Tuesday, March 20, 2012
...Нандин...
...Цус минь хөөрөх нь хаврын зөн үү
Эсвэл бүсгүй хүний хайр уу...
Ф.Тютчев
Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт. Суу билэгт бүтээлүүдийн эх дүр нь яах аргагүй тэр. Тэр-эмэгтэй хүн. Загвар өмсөгчийнх шиг бие, шулуун хамар, дэрвэгэр сормуус эсвэл зөөлөн сэтгэл, адтай аашийг энэ удаа орхие. Биеийн харьцаа, царай төрхөөс үл хамааран эмэгтэй хүн бүрийн дотор нууцлаг хүч бий. Хажууд байгаа мэт мэдрэгддэг ч хүршгүй холын холд оршдог ч юм шиг. Эмэгтэй хүний сэтгэлийн гүн дэх тэр хүчийг харуулсан “Нандин” үзэсгэлэн өнгөрсөн даваа гаригт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Зураач О.Үржинханд, Л.Хонгорзул нарын хамтран гаргаж буй уг үзэсгэлэнд 40 гаруй бүтээл дэлгэжээ.
“Нандин” тэдний анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд тусгах сэдэв, өгүүлэмжийн хувьд төстэй учраас ийн нэгджээ. Зураачид Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг 2002, 2003 онд төгссөн юм.
Л.Хонгорзулын бүтээлүүддээ урт, шаргал үст нэгэн бүсгүйг байнга дүрсэлдэг. Харцаа нуусан тэр бүсгүйн зураг бүрээс ялдам, энхрий төрх, бардам зан мэдрэгддэг. “Бүтээл дэх бүсгүйчүүд харцаа доош хандуулсан нь ямар нэг зүйлийг бодож, эргэцүүлж байгааг илтгэж буй. Миний ихэнх бүтээл хөнгөн санагдаж магадгүй. Гэхдээ анхаарч ажиглавал эмэгтэй хүний дотоод сэтгэл, үргэлж сайн сайханд тэмүүлэх чанарыг үзэгчид мэдрэх болов уу. Үүнээс гадна би амьдралын хар бараан тал, муу муухайг дүрслэхээс зайлсхийдэг. Бусармаг, бохир, шудрага бус зүйлстэй бид алхам тутам таарч байна. Гэтэл тэрийг дахин давтах хэрэг байгаа гэж үү” хэмээн Л.Хонгорзул ярьсан юм. Түүний “Загас” бүтээлийг үзэгчид хамгийн ихээр таашааж байсан нь анзаарагдсан. Томоос том шилэн хоргонд ганцаар амьдрагч загас-эмэгтэй. Энэ зургийн загас зохиолч Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн гол баатартай тун төстэй санагдсан. Завгүй эзэгтэй нэг л өдөр загас болоод хувирчихсан сэрэх бөгөөд нөхөр, хүүхдүүдээ зөвхөн аквариум дотроос харж, ажигладаг болно. Аквариум дотроос тэр олон зүйлийг шинээр нээж, мөн цөөнгүй зүйлийг мэдэхгүй өнгөрдөг. Тэгвэл “Загас”-ны тухай зураач Л.Хонгорзул “Миний амьдралд тохиолдсон үйл явлаас сэдэвлэн энэ зургийг зурсан. Би нэг хэсэг тасалгаанд тавиад мартчихсан аквариум дахь загас шиг болчихсон мэтээр өөрийгөө мэдэрч байсан юм. Эзэн нь өдөрт нэг удаа ирж хооллочихоод л загасаа орхиод явчихдаг. Тэр зурвас үеийг дурсамжиндаа хадгалан үлдсэн нь энэ зураг” хэмээн тайлбарлав.
Түүнтэй хамтран үзэсгэлэн гаргаж буй зураач О.Үржинхандын бүтээлүүдийг ерөнхийд нь сонголт гэж нэрлэж болмоор. Миниатур зургийн аргаар бүтээсэн түүний зургийн дийлэнхийг эмэгтэйчүүд болон тэдний эргэн тойрны хүмүүс, өдөр тутмын амьдралын сэдэв эзэлдэг. Тухайлбал, “Миний гарт” бүтээлийн голд түлхүүрнүүд барьсан бүсгүй зогсоно. Түүний ард олон жижиг хаалга байна. Хаалга бүрийн ард бүсгүйтэй холбоотой үйл явдал, дүр зураг, амьдрал оршино. Нэг хаалганы ард нүцгэн эрэгтэй, нөгөөгийн цаана хэн нэгнийг орхин одох эмэгтэй, хөрш хаалганд нялх хүүхэд, хажууханд нь эргэлзээг илэрхийлэх мэт дүрснүүд бий. Аль хаалгыг сонгож, түлхүүрээ тааруулах нь бүсгүйн сонголт. Тэгвэл “Илүү харж билүү долоогч” хэмээх зурагт тоо томшгүй олон дээлээр хүрээлүүлсэн залуу зогсох аж. Өнгө алагласан, нүд булаам хээтэй дээлнүүд дунд тэр эрэгтэй төөрсөн ч юм шиг. Зарим дээлэн дээр жижиг дээл давхарлан зуурсан нь хүүхэдтэйгээ үлдэж буй эмэгтэйг илэрхийлж буй хэрэг. Энэ мэтчилэн О.Үржинхандын зурган доторх зургуудыг хэдэн янзаар уншиж болох юм. Зураач Л.Хонгорзул эмэгтэй хүний хөлөөр дүрслэх нь элбэг бол О.Үржинхандын гол бэлгэдэл уруул, нүд. Тэдгээр хөл таныг хаашаа хүргэж, уруулнууд юу хүүрнэхийг сонсохыг хүсвэл Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг зориорой. “Нандин” энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.
1 comments:
ih goy uran yaruu durseljee mundag shuu tilovalo!
Post a Comment