хот, 1971 оны зун. Оршуулгын газарт ноёлсон нам гүмийг долгиолсон урт үс, гүн, шийдмэг харцтай нэгэн залуугийн хөлийн чимээ эвдэнэ. Оскар Уайльд, Эдит Пиаф, Оноре де Бальзак, Ф.Шопен, Марсель Прүст нарын бунханг сүлжин алхах тэр залуу ганцхан сарын дараа тэдэнтэй зэрэгцэн нойрсохоо мэдэрсэн болов уу, эсвэл мэдэж байсан уу?
“The doors”-ыг анх сонсоход гунигаас гадна гүнзгий утга санаатай өгүүлэмж мэдрэгдсэн. Хүн өөртөйгөө ижил мэдрэмжтэй хүнийг хайж, татагддаг. Түүний тухай Оливер Стоуны найруулсан киног үзэхэд миний залуу нас Жимийн амьдралтай төстэй санагдаж билээ. “The doors” бол хөгжим төдийгүй яруу найраг. Яруу найраг бол мэдрэмж, хайр. Жимтэй төстэй хүмүүс түүнд татагддаг болов уу. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран адил мэдрэмжтэй хүмүүс бий. Харин манайд ихэнх хүнийг гаднаас нь харахад өөр ч, дотроо нэгэн хэвд цутгасан мэт байх юм. Гэтэл амьдрал бол өөрийгөө олох биш, өөрийгөө бүтээхийн нэр гэж би боддог. Жим Моррисон ч өөрийгөө бүтээж, тунхагласан хүн байсан биз.
(Сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх)
“Break on through to the other side”-ыг сонсмогцоо “The doors” болон Жим Моррисонд дуртай болсон. Түүнийг сонсоход тодорхойлж чадамгүй мэдрэмжинд автдаг юм. Нууцлаг, мэдрэмжтэй, сонирхолтой, солиотой...
( “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн)
Жим Моррисон рок хөгжмийн ертөнцөд хувьсгал хийж, шуугиан тарьж чадсан жинхэнэ од учраас би дотроо хүндэлж явдаг. “The doors”-ын дуунуудыг би 1980-аад оны үед анх сонсож, “Morrison hotel”, “LA Woman” пянз нь надад бий. Тухайн үед англи хэл мэдэхгүй учраас дууных нь утга санааг сайн ойлгоогүй байж болох ч ая, хэмнэлд нь их татагдсан. “Light my fire”, “Riders on the storm”-д одоо ч дуртай. Хэрвээ телевизүүд “The doors” киног орчуулж цацвал залуус Моррисоныг мэддэг болох байх.
(Шог зураач С.Цогтбаяр)
“Хүмүүс өвдөхөөс илүүтэй үхлээс айх юм. Гэтэл амьдрал биднийг үхэлтэй харьцуулшгүй их зовоодог шүү дээ. Харин үхэл энэ бүхнээс биднийг чөлөөлдөг. Тиймээс би үхлийг нөхрөө гэж үзнэ” хэмээдэг байсан Жим Моррисон тэрхүү андтайгаа Парист уулзсан юм. “Жүжиг дууслаа, хөшгөө хаагаарай”! Гэвч түүх яг эндээс л эхэлсэн юм биш үү. Блюз дуугаралт, найраглаг хэмнэлээр рок хөгжмийн түүхэнд мөнхөрсөн “The doors” хамтлагийн гоцлол дуучин Жим Моррисон Парис дахь гэртээ нас барахдаа 27 настай байсан юм. Энэ үед тэрбээр хэдийнэ рок хөгжмийн алдрын танхимд залагдсан байв. Мансууруулах бодис, согтууруулах ундаанд дасалтай түүнээс асуудлаас өөр зүйл хүлээгээд хэрэггүйг хамтлагийнхан, менежерүүд мэддэг байсан нь ойлгомжтой ч суу билэгийн нь өмнө мэхийн ёсолдог хүний тоо өнөөг хүртэл нэмэгдсээр байна. “The doors”-ын бүрэлдхүүнээрээ гаргасан сүүлийн цомог “L.A Woman”-г бичүүлж дуусмагц Моррисон амар амгаланг хайн Парисыг зорьжээ. Жилийн өмнө буюу 1970 онд Парист очсон нь түүнд гүн сэтгэгдэл үлдээснээс үүдэн шинэ шүлгүүд бичиж, бүхнээс холдохын дээр Францын өмнөд хэсэгт сүм худалдаж авах төлөвлөгөөтэй байсан гэдэг. Сэтгэл булаам романтик хотод амьдрах уг санаа Жимийн найз бүсгүй Памела Курзонд ч таалагдсан аж. Үүнээс гадна энэ нь Памелагийн хувьд Жимийг хамтлагийн залуус, шүтэн бишрэгч охидоос холдуулж, зөвхөн өөртөө “өмчлөх” сайхан боломж байлаа. Хайр дурлалын хотын амьдралын хэмнэл, уур амьсгал, уран барилга рок одыг соронзон мэт татаж, найз бүсгүйтэйгээ өдөржин зугаалан, жуулчид мэт амарч байв. Зургаан сарын турш ургуулсан сахлаа тэнд очмогцоо хуссан нь нэг талаар хүмүүст танигдахгүйгээс гадна нөгөө талаар чөлөөлөлт болсон биз. Парист Моррисон байнга дэвтэртэй явж, шүлэг бичиж, таталбар зурдаг байсныг хүмүүс гэрчилдэг. Францын найруулагч Агнес Вардагийн охины төрсөн өдөрт ч тэмдэглэлийн дэвтэртэйгээ очсон бөгөөд үдэшлэгийн ихэнх вискийг уусан Жим бяцхан охидын ширээн дээр унтчихжээ. “Жим тэр үед хүүхдүүдэд огтхон ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлээгүй. Түүнд хүүхдүүдийн дунд байх нь тааламжтай байсан бөгөөд охидод ч тэр таалагдсан. Хүүхэд насныхаа дурсамжийг тусгасан шүлэг түүнд цөөнгүй бий” хэмээн хожим Агнес ярьсан нь бий. Агнесийг “Lion’s love” киноныхоо зургийг 1969 онд Лос-Анжелост авах үед тэд танилцаж, нөхөрлөсөн юм. “Жим хов жив, дэмий ярианд дургүй, үг цөөтэй хүн байсан. Бүгд л түүнийг хүндэлдэг. Парист байхдаа тэр хүмүүст танигдахыг хүсэхгүй байсны дээр зөвхөн шүлэг бичих гэж л ирсэн нь гайхамшигтай” гэж Агнес Жимийг дурсдаг.
1971 оны дөрөвдүгээр сард Памела, Жим хоёр машин хөлслөн, Францын өмнөд хэсэг Лиможоос Тулуз хүрч, Андорра улсаар дамжин Испанийн Мадрид хүртэл аялжээ. Зам зуур тэд хотуудын уран барилга, сүмд зочлон явсан бөгөөд Жим Мадрид дахь Прадогийн музейд бүтэн өдрийг өнгөрүүлж, Иероним Босхын “The Garden of Earthly Delights” бүтээлийг хэдэн цаг ажигласан гэдэг. Цааш Испанийн Гранада муж, Морокко улсаар аялсны эцэст тавдугаар сард Парис руу буцжээ. Харамсалтай нь Парист ирмэгцээ Моррисон Лос-Анжелост байсан үеийн Моррисон болон хувиржээ. Эцэс төгсгөлгүй архидалт, зүй бус авирлах нь улам ихсэв. Америкаас түүнтэй “ирсэн” тэмдэглэлийн дэвтэр энэ үед шүлгээр дүүрсэн байсан бөгөөд ихэнх нь Моррисоны туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлагыг тусгасан байжээ. Зургадугаар сарын дундуур Жим Моррисон цусаар ханиалгах болсны улмаас эмчид хандахад, хэт их согтууруулах ундаа, тамхины хэрэглээг зогсоохыг зөвлөсөн байна. Энэ үед тэрбээр “L.A Woman” цомгийг бэлэн болсон эцсийн хувилбараар хүлээн авч, дотны найз Фрэнк Лискандрог эхнэрийнх нь хамт Парист урьсан байдаг. Түүнчлэн Канад бүсгүй Робин Вертлийг нарийн бичгээр хөлсөлж, ажил хэрэг хөтлөн явуулахаас эхлээд тавилга худалдан авах, франц хэл сурахад нь туслах, гэрийн үйлчлэгч авах гээд бүх ажилдаа туслуулж байв. Энэ бүхнээс үзвэл тэр амьдралаас салахыг хүсээгүй мэт. 1971 оны долдугаар сарын 3-ны өдрийн өглөө Памела Курзоныг сэрэхэд угаалгын өрөөний хаалга дотроосоо түгжээтэй байв. Тэр хаалга тогшсон ч Жим ямар ч хариу өгсөнгүй. Памела Жимийн найзуудыг дуудаж, хаалгыг онгойлгуулахад уруулд нь үл мэдэг инээвхийлэл үлдсэн хөрсөн бие л тэднийг угтжээ. Шинжээчид түүнийг зүрхний дутагдалын улмаас нас барсан хэмээн оношилсон бөгөөд гадны халдлага, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн ул мөр байгаагүй тул задлан шинжилгээ хийгээгүй юм. Жимийг өөрийнх нь хүсэж байсанчлан Парис дахь Пьер Ла Шезийн оршуулгын газар мөнх нойрсуулсан билээ. Түүний эд зүйлийн дотроос дан яруу найраг, ярианаас бүрдсэн хоёр хальс олдсоныг “The lost Рaris tapes” хэмээн нэрлэдэг. Эхний хэсэг хальсыг тэрбээр 1969 онд Лос-Анжелост бичүүлсэн бол хоёр дахийг нь нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө Парист бичүүлжээ. Тэрхүү хоёр дахь хальс буюу жинхэнэ “The lost Рaris tapes”-ыг Жим гудамжинд тоглодог хэрмэл хөгжимчидтэй хамтран бичүүлсэн бөгөөд “The doors”-ын даралтат хөгжимчин Рэй Манзарек “Согтуу үеийн утгагүй яриа” хэмээсэн юм. “Гэвч анхааралтай сонсвол Памелад зориулсан магтуу, Мориссоны үнэн сэтгэлийн үг, шаналгаа, зовиурыг мэдрэнэ” хэмээн “Rolling stones” сэтгүүлд бичжээ.
Рокын найрагч Жим 1943 онд Америкийн усан цэргийн хошууч адмирал Жорж Моррисоны гэрт мэндэлсэн юм. Цэргийн албан хаагчийн гэрийнхний адил тэднийх ч байнга нүүдэллэн амьдардаг байв. Жимийн тодорхойлсноор амьдралынх нь хамгийн чухал үйл явдал дөрвөн настайд нь тохиожээ. Тэднийг нүүдэллэх замд индианчууд машины осолд орсон байсан бөгөөд ихэнх нь нас барсан байв. Үүнд цочирдсон бяцхан Жимийг эцэг, эх нь зүүд байсан хэмээн тайвшруулсан ч индианчуудын нэгнийх нь сүнс биед нь орсон гэдэгт тэр насанд хүрсэн хойноо ч итгэсээр байсан юм. Тэрхүү ослын тухай Жим хожмын олон ярилцлагдаа дурдсан төдийгүй “Peace frog”, “Ghost song”, “An American prayer” дууны шүлэгт дүрсэлсэн нь бий. Ослоос гадна түүний уран бүтээл, төлөвшилд Ф.Ницше, Аллан Гинзберг, Шарль Бодлер, Мольер, Франц Кафка болон Францын экзистенциалистууд ихээр нөлөөлснийг дууны шүлгүүдээс нь харж болно. Артур Рэмбогийн шүлгийн хэв маяг Жим Моррисонд хамгийн их нөлөөлсөн гэж судлаачид үздэг.
Номноос салдаггүй өсвөр насны хүү 1962 онд өвөө, эмээтэйгээ амьдрахаар Флорида мужийг зорьжээ. Өөрөөр хэлбэл, хатуу эцгийн хяналтаас мултарсан гэсэн үг. Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодистой зэрэгцэн түүний уран зохиол, кинонд татагдах нь улам ихэссэнийг коллеж төгссөний дараа Лос-Анжелос дахь Калифорнийн их сургуулийн киноны ангид элссэнээс харж болно. Тэнд сурах үедээ Моррисон “Анхны хайр” зэрэг хэд хэдэн богино хэмжээний кино найруулснаас гадна ирээдүйн хамтлагийнхаа гишүүн Рэй Манзаректэй танилцжээ. Их сургуулиа төгссөн зунаа тэр LA-ын Venice Beach-д найзынхаа эзэмшдэг барилгын дээвэрт амьдарч байв. Сэтгэцэд нөлөөлдөг бодис LSD, лаазалсан шошон дээр тогтож асан тэр өдрүүдэд Жим “The doors”-ын эхэн үеийн бүтээлүүдийг бичсэн аж. Тэдгээр шүлгийг нэгэнтээ олж үзсэн Манзарек Моррисонд хамтлаг байгуулах санал тавьж, бөмбөрчин Жон Дэнсмор, гитарчин Робби Кригертэй нэгдсэнээр хөгжмийн ертөнцөд шинэ “Хаалга” нээгджээ. Олдос Хакслийн “The doors of perception” буюу “Хүртэхүйн хаалга”-аас тэд хамтлагийнхаа нэрийг олсон бөгөөд уг номд сэтгэцэд нөлөөлөх бодисын тусламжтай хүртэхүй, мэдрэхүйн хаалгыг онгойлгох боломжтой тухай өгүүлдэг. 1967 онд “Elektra” рекордстой байгуулж, анхны сингл “Light my fire” нь зуны турш Биллбоардыг тэргүүлснээр“The Doors” олны танил болов. Удалгүй тэд Элвис Пресли “Beatles”-ыг Америк даяар алдаршуулсан Эд Сулливаны телевизийн шоунд уригдсан юм. Үүний дараах хит “Break on through to the other side”, “Alabama song”, “People are strange”...Психеделик буюу сэтгэлзүйн шинжтэй, гүн ухаан, тэр дундаа экзистенциализмтай сүлэлдсэн блюз хэмнэл бүхий тэдний хөгжим Нэгдсэн улсаар өртөөлөн дэлхийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд өнөө ч эгшиглэсээр. “The doors” заримдаа хүнд, баргар мэт санагддаг ч тэр бол амьдралын утга учиргүй тал, хар бараан талыг харуулсан гутранги үзлийн номлол биш, санаа алдах мэт гэгээн гуниглал билээ. Тийм ч учраас нийгмээс үзүүлдэг шахалт, тулгалтыг үл ойшоон, жаазны хүрээнээс гадна амьдарч, дүрэм журмыг зөвхөн өөртөө зориулж зохиож, эвддэг хипстерүүд, урлагаас таашаал хүртэгч оюуны элитүүд, ганцаардмал, гуниглуун хэрнээ хүчирхэг хувь хүмүүс Жим Моррисоны үнэн шүтэн бишрэгч байдаг биз.
“The doors”-ын аялан тоглолтууд, сая сая шүтэн бишрэгч, дээд цэгтээ тулсан түргэн хэмнэлт амьдрал. Мансуурлаар мэдрэхүйн хаалгыг цэлийтэл нээсэн энэ үе ердөө зургаан жил үргэлжилсэн. Яг л Моррисоны хэлсэн шиг “Би бол харваж буй сүүлт од. “Хөөх, тэрнийг хараач” хэмээн хүмүүс хэлэх үед агаар зүсэн исгэрэн өнгөрөх болно. Тэд тэр одыг ахиад харахгүй боловч хэзээ ч мартахгүй”.