Thursday, September 22, 2011

2011.9.22





Дурсамжийн утас хөвөрдсөн үдэш
Б.Эгшиг


“River sounds” клубын танхим анир чимээгүй. Тоглолт эхлэх цаг дөхсөн хэдий ч бичигдээгүй хуулийн дагуу дор хаяж цагийн дараа үзэгчид цугларах биз. Тайзны ард очвол “Нисванис”, “Fire” “Булсара”, “A sound”, “Lemons”-ынхон ирчихэж. Саравчтай малгайтай нэгэн эрхмийг тэд тойрон сууцгаах бөгөөд мэндчилгээний үгс сонсогдоно. Энэ оройн “гол дүр” болох өнөөх эрхэм инээмсэглэн, толгой дохин суух аж. Нүдээрээ инээвхийлэн суухыг нь харахад тайван, дөлгөөн хүн болов уу гэмээр. “Тэр угийн инээмтгий хүн. Уурламаар асуулт асууж, бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг янзыг нь үзээд байхад л нүүрнээс нь инээмсэглэл огт арилаагүй гээд бод доо. Жаахан үрчлээ сууж, бага зэрэг сүүмийснийг эс тооцвол нүд нь цоо ширтдэг хэвээрээ. Харин дуу хоолой нь огт өөрчлөгдөөгүй. Сэтгэлд эгшиглэдэг ая нь яруухнаараа. Богинохон дурсамж залуу… Тэр үнэхээр дуу шигээ гоё хүн юм” хэмээн сэтгүүлч Т.Нипоний бичсэн түүнийг яг оноод хэлчихсэн мэт.
Тэрхүү нууцлаг эрхэм бол Ч.Оюунсайхан буюу “Madness”-ын Сайханаа. Хэдэн жил чимээгүй байсны эцэст тэрбээр бие даасан анхны цомгоо гаргажээ. Уг цомгийн баяр өнгөрсөн лхагва гаригт болсон нь энэ юм. “Хамтлагийнхаа анхны цомгийг хийж байхтай зэрэгцээд бие даасан бүтээл туурвих санаа төрсөн. Өнгөрсөн жил гэхэд цомгийн дуунууд бэлэн болсон юм. Цомгийн баяраа сонсогч, найзуудынхаа хүрээнд цомхон тэмдэглэхээр энэхүү тоглолтыг хийж байна” хэмээн Сайханаа ярьсан юм.
Танхим дүүрчихэж. Сайханаа эхлээд цомгийн шинэ дуунаасаа дууллаа. Яг л өмнөх уран бүтээлүүд шиг нь зүрх рүү урсан орох мэт зөөлөн хэмнэлтэй, яруу дуунууд. “Нисванис”-ийн Амгаа “Madness” болон Сайханааг “Монголын рок хөгжмийн эцгүүдийн нэг” хэмээн тодорхойлсон. Гэсэн ч шинэ цомгоос рок хөгжим үнэртсэнгүй. Аав ээж, нутаг ус хийгээд хайрын тухай дуунууд нь поп хөгжимтэй ойролцоо сонсогдсон. Үзэгчид ч шинэ дуу сонсохоос илүүтэй хуучны бүтээл сонсохыг хүссэн нь илт. Яг энэ мөчид
...Чи намайг орхиод гарлаа
Өрөөнд сэрүү татлаа
Хайрт минь явбал яв даа
Цонхон дээр ялаа суулаа
Цонхны цаана бороо шаагилаа
Чи минь даарвал яана даа.... хэмээн эгшиглэхтэй зэрэгцэн уг дууны гунигт хайрын түүх мэт клип нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг болов. “Нэг өдөр”... Хуучин хэрнээ хуучраагүй дуу. Үүний дараа Сайханаа өөрт нь цэцэг өгсөн бүсгүйд зориулан “Дурсамж бүсгүй”-г дууллаа.
...Болорхон жүнзийг харшуулах
Хайраар дүүрэн чиний хурим
Согтох эрхгүй миний сэтгэл
Солиорсон дурлал унтарсан... Тийм гэхийн аргагүй уянгалаг хөгжим, яруу үгс. Үзэгчид бүгд түүнийг даган дуулна. Гэсэн ч тайзны урд очих зоригтон тийм ч олон биш. Дуучин, хөгжимчдийн өмнө очиж, хүссэнээрээ орилж, бүжиглэхийг дотроо битүүхэн хүссэн ч үл үзэгдэх хүлээсэнд баригдан суух үзэгчид. Амьд хөгжмийн тоглолтын үзэгчид бусад төрлийн тоглолтынхыг бодвол илүү чөлөөтэй, галзуу байдаг. Гэхдээ “Madness”-ын ихэнх фэн 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үеийн залуус. Тиймдээ ч өдгөө намба сууж, төдийлэн “галзуурсангүй”. Ямартаа ч тэдний нэгэн үеийн дурсамж “Madness”-ын дуунуудад шингэсэн.
Дараа нь “Хотын гудамж”, “Шүтээн”, “Захидал” цаг хугацааны машин болон хувирч, өнгөрсөн рүү аялуулав. Энэ үдшийн хамгийн сайхан дууны нэг “Зочин” байлаа. Тус хамтлагийн хуучин гишүүн Ганг, Гэрэлээ нарыг
...Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явъя, чиний ээлж ирлээ гэлээ... хэмээн дуулж эхлэхэд зарим үзэгч сууж тэссэнгүй, тайз тийш очицгоов. Тоглолтын үеэр гавьяат жүжигчин Б.Сарантуяа хүрэлцэн ирж, Ч.Оюунсайханд “Аргагүй монгол аялгуу” цомгоо дурсгаж, “Нисванис”, “Fire” “Булсара”, “A sound”, “Lemons” нар өөрсдийн дуугаар бэлэг барьсан.
Энэ орой “Madness”-ын үнэнч сонсогчид, уран бүтээлийн нөхөд нь цугларсан нь тоглолтын дулаан, дотно уур амьсгалтай болоход нөлөөлсөн юм. Хэдийгээр “River sounds” жижиг клуб ч дуугаралт сайтайн дээр тохилог. 2002 онд гэхэд “Boney-M” уг клубт тоглосон. Түүнчлэн “Madness”-ын түүх ч тус клубтэй салшгүй холбоотой учраас Сайханаа анхны тоглолтоо тэнд хийж байгаа гэнэ. Тэдний анхны бэлтгэл, анхны дуу, анхны тоглолт тэнд болсон. Тэгвэл хамтлагийн ахлагчийн анхны цомгийн баяр ч “River sounds”-тай холбогдлоо. Тус хамтлагийнхан ойрын хоёр, гурван жилдээ дахин тоглохгүй гэсэн. Үнэнч сонсогчдыг нь гонсойлгосон энэ мэдээ үзэгчдийг хаалга тийш огт яаруулсангүй. Тоглолт хэдийнэ дууссан ч тэд юунд ч юм хоргодон суусаар. Намуухан яриа, өсгөгчөөр явах “Зочин”дуу.
...Намарт би учраа хэллээ
Цаг нь болсоныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа ч дуусгаж чадсангүй...





Гудамжнаас галерей руу
Б.Тиловало


Гудамж, байшингийн хана, хашаан дээр “эсэргүүний үзэл” үнэртүүлсэн зүйлс зурж, бичдэг залуусыг ихэнх хүн “хулигаан” хэмээн нэрлэдэг байв. Зарим нь тэднийг вандалист гэх нь ч бий. Тэдгээр “вандалистууд”-ын давалгаа 1960-аад оны үеэс Америк, Их Британид түрсэн юм. Тухайн үед бий болсон хип хоп хөгжимтэй зэрэгцэн гудамжны урлаг гэгдэх граффити арт ч хөгжиж эхлэв. Нийгмийн муу муухай бүхнийг арчаагүй иргэдтэй нь илчлэн харуулсан тэдгээр зургаа залуус олон нийтийн газар зурдаг байсан нь одоо ч хэвээр. Зураг зурах цаас, даавуу олдоогүйдээ бус өөрсдийн үзэл бодол, үгийг бусдад хүргэх гэсэндээ тэд ийн албан газруудын ханан дээр эрээчдэг байсан хэрэг. Аажмаар нийгэм ч граффитийг хүлээн зөвшөөрч, урлагийн нэгэн төрөлд тооцох болсон юм. Монголд 2000 оны үеэс энэхүү урлаг мөн л хана, хашаан дээр хөгжиж эхэлсэн. Тэр дундаа Нарны замын дагуух бетонон хашаанууд Монголын граффит урлагийн бүтээлээр дүүрэн. Магадгүй олон эхлэн сонирхогчид тэнд дадлагаа хийсэн биз. Тэгвэл өдгөө энэ төрлийн уран бүтээлчид нэгдэн бүлэг, хамтлаг байгуулахын зэрэгцээ бие даасан үзэсгэлэн гаргах болсны түүчээ нь Б.Анхбаярын “...Өдрүүд...” үзэсгэлэн. “Занаду” арт галерейд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд урбан арт чиглэлийн 50 орчим бүтээл буй. Зураач Б.Анхбаяр Польшийн Варшав хотод дунд сургууль төгсөж, 2009 онд ДУДС-ийг дүүргэжээ. Түүний бүтээлүүдийн гол дүр нь хүүхэлдэйн баатрууд, хөгжилтэй амьтдын дүрс. Гэвч сайн ажиглавал нэг нүдгүй туулай, хөрөө барьсан панда, нүдээ боосон бамбарууш үзэгдэнэ. Ирээдүйд үл итгэсэн байдал, бохир бүхэнд хутгалдсан нийгэм, үнэт зүйлээ алдсан хүмүүсийг тэдгээр амьтан төлөөлж буй мэт.
Тэрбээр “Composition”-доо дайны байдлыг дүрслэн үзүүлжээ. Хэдийгээр орчин үед ихэнх улс энх тайвныг эрхэмлэн, дайныг таслан зогсоосон ч жинхэнэ дайн яг энэ мөчөөс эхэлж буйг уг зураг харуулах мэт. Аврал эрсэн хүмүүс, дээрэнгүй удирдагчид, онгоцны нүргээн энэхүү зургаас мэдрэгдэнэ. Даяаршил хэмээх сайхан нэрийн дор хүчтэй нь хүчгүйгээ эзлэн түрэмгийлсэн оюун санааны дайныг “Composition”-оос мэдэрч болно. Мөн түүний олон бүтээлдээ дүрсэлсэн роботууд орчин үеийн хүний ганцаардлыг илэрхийлж буй. Нэг л үйлдлээ давтан давтан хийх тойрогт орсон, тэндээс гарахыг хүсдэг ч өөрөөр байх аргагүй болсон хүмүүс. Яг л програмчлагдсан роботнууд шиг. Гэхдээ түүний бүтээл бүхэн ийм гутранги биш л дээ. Хахир хүйтэн, саарал ертөнцийг ч нурааж чадах эх хүний сэтгэлийг харуулсан “Marie”, хүүхдийг цэцэгтэй зүйрлэсэн “Kid”, гэгээн мөрөөдлийн тухай зургууд ч энэхүү үзэсгэлэнд бий.
Урлаг зөвхөн үнэнийг харуулж, сайн сайхныг магтан дуулах ёстой гэх ойлголт хэдийнэ үеэ өнгөрөөсөн. Тухайн уран бүтээлчийн дотоод ертөнцөд бусад хүн, юмс үзэгдэл хэрхэн тусаж, ямар мэдрэмж төрүүлж байгаа нь л чухал гэх. Хэрвээ тийм бол Б.Анхбаярын ертөнцөд туссан өнөөгийн нийгэм, хүмүүсийн дүр төрх хүүхэлдэйн киноны баатруудаар дамжин хэрхэн илэрснийг “...Өдрүүд...”-ээс тольдоорой. Түүнчлэн Монголд эрчимтэй хөгжиж эхэлж буй урбан, граффити артын анхдагч үзэсгэлэн гэдэг нь “Занаду” руу очих нэг шалтгаан юм.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.