Monday, August 29, 2011

Б.Нандин-Эрдэнэ: ЮУ ХАРАХ НЬ ЧУХАЛ БИШ, АЛЬ ӨНЦГӨӨС ЯАЖ ХАРЖ БУЙД ҮНЭ ЦЭНЭ ОРШДОГ



Зураачдын урлан руу ормогц будагны хурц үнэр хамар цоргидог. Харин Б.НандинЭрдэнийн урлангаас тэрхүү өвөрмөц, содон үнэр анхилдаггүй юм билээ. Учир нь тэрбээр зотон тос бус сонин сэтгүүл, зурагт хуудасны тасархайгаар өөрийгөө, үзэл бодлоо илэрхийлдэг уран бүтээлч.

-Бийр, будаг ихэнх зураачийн гол хэрэгсэл нь. Тэгвэл таны зэвсэг хайч, цавуу, сэтгүүл гурав мөн үү?

-Тэгж ойлгож болно. Сонин сэтгүүлээс хайчилсан хүний нүүр, гар хөл, уруул, шүд гээд биеийн хэсгүүд хаа сайгүй л хөглөрдөг. Тэдгээр нь хэдий хөглөрсөн цаас, хэвлэлийн хуудас мэт үзэгдэвч миний хувьд санаагаа илэрхийлэх хүчтэй зэвсэг болдог юм. Өнөөдрийн эринд мэдээлэл гэдэг асар үнэ цэнэтэй болж, хүмүүс ч шинийг илэрхийлэх нь нэмэгдсэн. Энэ хэрээр мэдээлэл хурдан хуучирдаг болж. Тэрхүү хуучирсан мэдээлэл, сонин сэтгүүлийг ашиглаж, өөрийнхөө урлагийг хийж байна. Миний бодлоор юу харах нь чухал биш, аль өнцгөөс яаж харж буйд үнэ цэнэ оршдог.

-Таны зургуудаас ганц ч эрэгтэй хүн олж харсангүй. Эмэгтэйчүүд, хүүхдүүд таны бүтээлийн гол дүр. Тэр дундаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэй, хараа хяналтгүй хүүхдийг дүрсэлдгийн учир юу вэ?

-Сайхныг ойшоодоггүйдээ ингэдэг юм биш л дээ. Бүтээл туурвих сэдэл төрүүлдэг, үүнийг л хийх ёстой гэж хатгадаг зүйлс нь энэ юм. Үндэсний хүчирхийллийн эсрэг төв болон олон улсын бусад байгууллагатай би хамтран ажиллаж зурагт хуудас, ил захидал хийдэг.

Ингэхдээ хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн баримт, тэмдэглэлтэй танилцаж, бүтээлийн санаагаа олох нь бий. Жишээлбэл, “Тээш”- ний санааг тэндээс авсан. Багласан хувцас, эд зүйлсийг бид тээш гэж ойлгодог. Гэтэл хараа хяналтгүй, гудамжны хүүхдүүд алга болсон тохиолдол маш олон. Хамт байдаг хүүхдүүдээс нь асуухаар “Мэдэхгүй, хамгийн сүүлд тэгэхэд уулзсан. Урагшаа явсан гэсэн” гэх хариулт өгдөг. Тэр хүүхдүүд хаачив? Хүний наймаа, гэмт хэргийн золиос болсон тэд ачаа бараа, тээш мэт болжээ гэсэн санаа. Түүнчлэн эцэг эхтэй, гэр оронтой ч хайр халамж, халуун дулаан уур амьсгал мэдрэлгүй өсөж буй олон хүүхэд байна. Аав нь, ээж нь, эсвэл хоёулаа байр, машины мөнгө олохын тулд гадаад руу ажиллахаар явдаг.

“Аав ээж нь ирээд их мөнгөтэй болж, тийм ийм сайхан юмтай болно” гэж хүүхдэдээ хэлнэ. Сайхан амьдралын төлөө тэмүүлсэн тэднийг би буруутгаагүй ээ. Гэвч энэ хооронд хүүхдийн хувьд бүхэл бүтэн орон зай эзгүйрэн хоосорч, аль ч хэлбэрийн хүчирхийлэлд өрт өх эрсдэлд байдгийг бид сөхдөггүй. Гэхдээ хүүхдийн хувьд аав, ээж, элэг бүтэн гэр бүл, халамж, хайр энхрийлэл нэгдүгээрт байх ёстой.

Хэдэн жилийн дараа аав ээж нь ирэхэд хүүхэд нь том болчихсон, удаан хамт байгаагүй болохоор хүйтэн хөндий харилцаа үүсдэг. Нийгмийн бодит энгийн амьдрал дахь эмзэглэл төрөхүйц эргэцүүлж бодмоор зүйлийг илэрхийлж байгаа маань энэ. Сэтгүүлчид үзгээрээ зэвсэглэн, үгээр дамжуулан нийгэмд хандаж тэмцдэг бол би өөр нэг хэлбэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, урлагаар дамжуулан нийгэмд хүргэхийг зорьдог.

-Хүүхдийг цагаан цаастай зүйрлэдэг. Та хүүхдүүдэд зургийн хичээл заахдаа тэдэнд юу өгч, тэднээс юу авдаг бол?


-Би “Ханамж” урланд зургийн хичээл заадаг. Заадаг гэдгээс илүүтэй чиглүүлдэг гэсэн нь дээр байх.

Төрөлхийн авьяастай хүүхдүүд ч байна. Мэдээж тэд бүгдээрээ зураач болохгүй. Эмч, хуульч, эдийн засагч, жолооч хэн ч болох байлаа аливаад мэдрэмжтэй, үнэн сэтгэлээсээ ханддаг болох нь чухал гэж би боддог. Тэрнээс биш эцэг эх, багшдаа үзүүлэх гэж гоё зурах шаардлагагүй. Хэнээс ч санаа зоволгүйгээр бодсон, мэдэрсэн бүхнээ цаасан дээр буулгаж, будагтайгаа холилдоод, урлагийн орчинд байгаа нь хамгийн чухал нь.

Тэндээс хүүхэд урлагийн мэдрэмжтэй болж төлөвшинө, сэтгэлээ чагнаж, өөрийгөө сонсож сурна. Тэдний ертөнцөд хамт байж, ажиглаж суух нь надад гэгээн, нандин мэдрэмж төрүүлдэг. Миний охин одоо долоон настай. Ээжийнх нь орчин нөлөөлсөн үү, багаасаа л энд тэндгүй зурчихдаг байсан юм. Ханан дээр зурдаг байхад нь хориглож, цаас өгдөг ч тэрийг хүлээж авахгүй.

Би ханан дээр зурж болохгүй гэж мянган удаа хэлсэн ч хүлээж авах нас нь болоогүй болохоор үглэхээ байсан. Өндрийн хэмжээндээ зурдаг байснаа зайгүй болж, хэвтээд зурдаг болсон. Сүүлдээ охин маань сандал дээр гарч зурдаг боллоо. Гоё зураад л урлагийн бүтээл туурвиж байгаа эсэх нь хамаагүй хүүхэд өөрийнхөөрөө байж, эрх чөлөөг мэдэрч байгаа нь чухал гэж би үздэг дээ.

-Гоо сайхны мэс засал таны бүтээлийн бас нэг гол сэдэв. Сайхан харагдах, төгс төгөлдөр рүү тэмүүлдэг нь хүн бүхний хүсэл юм биш үү, буруутгах хэрэг байна уу?

-Өнөө цагт гялгар сэтгүүл дээрх европ хүүхнүүдийг харж, гоо сайхны дээд мэдрэмжийг тэднээр төсөөлөх нь их болсон. Гэтэл бид ази хүмүүс. Төрөлхийн намхан хамартай, хол нүдтэй хүмүүс шүү дээ. Түүн дээр эцэг эхчүүд багаас нь хүүхдээ дардаг “Манай энэ юм, шарлайсан, онийчихоод” гээд л ярьдаг шүү дээ. Ингэж хэлж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд их дарамт учруулдаг юм байна л даа.

Үүнээс болж хүн рүү эгцэлж харж чаддаггүй, амаа дарж инээдэг ч юм уу янз бүрийн хэлбэрээр ичиж байгаагаа илэрхийлдэг.

Тэгээд л сэтгүүл дээрх хүмүүсийн хуулбар болох гэж үзнэ. Хэрвээ тухайн хүний шинэ дүр төрх өөрт нь таалагдаж, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун болсон бол тэгээд л болоо шүү дээ. Харин миний гол санаа бол хувь хүн дахин давтагдашгүй гэдгээ мэдрээсэй гэдэгт оршдог.

Үүнтэй холбоотой нэг жишээ санаанд орлоо. Монголд байдаг гадаадын нэг сургууль сурагчдад хувь хүн бол онцгой гэдгийг нь мэдрүүлэх хичээл ордог гэнэ. Чамтай яг адилхан хүн энэ дэлхийн хаана ч байхгүй, чи бусдаас өөр, хурууны хээ чинь ахиж хэзээ ч давтагдахгүй гээд л тав, зургаан настайгаас нь заадаг юм байна. Үүнийг багаас нь мэдүүлнэ гэдэг өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй хүн төлөвшихийн үндэс биш гэж үү.

-Хүн харахыг хүссэнээ л хардаг. Хүсэхгүй бол нүүр буруулна. Тэгэхээр таны зургууд нийгмийн хурц, эмзэг асуудлыг хөндсөн байдаг тул борлуулалт багатай байх даа?

-Ер нь харж байхад нийгмийн олонх байгалийн гоо сайхан, уул усны зурагт дуртай байдаг. Миний бүтээлийг хүлээж авсангүй, ойлгосонгүй гэж би хэнийг ч хэлэхгүй. Гадаадын урлаг судлаач, цуглуулагч нар голдуу бүтээлээс маань худалдан авдаг юм.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчдийн ихэнх нь контемпорари чиглэлийг сонгох болж. Та ч тэдний нэг. Зарим хүн контемпорари зураачдыг хэний ч хийж чадах зүйлийг урлаг болгож, хэт хялбарчилдаг хэмээн шүүмжилдэг.

-Манай залуучууд контемпорари бүтээл туурвиж байгаа нь зайлшгүй зүйл. Бид өнөөдөр өмнөх үетэйгээ харьцуулахад тэс ондоо зүйл үзэж, сонсож, хардаг болж. Үүнийг дагаад урлаг ч өөрчлөгдсөн. Баримал гэхэд хатуу, хөдөлгөөнгүй бүтээл байсан

. Тэгвэл одоо зөөлөн, хөдөлдөг, явдаг, бүр сонсдог баримлыг бүтээдэг болж. Зарим нэг хүн “Өө иймхэн юм, бараг хогоор хийсэн байна шүү дээ. Хэн ч хийчихнэ” гэж ярьдаг. Тэгвэл хэн ч хаанаас ч олж болох материалаар өмнө нь ямар ч хүний толгойд орж ирээгүй тэр санаа, мэдрэмж, үзэл бодлыг гаргаж байна гэдэг нь хамгийн үнэ цэнэтэй. Өчүүхэн жижиг зүйлээр агуу том санааг хэлж болдог.

-Тэгвэл таны сэтгэлд тод үлдсэн тийм бүтээл юу байна вэ?

-Зураач Ж.Мөнхцэцэгийн нэгэн эх хүүхэдтэйгээ сандал дээр сууж буйг дүрсэлж, торго, даавуу, зөөлөн эдлэлээр зүйж хийсэн SOS нэртэй зөөлөн баримал бий. Эх үр хоёулаа утааны баг зүүсэн байх бөгөөд баримлын дэргэдэх чихэвчийг зүүхэд тэдний амьсгалын чимээ сонсогддог юм. Уламжлалт зургийн аргаар нийгмээ илэрхийлж болдгийг харуулж буй залуу зураачдын бүтээл ч таалагддаг. Бусад уран бүтээлчийг ч харж, таашааж, урам авч, мөн өгдөг байх хэрэгтэй.

-Өнөөдрийн Нандиаг юу бүтээсэн бэ?

-Цаг хугацаа гэж бодож байна. Тав, эсвэл 10 жилийн өмнөх Нандиа өөр өөр хүн байсан. Цаг урагшлахын хэрээр шинэ юм сурч мэдэж, аливаа зүйлийг харж буй өнцөг нэмэгдэхэд би аажмаар өөрчлөгдөж байдаг. Тэдгээр өөрчлөлт сайн тийшээгээ чиглэлтэй болов уу. Гэхдээ хүн яаж ч өөрчлөгдлөө гэсэн ерөнхий нуруу нь багад нь тавигддаг шүү дээ. Үнэнийг хэлэхэд би багадаа зураач болох тухай огт бодож байгаагүй.

Тэгсэн хэрнээ л сонин сэтгүүлийн тасархай, элдэв зурагт хуудас олохоороо энд тэндээс нь хайчилж, өөр өөр зүйлстэй эвлүүлчихдэг байсан юм. Ангиараа авахуулсан зургаас бүтэн юм үлдээг үй гэж хэлж болно. Хүүхдүүдийн толгойг хайчилж бие биетэй нь холбоод наачихна, эсвэл хочинд нь тохируулаад зурчихдаг байж билээ. Би 2003 онд ДУДСийн чимэглэх уран зургийн анги төгссөн юм.

Манай сургууль академик арга барилтай. Би тэнд сайн зурахыг л сурна. Гэтэл уран бүтээлч болоход энэ нь хангалтгүй. Сургууль төгссөнөөсөө хойш өөрийгөө зураач гэж үнэлэх болсон үе их хожуу шүү. Янз бүрийн зураг зурсан. Тэр бүрийд миний бүтээл надад таалагдахгүй байх явдал олонтаа.

Тэгвэл Ж.Мөнхцэцэг зураачийн урланд 2007-2009 онд ажиллаж, дэргэд байсан нь өнөөдрийн Нандиа бий болоход их нөлөөлсөн. Уран бүтээлээрээ дамжуулж өөрийгөө яаж илэрхийлэх, үзэл бодлоо хэрхэн тусгах вэ зэрэг их сургуульд заадаггүй зүйлсийг сурсан тэр цаг хугацаа миний хувьд асар үнэ цэнэтэй.

-Таны дотор байдаг хүүхдэд та одоо болтол үнэнч байж чаддаг уу?

-Энэ асуултыг өөрийнхөө мөн чанарт хэр үнэнч вэ гэж ойлгож байна. Би багадаа их дотогшоо хүүхэд байсан. Тийм ч зоригтой нэгэн биш байлаа. Одоо ч ерөнхийдөө тийм шинжтэй. Ганцаараа байхыг илүүд үздэг. Гэхдээ бусадтай байхдаа эв эеэ олоод л байдаг юм.

-Одоо бол хэлэх гэснээ бүтээлээрээ үзүүлдэг болсон уу?

-Тийм шүү. Бодсоноо дотроо хадгалаад л нуугаад байх нь зөв биш. Эсвэл ийм тийм байна гээд үргэлж ярих нь ч надад тохирохгүй. Тэгэхээр эдгээр бүтээл бол миний үг юм.


0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.