Monday, October 22, 2012

“Токио” бүлээн зүрхний эрэлд

Дэлхийн хамгийн анхны кино “Галт тэрэг ирж байна” 1898 онд гарчээ. Тэгэхэд өмнөөс нь ирэх галт тэргийг хараад айсан хүмүүс театрын хаалга тийш хошууран, зугтацгаасан гэдэг. Тэр цагаас хойш үе үеийн “галт тэрэг” ирж буцан, зорчигчид нь зугтах бус, амжиж суухыг эрмэлзэх болсон билээ. Үүний учир нь тэрхүү галт тэрэг хүмүүсийг цаг хугацаа, орон зайгаар аялуулан, шинэ оршихуйг нээж, сэтгэл мэдрэмжийг нь хөглөдөгт оршино. Тэгвэл үзэгчдэд өөр орон зайг нээхээс гадна, кино бүтээгчид нь орон зайгаа солиход үр дүн нь ямар байх бол? 
Хариултыг нь та “Paris, je t’aime, “New York, I love you” тэргүүтэй антолог киноноос олж болно. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан найруулагчид нэг хотод байрлаж, тэнд өрнөж буй хайр сэтгэлийн явдлыг харуулдаг нь сая сая үзэгчдийн хүртээл болсон билээ. Франц, Япон, Герман, БНСУ-ын уран бүтээлчдийн 2008 оны хамтын бүтээл “Tokyo!” ч энэ төрлийн киноны сайн сонголт байж болох юм. “Орчин үеийн их хотын цуврал үлгэрүүд” хэмээн нэрлэж болмоор уг киноны гурван хэсгийг Францын найруулагч Мишель Гондри,  Лео Каракс, БНСУ-ын Бон Жун-Хо нар тус, тус найруулжээ. Хэдийгээр тэдний даалгавар богино хэмжээний киногоор дамжуулан Токиогийн амьдрал, хотын уур амьсгалыг дүрслэх байв. Гэхдээ орчин үеийн нийгмийн хэт загварчлагдсан байдал, хотын ганцаардмал иргэд тэргүүтнийг гурван найруулагчийн бүтээл харуулна. Угаас хүн аль хот, улсад амьдардгаас үл шалтгаалан мөн чанар нь адилхан биш гэж үү? Магадгүй ийм учраас кино бүр бидний мэдэхгүй шинэ ертөнц, орон зайг нээдэг ч тэнд мэдрэмж, сэтгэл нэгтэй хүмүүс байдаг нь галт тэргэнд суух нэг шалтгаан болдог биз.

Интерьер дизайн

Найруулагч: Мишель Гондри
Гол дүрд: Аяако Фүжитани, Рио Касэ, Аюүми Ито, Нао Охмори, Сатоши Цүмабүки



Залуу хос Токиод суурьшихаар иржээ. Бие биедээ асар хайртай, гэнэн, сахилгагүй бас мөнгөгүй. (Тус киноны гол дүрийн хос Гондригийн “Eternal sunshine of spotless mind, “Science of sleep”-ын гол дүрүүдийг ч санагдуулна.) Ихэнх залуу хос ямар байдаг билээ дээ, яг л тийм. Найз залуу Акира нь этгээд кино хийдэг бөгөөд түүгээрээ амжилт олохыг мөрөөддөг бол найз бүсгүй Хироко нь ном унших, зураг авах дуртай. Харин найз залуу нь тэдгээрийг “Ердөө л хобби” хэмээж, илүү нухацтай зүйл хүч үзэхийг зөвлөдөг нь бүсгүйг гомдоож орхино. Тэд Токиогоор өдөржин хэсэж, ажил, байр хайх бөгөөд бүсгүйн найзын жижигхэн гэрт шахцалдан амьдарна. Удалгүй найруулжгч залуу явж, явж дэлгүүрт бэлэг боогчийн ажил олсон бол бүсгүй хямд түрээстэй байр хайсаар байв. Бүтэлтэй зүйл ганц ч тохиолдоогүй байтал машинаа журамлуулчихдаг нь юу ч билээ дээ.
     Нэгэн шөнө Хирокигийн найз бүсгүйн хайртай залуу жижигхэн байранд ирж хоносноор бүх зүйл орвонгоороо эргэчихэв. Муу санаатай залуу шөнө дунд найз бүсгүйтэйгээ ярилцах далимд Акираг “Биеэ тоосон, хоосон толгоотой найруулагч” хэмээн хэлэхэд эмэгтэй  түүнийг өмөөрч, найзыгаа буруутгана. “Харин ч Акира ажил олсон шүү. Хироко л өдөржин гадуур зугаалж, юу ч хийдэггүй. Дээрээс нь миний сэтгүүлүүдийг хайчлаад ханан дээр эвлүүлээд наачихсаныг нь яана!” Хөөрхий Хироко тэдний харилцан яриаг санаандгүй сонсож, өөрийгөө зүхнэ. Маргааш өглөө нь сэртэл тэр гэрт ганцаар үлдсэн байв. Ханан дээрх коллажийг хуулаад толинд өөрийгөө хартал...

   


   Яг энэ хэсгээс л жинхэнэ түүх эхэлж байгаа юм даа. Бүх зүйл нь тэнгэрийнх мэт үнэтэй хотын амьдрал, муу санаатай хүмүүс гэнэн, бяцхан зүрхийг гэмтээчихжээ. Хироко толинд хартал зүрх нь алга болж, оронд нь мод нэвт гэрэлтэж байв. Айсан Хироко хар хурдаараа Акирагийн ажил руу очиж, нэрийг нь дуудах ч түүнийг сонссонгүй. Түүний бие хөлнөөсөө эхлэн мод болон хувирсаар үд гэхэд Хироко сандал болоод хувирчихжээ. Сандлыг нэгэн хөгжимчин залуу гудамжнаас олж, гэртээ аваачиж тавив. Ингээд Хироко шинэ гэрийн салшгүй хэсэг, хамгийн тухтай сандал боллоо. Тэр одоо бусдын хүссэн шиг хүнд хэрэгтэй “хүн”.
 

 Merde

Найруулагч: Лео Каракс
Гол дүрд: Денис Лавант, Жан Франсуа Балмер, Тошиюүки Катама



Токиогийн газар доорх муу усны нүхэнд нэгэн хүн үүрлэж, өдрийн цагаар гарч ирэн, хүмүүсийг айлгах болов. Хаанаас олсон юм гэмээр ногоон өнгийн хослол байнга өмссөн түүний нэг нүдэнд цагаа унасны дээр хүмүүсийн мөнгө, цэцэг, тамхийг булааж иддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм том “олз”-ыг хэрхэн алдах билээ. Хаа сайгүй түүний тухай цацаж, бичиж, ярьцгаах болов. Мерде (Францаар “ялгадас” гэсэн утгатай үг.) хэмээн нэрлэгдсэн тэр хүний жинхэнэ нэр, гарал үүслийг хэн ч мэдэхгүй. Үүний зэрэгцээ цагдаа нар үймээн таригчийг үргэлжүүлэн хайсаар байсан ч муу усны чухам аль нүхэнд амьдардгийг нь олохгүй байлаа. Гэтэл Мерде газар доороос их хэмжээний тэсрэх бөмбөг олсноо хүмүүс рүү шидчихсэн нь олон аминд хүрч, өөрөө ч баривчлагдав. Гол асуудал нь Мердегийн хэлийг ойлгох хүн алга байлаа. Харь гаригийнх мэт хачин хэлээр ярилцдаг хүн дэлхийд Мердегээс гадна хоёр байсныг нэг нь Францын өмгөөлөгч Мэтр Воланд. Тэр хэл нэгтнээ өмгөөлөхийг зөвшөөрч Токиод ирснээр шүүх хурал болно. Энэ үеэр шүүгч яагаад хүмүүс рүү бөмбөг шидсэнийг асуухад Мерде “Бүх хүний дотроос япончууд хамгийн дургүй хүрмээр нь. Тэд дэндүү удаан амьдардаг” гэж хариулав. Шүүгчид түүнийг буруутгаж, ялын дээд хэмжээ оноох бол Мерде “Миний ээж гэгээнтэн, хамгийн сайхан эмэгтэй байсан. Харин та нар түүнийг хүчиндсэн. Би бол та нарын хүү” хэмээнэ. Үүний дараа ял гүйцэтгэх өдөр Мерде бүх хүний нүдэн дээр агаарт замхрах мэт алга болсноор киноны уг хэсэг өндөрлөнө.

Донсолж буй Токио

Найруулагч: Бон Жун-Хо
Гол дүрд: Юү Аои, Тэрүяаки Кагава, Наото Такэнака, Аюуми Мачида

Японы Засгийн газрын 2010 онд хийсэн судалгаагаар дунджаар 31 насны 700 мянган хүн гэрээсээ үл гаран амьдардаг. Тэдний ихэнх нь өсвөр насны сүүл үе буюу 19-21 наснаасаа эхлэн гэртээ бүгсэн бөгөөд эцэг эхийнх нь мөнгөн дээр амьдрал нь тогтдог. Энэ төрлийн үзэгдлийг (хүмүүсийг) хикикомори хэмээн нэрлэдэг юм. Тэдний хувьд хикикомори болсон л бол үлдсэн амьдралаа бусад бүх хүнээс тусгаарлагдаж, гэртээ ганцаараа өнгөрүүлэх хуультай. Сар бүр эцэг, эхээсээ ирэх мөнгөөр хоол, хэрэглээний зүйлсээ утсаар захиж авчруулна. Түүнчлэн дуудлагын үйлчилгээний ажилтны нүд рүү харах ёсгүй. Хамгийн хөгшин хикикоморинууд 40 орчим настай. Өөрөөр хэлбэл дунджаар 20 жил гэртээ ганцаараа бүхнээс тусгаарлагдан, хаашаа ч гарч, хэнтэй ч уулзалгүй амьдарсан гэсэн үг. Японы Засгийн газрын толгой өвтгөсөн асуудлын нэг нь хикикоморигийн хэрэг буюу “2030 он”. Энэ үед анхны хикикоморинууд 60 нас хүрэхтэй зэрэгцэн эцэг эх нь үгүй болно. Тэднийг хэн тэжээх вэ, нийгэм, эрүүл мэндийн асуудал нь яах вэ? Япон улс үүндээ хариулт олж чадаагүй байхад залуусын дунд хикикомори болох үзэгдэл газар авч, Францад хүртэл халдварлажээ. Харин асуултын тэмдэг улам томорсоор...



Тэгвэл “Токио!” антологийн “Донсолж буй Токио” хэсгийн гол дүр нь 30 эргэм насны хикикомори залуу. Тэрбээр 10 жилийн турш ийн амьдарч буй бөгөөд аавынхаа сар бүр явуулдаг мөнгөөр дуудлагаар хувцсаа цэвэрлүүлж, хоол хүнсээ авна. Тэр бямба гариг бүр пицца захиалж иддэг зуршилтай. Байдаг л нэгэн бямца гаригт тэр уламжлал ёсоор пицца захиалав. Хонх дуугарахтай зэрэгцэн газар хөдлөж, пицца зөөгч бүсгүй тэдний гэрт ухаан алдан унав. Залуу хүний нүдийг эгцэлдэггүй ч энэ тохиолдолд бүсгүйг харахаас өөр арга байсангүй. Дараа нь юу болсныг та лав таасан биз. Залуу дурлачихжээ. “Донсолж буй Токио” бол киноны хамгийн сонирхолтой хэсэг. Тиймээс ч цааш юу болсныг нь уншигч та өөрөө үзвэл илүү амттай байх биз. Юутай ч “Токио!” бүхэлдээ их хотын ганцаардмал иргэд, техник, технологийн дэвшил, хөгжлийн хурдтай урвуу хамааралтай явагдах хүмүүсийн харилцаа холбоог харуулсан бүтээл мэт надад санагдсан. Гаднаа гял цал ч, үнэн чанартаа ширэнгийн хуулиар зохицуулагдах өнөөгийн ертөнцийг аврах ганц л зүйл бий гэдэгт итгэнэм. Тэр бол хаа сайгүй байх, бас хаанаас ч эрээд оломгүй халуун дулаан уур амьсгал, бүлээн зүрх! Гурван найруулагчийн жинхэнэ мессеж энэ байсан ч юм билүү, хэн мэдлээ. Нүдэнд бус зүрхэнд дулаан хүмүүс улам олон болох болтугай! 




 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.