Wednesday, November 30, 2011

Эмэгтэй хүн, гал улаан өнгө, камер


Үзэгдэл 1. Үзэсгэлэнт бүсгүйн хуримын өдрийн өглөө. Тариачин эрчүүд шинэ бэрийг суулгасан улаан сүйхийг дамнан тутраганы талбайгаар явна. Тутрагаар архи нэрэгч, баян нөхөр рүүгээ очиж буй бүсгүй улаан хувцас өмссөн байх бөгөөд нүдэнд нь нулимс мэлтэлзэх нь сүйхийн хөшигний завсраар харагдана.
Үзэгдэл 2. 1920-иод оны үе. Баян ноёны өргөөний олон хаалганы нэгэн дээр улаан дэнлүүнүүд асаажээ. Шинэ эхнэрийн хөлийг зарц товшуураар тогших чимээ нэгэн жигд сонсогдоно. Сэгсгэр үстэй, хувцсаа хайш яйш өмссөн бүсгүй хаалганы гадна холхино. Шинэ эхнэр: “Тэр хэн бэ” Зарц: “Ноёны дөрөвдүгээр эхнэр байсан юм. Галзуурчихсан даа, хөөрхий”.
Атаа жөтөө, хүсэл шунал, ганцаардал гуниглалаар дүүрэн тансаг өргөө.
Үзэгдэл 3. Эрчлэн давхих морин тэрэгний араас бүсгүй амьсгаадан гүйнэ. Гэсэн ч бүсгүй тамирдан унаж, морин тэрэг зүрх сэтгэлийг нь аваад явчихлаа. Тэр унахдаа залууд зориулан өдөржин хийсэн баншаа асгаж, түүнд хоол хийн өгдөг байсан аягаа хагалчихаж. Намрын ой, тал наранд шаргалтахын завсар улаан хувцастай бүсгүй уйлж сууна. Тэр эргэж ирэх болов уу?


Жан Имоуг дэлхий дахин Хятадын хамгийн алдартай кино найруулагч гэдгээр нь мэднэ. Тэрбээр “Улаан дэнлүүг асаа”, “Гэртээ харих зам”, “Баатар”, “Долоогоны модон дор”, “Алтан цэцгийн хараал”-аараа алдаршиж, артхаус кино box office-ыг тэргүүлж болдгийг харуулсан. Жан Имоу Берлин, Венец, Канны кино наадмын шилдгээр хэд хэдэн удаа шалгарсан юм. Түүнчлэн 2008 оны Бээжингийн зуны олимпийн нээлт, хаалтыг найруулсан гавьяатай. Анхны кино “Улаан тутрага”-аараа өөрийгөө кино ертөнцөд тунхаглаж, хямсгар судлаач, шүүмжлэгчид түүнийг магтаалаар булж байлаа. Энэ бүхэн Жан Имоугийн хэр сайн найруулагч болохыг батлах биз. Гэвч юуны өмнө түүнийг кино найруулагч гэдгээс илүүтэй эмэгтэй хүн судлаач гэвэл онох мэт. Учир нь тэрбээр эмэгтэй хүний дотоод сэтгэлээр дамжуулан тухайн цаг үе, нийгмийн амьдралыг алган дээр дэлгэх мэт тод харуулдаг. “Улаан тутрага”-ын Жиу Эр, “Жү Доу”-гийн гол дүр, “Гэртээ харих зам”-ын Жао Ди, “Долоогоны модон дор”-ын Жин Шү хайрынхаа төлөө юуг ч хийж чадахын зэрэгцээ хүнд, хэцүү амьдралын өмнө огт бууж өгөөгүй хүчирхэг бүсгүйчүүд билээ. Хятадын төдийгүй дэлхийн кино ертөнцөд шагшигдсан Гонг Ли, Жан Зыг ч Жан Имоу анх нээсэн юм.
Түүнийг мэндэлсэн жил буюу 1951 онд Хятадын иргэний дайн дөнгөж дуусаад байлаа. Жан Имоугийн аав нь Чан Кайшигийн армийн офицер байсан бөгөөд авга ах, том ах нь ялагдлынхаа дараа Тайвань руу дүрвэжээ. Үүнээс шалтгаалан хүүхэд нас нь хүнд нөхцөлд өнгөрсөн бөгөөд Соёлын хувьсгалын үеэр Жан Имоуг сургуулиас хүчээр гаргаж, хөдөө ажил хийлгэхээр цөлсөн байна. Хэдийгээр түүнд үзэх, харах зүйл ховор байсан ч багаасаа урлагт, тэр дундаа гэрэл зураг, уран зурагт татагддаг байв. Тэр 18 настайдаа таван сарын турш цусаа хандивлаж, мөнгө цуглуулснаар анхны камераа худалдан авч байсан гэдэг. Ихэнх хүн 27 настайдаа ирээдүйн зорилготой болж, ямар ажил хийхээ төлөвлөчихсөн, зарим нь амжилтад хэдийнэ хүрсэн байдаг. Тэгвэл Жан Имоу энэ насандаа анх их сургуулийн босго алхсан ч ирээдүйд хэн болохоо мэдэхгүй байсан тухайгаа нэгэн ярилцлагтаа дурссан нь бий.
Бээжингийн кино урлагийг 1982 онд төгсөгчид кино ертөнцийн түүхэнд Хятадын киноны тавдугаар үеийнхэн нэрээр үлдсэн бөгөөд тэднийг Жан Имоу тэргүүлдэг. Хятадын уламжлалт амьдрал, соёлыг харуулсан ч социалист реализмыг үгүйсгэсэн байдаг нь энэ үеийнхний онцлог. Тиймээс ч Засгийн газрынхаа зүгээс дарамт, хавчлагад их өртдөг аж.

“Зовлонд өртсөн хүмүүс миний баатрууд”
Найруулагч Жан Имоугийн “Time” сэтгүүл, “CNN” телевизэд өгсөн ярилцлагаас хүргье.

-Таны кинонууд коммунизмыг шууд биш ч шүүмжилсэн шинжтэй байдаг. Хятадын эрх баригчдын дарангуйлал дор тийм утга агуулгатай кино бүтээх мэдээж амаргүй биз. Эх орондоо амьдарч, бүтээлээ туурвихын тулд тэдэнтэй та яаж зохицдог вэ?
-Хятадын бусад найруулагчийн адил би хаана хүрээд зогсохоо мэддэг. Тэгээд ч миний кинонууд тэднийг хэт хурц, гүн гүнзгий шүүмжилдэггүйг шүүмжлэгчид хэлдэг шүү дээ. Тэдэнтэй яаж зохицох хэрэгтэй вэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь зохицох ёстой гэхээс өөр сонголт бидэнт байхгүй. Энэ бол бодит байдал. Уг нь бид бүтээлдээ дүрсэлдгээс илүүг хэлж, үзүүлж чадна. Ирээдүйд манай орны уран бүтээлчдэд хүссэн бүхнээ хэнээс ч айлгүй илэрхийлэх эрх чөлөө олдох биз. Одоогоор улс төрийн том далбаан дор хүмүүс их далайд хөвөх ганц навч мэт байна. Тэдэнд хувь заяагаа гартаа атгах боломж байтугай ямар ч сонголт алга. Намайг зарим хүн улс төрийн кино хийдэг гэдэгтэй би санал нийлдэггүй. Хүмүүсийн хувь тавилан, амьдрал, үзэл бодол, сэтгэл хөдлөлийг харуулах нь надад чухал. Соёлын хувьсгал, коммунист намын дарангуйлал Хятадын түүхэнд гүн ул мөр үлдээсэн учраас яах аргагүй киноны дэвсгэр болж байгаа юм.
-Аав, ах нар тань иргэний дайнд коммунист намын эсрэг талд тулалдсан. Гэр бүлийн энэ орчин танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хятадын засгийн газраас гаргасан “Таван хар” хэмээх ангилалд манайх багтдаг байлаа. Газрын эзэн, баян фермер, барууныг дэмжигч, муу нөлөө үзүүлэгч, хувьсгалын эсрэг тэмцэгчид энэ ангилалд багтаж, засгий газрын хатуу хяналт дор амьдардаг байв. Манай гэр бүл үүнд багтдаг байсан учраас надад сайн ажилд орох, сургуульд сурах боломж байсангүй. Намайг 16-тай байхад сургуулиас хүчээр гаргаж, тариалангийн талбайд гурав, үйлдвэрт долоон жил ажилласан. Соёлын хувьсгал дуусах үед би өдөр, шөнөгүй хөвөнгийн үйлдвэрт ажиллахаа больж, орчноо өөрчлөх хэрэгтэйг ухаарлаа. Миний бодлоор надад тохирох хамгийн зөв зам их сургуульд элсэх байсан учраас соёлын сайдад захиа бичсэн юм. 27 настай хүн их сургуульд элсэхэд хэтэрхий хөгшидөх учраас хүссэн хариу ирэх эсэхт эргэлзэж байтал намайг Бээжингийн кино академийн зураглаачийн ангид авсан даа. Гэхдээ тэр үед би төгсөөд сонинд сэтгүүлч эсвэл гэрэл зурагчнаар ажиллана гэж боддог байв. Соёлын хувьсгалын үеэр би олон бэрхшээлтэй нүүр тулахын зэрэгцээ зовлонд өртсөн хүмүүсийг харж байлаа. Энэ нь хүний амьдрал, хувь заяаны тухай асуулт руу намайг хөтөлж, хожим кино хийхэд ч гол хөшүүрэг болсон. Тиймээс ч гарах гарцгүй, хүнд нөхцөлд орсон хүмүүс миний киноны баатрууд болдог юм.
-Гонг ли, Жан Зы нарын жүжигчин таны кинонд ямар байр суурьтай вэ. Та яагаад заавал эмэгтэйчүүдийн амьдралыг кинондоо чухалчлан харуулдаг юм бэ?
-Хятадын уламжлалд гэрт ч, нийгэмд ч эрэгтэй хүн илүү нөлөөтэй. Эмэгтэй хүн бараг л боол мэт байдаг. Манай нийгмийн аль ч үед бүсгүйчүүдэд хэтэрхий их дарамт, шахалт үзүүлсэр ирсэн. Би үүний эсрэг бат зогсдог. Тиймээс ч эмэгтэй хүний зүрх сэтгэл, оюун бодол, хувь заяаг асуудлын голд тавьдаг. Ихэнх бүтээлийн маань гол дүрд тоглосон Гонг Ли, Жан Зы нар кинонд гол үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд хөөрхөн царайнаас хамаагүй илүү зүйл бий нь авьяас болон мөн чанар. Баатруудын сэтгэл хөдлөл, ухаан, тухайн мөчид үзүүлэх хариу үйлдлийг яг миний хүссэнээр гаргаж чаддаг учраас би тэднийг сонгодог.
-Таны бүтээлээс үзэгчид юуг онцолж хараасай гэж хүсдэг вэ?

-Киноны дүрслэл, зураглалыг үзэгчид хэзээ ч битгий мартаасай. Би кинондоо тод өнгө, ялангуяа улааныг илүүтэй харуулдаг. Үүнийг шүүмжлэгчид дийлдэшгүй их хүсэл, хайр дурлал, цус, зарим нь бүр коммунист намын улаан туг гэж үздэг юм билээ. Би Хятадын хойд хэсэгт өссөн. Тэндхийн ардын урлаг, ерөнхий орчин надад хүчтэй нөлөөлж, тод өнгө эрхэмлэхэд хүргэсэн болов уу.
-Ихэнх кино найруулагчийн хувьд Оскарын шагнал авах нь уран бүтээлийн оргил. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Би Оскарын шагнал гардуулах ёслолд хоёр удаа очиж үзсэн. Цэвэр америк тоглоомд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Европын найруулагчид Холливудыг хортой зүйрлэдгийн учрыг тэнд очоод л ойлгосон. Америкийн ихэнх кино залуу үеийнхэнд муу үлгэр дууриал, сөрөг нөлөө үзүүлж байгаад санаа зовдог.

Улаанбаатарын блюз

With Tekist




Навчисын “шаргал” чимээ хаалга тогшилгүй орж ирэх. Хашгирах уу, болих уу? Ганихрах уу, тайтгарах уу? Мөчир нөөс газарт, газраас салхинд, салхинаас цонхонд, тэндээс надад... Улаанбаатар ийм байгаагүй гэсэн. Ийм болгосон хүмүүс нь бид аж. Утаатай, хог шороотой гэж адална, хүмүүс нь ууртай гэнэ. Гэвч энэ саарал хот л оршин буйг минь мэдрүүлж, биднийг амьд байлгадаг биш үү. Гудамжинд шүлсээ хаяхыг юман чинээ боддоггүй хөмсөг зангидсан хүмүүс, юунд ч юм яаран, нэг нэгнээсээ өрсөн давхих жолооч нар, хаа дуртай газраа барьсан барилгуудыг хараад заримдаа зугтмаар санагддаг ч явлаа гээд бид хаа холдох билээ. Сэтгэл зүрхний минь нийслэл энд буй хойно. Чойжин ламын музейн ганжирын цаанаас “Sky tower”-ын шилэн барилга гэрэлтэнэ. III, IV хорооллын “хүн-урсгал”-ыг сэтлэн гарч ирэхэд Гандангийн дэнжийн тоос манарсан гудамж угтана. Замын хажуугаар морин тэрэгтэй өвгөн өнгөрч үзэгдэх. Улаанбаатарын блюз төрх энэ.
Улаанбаатарыг барууны нэгэн сэтгүүлд “экзотик хот” хэмээн тодорхойлсон нь бий. Хүн амынх нь дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. Уламжлалт гэр, хятад маягийн шавар сууц, соц үеийн байшин хороололтой зэрэгцэн орчин цагийн шилэн барилгууд энд сүндэрлэнэ. Чөлөөт цаг өнгөрөөх газар хомс гэдэг ч амарч тухлах, хөгжилдөх газар цөөнгүй бий. Өнөөдөр амралтын өдөр. Амьдрал буцалдаг их хот нэг л нам гүм байх чинь... Урт цагааны гудамжны баруун үзүүр дэх “Занаду” арт галерейд хотын залуусын цөөнгүй хэсэг нь саатжээ.

“МӨРӨӨДӨГЧДИЙН ӨДӨР”

Бернардо Бертолуччийн “The Dreamers” буюу “Мөрөөдөгчид” бүтээл 1960-аад оны Парисын дүр зургийг харуулдаг. Тодруулбал өдрийн тэн хагасыг кино үзэж өнгөрүүлэх ах дүү хоёр, нэг америк залуугийн түүх. Хүүхэд насны гэнэн мөрөөдөлдөө хэзээд үнэнч тэд урлагаар тархиа тэжээдэг. Тэгвэл Монголын “Мөрөөдөгчид” бямба гариг бүр “Занаду”-д цуглардаг юм. Цонхны хөшгийг буулгаад проектороо асаахад “Мөрөөдөгчдийн өдөр” эхэлж, тэд аялалдаа гарна. Тэдний энэ удаагийн өртөө нь Стив МакКуйны “Өлсгөлөн”. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж шоронд хоригдсон Ирландын тэмцэгч, өлсгөлөн зарлагчдын удир дагч Боб Сандсын амьдралын сүүлийн хэдэн өдрийг уг кинонд дүрсэлжээ. Түүнд эхнэр, бяц хан хүү, аав ээж байсан. Гэвч Бобод хувийн амьд ралаас нь илүү Ирландын ард түмний эрх чөлөө үнэ цэнэтэй. Зургаан сар өлсгөлөн зар ласны эцэст амь үрэгдсэн ч түүний амь ирландчуудад зориг, итгэл, эрх чөлөө өгсөн юм. “Надад итгэл үнэмшил бий. Энэ бол миний үнэт зүйл. Би амьдралд хайртай. Эрх чөлөө бол миний амьдрал”. Өлсгөлөн зарлахаасаа өмнө ном логчтой ярилцдаг энэ хэсэг киноны тайлал төдийгүй эрх чөлөө, итгэл үнэмшил, амьдралын үнэ цэнийн тухай эргэцүүлэл рүү хөтлөх мэт. Тэднийг “Мөрөөдөл”-ийн нь ертөнцөд түр үл дээгээд хотын гудамжаар алхъя.

ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ: 3.5 ДАВХАР

Галзуу мөрөөдөл амилдаг, хөвөрдөг, залуу насны эрч хүч, цог золбоо халгин цалгин байдаг энэ хэсэг газар нам гүмхэн байна. Яг л ууртай багшийн лекц эхэлсэн юм шиг. Маргааш, нөгөөдөр “хонх дуугарахад” энэ гудамж амь орно, гоё уу? Амралтын өдөр л энэ гудамж амьсгаа авдаг юм уу даа. Навчис хөглөрсөн их сургуулийн гудамжаар Нора Жонсын “Sunrise” сонссон шигээ алхах тааламжтай байх чинь.Хаяа даран сүндэрлэсэн их сургуулийн сүрлэг байшингуудын цонх харанхуй, яг л маш том нууц тээн, маш чимээгүй орших эртний сүм шиг сүрдмээр. Дотогш орвол харуулаас өөр хүн алга. Шатаар алхах хөлийн чимээ цуурайтах нь “Энд та хоёроос өөр хүн алга шүү” гэдгийг илтгэнэ. Өдөр бүрийн хэмнэлдээ халгин цалгин байдаг МУИС-ийн хичээлийн II байранд нэгэн “нууцат газар” бий. Зүүн жигүүрийн 3.5 давхар. Заримдаа гитар хөгжмийн эвлэг хэмнэл эгшиглэнэ, хааяа хэн нэг нь уйлах, хязгааргүй баярлах, эсвэл сэтгэл зүрхээ уудалж суугаа дотно яриа урсана. Залуу нас, 3.5 давхар энэ содон өнгөөрөө ижилхэн юм. Харин одоо нам гүм байна. Нам гүмийн доторх нам гүмхэн. Баруун талд нь “Б+Ц+Я+Н+Н+Г= Үүрд найзууд. 3.5 давхар, 2011.09.13” гэж цагаан ханан дээр балын харандаагаар бичжээ. Ийм л ер бусын бүхнээр дүүрэн, жир биш газар даа.

“АДЕССО”

Бид энд ирлээ. Эспрессо+ Лимонтой “moose”+ Интернэт+ “Гоодаль” + Мөхөөлдөс+ шатар= Энэ бол архи, тамхигүй орчин. Бүдүүлэг яриа, жир бишийн чимээтэй уулзалт энд байхгүй. Кофе ууж, шатар нүүж суугаа хүмүүс хоорондоо хов ярьдаггүй. Сэтгүүл үзэнгээ улс төрийн тухай цэцэрхдэггүй аж. Кофе ууна гэдэг соёл. Гэхдээ нэг их гангалсан хүмүүс, биеэ цэгнэн, шомбойж суудаг гэж эндүүрүүзэй. Зөөлөн буйдан дээр зүрхэн хөөстэй латте ууж байгаа хосуудын хажууханд суулаа. Яриа чагнах гээгүй л дээ, тэндээс ямар эрчим ялгарахыг мэдрэх гэсэн юм. Буталж буй кофе, буцалж буй сүүтэй нийлэх тэр содон үнэр өрөөгөөр нэг ханхална. Микагийн “Happy ending” эгшиглээд л уусмаар гайхалтай орчин юм. Кофе, “Адессо”... Явуу, яруу, явах уу?

ЯВУУГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД

“Хөндүүр зүрхээ тэврээд, хүний чимээнээс хол”... Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг зорих шалтгаан энэ. Ил захидал шил эл дол болсон газар биш, дөрвөлжин байшингууд дунд, эх адаггүй эрчимлэг алхаа, их хотын нүргээнт чимээнээс ангид, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн. Сандал бүр эзэнтэй, ирээд л буцаад л байдаг. Явуугийн дээр сар манджээ, энд хайр дүүрэн. Тэргүүнээ дээш өргөн, дээр мандах сарыг ажаад яруу сайхан үгс мэтгэн суугаа мэт Б.Явуу хулангийн сүрлэг хөшөө байх. Дэр гэдүүр нь дугуйт тэшүүртэй хүүхд үүд сүлжилдээд л, энэ үлгэрийн орчныг амилуулж байна. Намрын сэ рүүүн шөнөөр шүү дээ. Хот нойрс доггүй аж. Яг л хуучин пянз тоглуулагчнаа Эсперанса Спал дингийн жааз хөгжим эг шиглэх мэт амьд.

“ХӨГЖИЛТЭЙ ГУНИГ”

Хаа нэгтээгээс гунигт хөгжим сонсогдоно. Сонсоод, сонсоод л баймаар тэр хөгжмийг “амтат” гунигийн аялгуу гэж нэрлэе. Эсвэл “хөгжилтэй” гуниг ч юм уу. Энхтайваны гу дамж дахь “River sounds” клубээс мөнөөх аялгуу эгшиглэж байж. “Их талын жааз” наадмын энэ жилийн сүүлчийн тоглолт тэнд болж буй. Үлгэр мэт эхэлж, баатарлаг туульс мэт үргэлжлэх “In the country”-гийн хөгжим, хайртай тэмээндээ зориулж дуу бичсэн “Mark Brenken and Jean Yevs Braun quartet”, хөтлөгчийн хэлснээр “Мөнхийн залуу, сэтгэл татам” Боб Белоу, бүтэлгүй хайрыг магтан дуулах Дебра Расмуссен. Гадаадын шилдэг жааз хөгжимчдөөс мон голчууд огт дутахгүй гэдгийг “Арга билиг”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, эвэр бүрээч Х.Чинбат нар харууллаа. Жааз ыг зөвхөн саксафоноор бус ардын хөгжмийн зэмсгээр ч тоглож болохыг тэд баталсан. Ийм сайхан өдөр, ийм орчинд саатах аз хүн бүрт тохионо гэж үү? Чшш...Үзэгчид тэр аяараа жааз хөгжмийн хэмнэлд илбэд үүлчихэж.

Сэтгэл зүрхний минь нийслэлд шөнийн сар, нам гүм хоёр айлчилжээ. Гэвч хэмнэл унтрахгүй. Хэзээ мөдгүй ирэх зочноо хүлээж ядах шиг гэрлийн шонгууд зам даган анивчина. Цонхнууд гэрэлтэй, зарим нь онгорхой. Өвлийн утаанаас өрсөж амьсгалах гээ юм болов уу даа. 00.00 цаг. Сүхбаатарын талбайн дунд зогсоод 00.00 цагийг зарлах хонхны дуу цуурайтах, хосууд хөтлөлцөн алхах, усан дуслууд оргилохыг харах, хажуугаар зөрөх маши наас Эрик Клэптоны “Cream” блюз эгшиглэхийг сонсох... энэ мөчийг юутай зүйрлэх вэ?

Ж.ТЭГШЖАРГАЛ, Б.ЭГШИГЛЭН

“Би”-тэй нүүр тулах нь буюу нойрсохуйн ухаан



Хүн бүр хоёр өөр ертөнцөд зэрэгцэн амьдардаг гэнэ. Эхний ертөнц-бодит амьдрал.
Энд өглөө бүр бид ямар хувцас өмсөхөө сонгодогтой адил шүүгээ дүүрэн багынхаа аль нэгийг зүүн гардаг аж. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөх таатай бус ч ивээлт эх, халамжит хань, хариуцлагатай ажилтан, үнэнч андын дүрд тоглохоос аргагүй нийгэмд бид амьдарч байна. Бодит амьдралд ихэнх хүн амьдрал-тайзны чадварлаг жүжигчид байхыг хичээцгээнэ.
Хоёр дахь ертөнц-зүүд. Зүүдэн дэх амьдрал, үйл явдал бодит бус ч төрүүлэх мэдрэмж нь жинхэнэ байдгийг эрдэмтэд хэдийнэ баталсан. Бид зөвхөн зүүдэндээ л хэн нэгний дүрийг гаргах бус, өөрийн жинхэнэ дүр төрхтэй нүүр тулдаг тухай эрдэмтэд, гүн ухаантнууд бичин үлдээжээ. Аристотель, Плутархаас эхлээд Зигмунд Фройд, Эрих Фромм хүртэл ихэнх сэтгэгч хүн зүүдлэх үедээ бодит байдалтай тулж очдог төдийгүй хэнээс ч, юунаас ч хамаараагүй тусгаар ертөнц нь зүүдэнд цогцолдог тухай өгүүлсэн нь бий.

“Хариулт нь зүүдэнд бий”
Зүүдийг шинжлэх ухааны талаас анх удаа судалсан хүн нь Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Евгений Асеренский байв. Тэрбээр 1953 онд хүүхдүүд унтаж байхдаа хэдэн минутын давтамжтай зовхио анивчдаг болохыг анзаарсан нь REM (Rapid eye movement-Нүдний хурдан хөдөлгөөн) төрлийн нойрыг илрүүлжээ. Рэм нойрны үед нүд аниастай ч хурдан хөдөлж, эргэлддэг байна. Энэ үед хүн идэвхтэй зүүдлэхийн зэрэгцээ зүрхний цохилт, тархины долгионы хэлбэлзэл өндөрсдөг аж. Насанд хүрсэн хүний нойрны 25 хувийг эзэлдэг бол хүүхдүүдэд 80 хүртэл хувьтай. Тэгвэл зүүдийг тархины бүтцийн талаас тайлбарласан нь ч бий. Хүний тархи, мэдрэлийн тогтолцоо түр хугацааны сааталд орсноор ядрах мэдрэмж төрж, нойр хүрдэг болохыг Оросын эрдэмтэн И.В.Павлов тогтоосон. Нойрсох явцад мэдрэлийн зарим хэсэг сэрж, өгөгдөл дамжуулдаг нь зүүд гэх нь ч бий. Харвардын их сургуулийн эрдэмтэн Дейрдер Баррет 10 орчим жилийн турш хийсэн судалгааныхаа дүнд зүүдийг бодлын нэг хэлбэр хэмээх таамаглал дэвшүүлсэн нь шинжлэх ухааны цөөнгүй сэтгүүл, сайтад нийтлэгдсэн билээ. Тэрбээр “Үйл явдлын голд юу ч байлаа гэсэн бид зүүдэндээ ч аливаа асуудлыг шийдэхээр оролддог. Ямар нэг зүйлийн талаарх эргэцүүлэл, эргэлзээ ч зүүдэнд төрдөг” хэмээн бичжээ. Баррет нэг удаагийн туршилтдаа 100 орчим оюутныг оролцуулжээ. Тэдэнд шийдэхэд төвөгтэй бодлого өгч долоо хоногийн дараа судласан байна. Тэгэхэд оюутнуудын тал хувь нь бодлогыг зүүдэлж, дөрөвний нэг нь хариуг нь зүүдэндээ олсон байв. Тухайн асуудал шийдвэрлэхэд хялбар байх тусам шийдлийг зүүдэндээ олох нь түгээмэл гэх дүгнэлтэд тэрбээр хүрчээ.

Сэтгэлийн гүнд нэвтрэх түлхүүр
Зүүдээр дамжуулан тухайн хүний өвчнийг олж тогтоох нь сэтгэл судлалын хамгийн чухал аргуудын нэг. Тэр дундаа зүүдийг сэтгэлзүйн талаас хамгийн дорвитой судалсан хүн нь Зигмунд Фройд гэдэгтэй ихэнх хүн санал нэгддэг юм билээ. Зигмундын Фройдын хувьд хүний өөрөөсөө ч нуудаг далд хүсэл нь зүүдээр илэрдэг. Хүн сэрүүн байхдаа зарим сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүслээ дардаг. Харин ухамсаргүй буюу унтах үед тархи өөрийн үйл ажиллагаагаар тэдгээр хүслийг өдөөн, зүүдээр дамжуулан гаргаж ирдэг аж. Түүнчлэн ихэнх хүн тухайн өдрийн үйл явдлыг шөнө зүүдэлдэг. Ингэхдээ зөрчилдөөнтэй хэсэг болон өөрийн сэтгэл хөдлөлийг хамгийн ихээр барьсан үйл явлыг гол төлөв зүүдэлдэг аж. Тухайн хүнээр зүүдийг нь яриулснаар сэтгэлийн зөрчилдөөнтэй хэсгийг олж, өвчнийг нь эмнэж болно хэмээх Фройдын онол сэтгэл судлалын ухаанд дэвшил авчирсан юм. Түүнээс өмнө сэтгэл зүйчид гол төлөв ховсдох аргыг ашигладаг байсан нь үр дүн муутай байв. Үүнээс гадна зүүдэнд бага насны дурсамж, айдас хадгалагдан үлддэг хэмээн Фройд үзсэн. Тиймээс хүний хамгийн том айдас, сэтгэлийн зовнилыг ч зүүдээр дамжуулан тогтоох, арилгах боломжтой аж.

Зүүдний цаад руу

Эртний египетчүүд зүүдийг бурхны бэлэг хэмээн үздэг байжээ. Зүүдийг жинхэнэ, бодит хэмээн боддог овог, аймгууд Африкт одоо ч бий гэнэ. Хятадын гүн ухаантан Жуан Зы нэгэнтээ өөрийгөө эрвээхэй болсноор зүүдэлжээ. Тэр сэрээд зүүдээ санаж буй энэ хүн Жуан Зы юу эсвэл зүүдэнд нь нисэж явсан эрвээхэй Жуан Зы юу гэдгийг удтал эргэцүүлсэн гэдэг. Уг явдал Хятадын төдийгүй өрнийн гүн ухаанд “Эрвээхэйн зүүд” нэрээр үлдэж, Борхесыг “Цаг хугацааг няцаах нь” эсээгээ бичихэд ихээр нөлөөлсөн юм. Аль өнцгөөс нь ч тайлбарласан зүүдний нууцад хэзээ ч нэвтэршгүй мэт. Самуэл Колриж алдарт “Хубилай хаан” найраглалаа зүүдэндээ анх харсан түүхийг уран зохиолд шимтэгчид андахгүй. Тэрбээр 1797 оны нэгэн орой Хубилай хаан болон монголчуудын тухай ном уншаад унтаж. Үүний дараа зүүдэнд нь өнөөх найраглалын мөртүүд орж ирсэн аж. Колриж сэрэнгүүтээ найраглалаа бичсэнээ өөрөө ч тайлбарлаж чадаагүй юм гэдэг. Хожмын түүхч, судлаачид ордон нь нуран унах үед их хааны сүнс найрагчийн зүүдэнд орж, өргөөгөө уран зохиолд мөнхөлсөн гэсэн нь ч бий. “Beatles”-ын “Yesterday” ч зүүдэнд төрсөн бүтээл. Энэ мэт зүүдэнд “мэндэлсэн” дуу, зураг, нээлт олон. Магадгүй эртний египетчүүдийн үзсэнээр зүүд үнэхээр бурхны бэлэг эсэхийг хэн хэлж чадах билээ. Ямартай ч буддын гүн ухааны үзлээр амьдрал бол зүүд. Таны харж, сонсож, үзэж, мэдэрч буй бүхэн нэгэн цагт зүүд мэт замхран үгүй болно.
Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт би сэрнэ.
Амьдарч зүүдэллээ гэхгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина...
Г.Аюурзана

Ганцаардахын жаргал, тарчлахын амт



Түүх эхэлсэн цэг

Мексикийн нийслэл Мехико хотын Коёоакан дүүрэгт уламжлалт хээ угалзаар чимэглэсэн нэгэн байшин бий. “Цэнхэр байшин” хэмээн нэрлэдэг тэрхүү газарт өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн урлагт шимтэгчид цугларч, гайхамшигт эзэгтэйг нь дурсдаг. Учир нь яг тэндээс л урлагийн түүхэн дэх хамгийн хүчтэй эмэгтэйчүүдийн нэг Фрида Калогийн түүх эхэлсэн билээ.
Түүнд хувь заяа авъяас хайрласан ч үргэлж өвдөх ялаар “бэлэг” барьжээ. Зургаан настайдаа Фрида полиомиелит өвчин туссанаас баруун хөл нь зүүнээсээ нарийн болчихож. Ингэж тэрбээр насан туршдаа урт юбка өмсөж, доголж явах болсон юм. Удалгүй өвчин нь даамжирч, нуруунд нь ч нөлөөлөх болов. 1925 оны нэгэн өдөр 18 настай Фридагийн сууж явсан автобус осолдсоноос хөл, мөр, нуруу, хавиргаа хугалсан нь түүний амьдралын хамгийн хар толбо. Үүнээс болж тэрбээр 35 удаа мэс засал хийлгүүлж, автобусны төмөр хэвлийг нь сүлбэсэн тул хүүхэд төрүүлэх чадваргүй болжээ. Ихэнх хүний хувьд ийм осол бүх зүйлийн төгсгөл ч байж болно. Тэгвэл багаас нь үхлийн элч мэт дагасан өвдөлт, ослууд Фридаг улам хурцалж байв. Магадгүй тэрхүү осол Фридагийн амьдралын шинэ хуудсыг эхлүүлсэн ч гэж хэлж болно. Олон сар хэвтэрт байхдаа тэр ааваасаа бийр, будаг авч, зурж эхэлжээ. Эмнэлгийн урт, уйтгарт өдрүүдийг бий, будаг, цаастай өнгөрүүлж байж. Хөл дээрээ зогсож чаддаг болсныхоо дараа тэрбээр анагаах ухааны чиглэлээр сурч байснаа орхиж, дүрслэх урлагт өөрийгөө зориулахаар шийдсэн байлаа.
“Би өөрийгөө хамгийн сайн мэднэ”
Фрида амьдралынхаа турш нийт 200 орчим зураг зурсны талыг нь түүний өөрийн хөрөг эзэлдэг. Эрэгтэй хүний хослол өмссөн, нөхрөө духан дээрээ дүрсэлсэн, ихэр Фрида, гөрөөс Фрида зэрэг олон янзаар өөрийгөө зуржээ. “Би бол дахин давтагдашгүй, ганц хувь. Бас их ганцаардмал. Намайг өөрөөс минь өөр хэн ч сайн мэдэхгүй. Тиймээс би өөрийгөө зурдаг юм” хэмээн тэр хэлж байж. Түүний бүтээлийг урлаг судлаачид Мексикийн үндэсний хэв маяг, уламжлал нэвт шингэсэн сюрреализм, симболизмийн шинжтэй хэмээн тодорхойлсон нь бий. Түүнчлэн сармагчин түүний бүтээлийн нэг гол дүр байв. Мексикийн домогт өгүүлдгээр сармагчин нь хүсэл тачаалын бэлгэдэл. Харин Фрида тэдгээр амьтнаар энхрийлэл, хайр халамжийг төлөөлүүлсэн гэдэг. Түүний бүтээлийг эхлээд харахад утга учиргүй, замбараагүй мэт харагддаг ч ажиглах тусам гүн гүнзгий санаа тодордог хэмээн судлаачид үздэг юм билээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Фрида” кинонд зураачийн дүрийг бүтээсэн Сельма Хэйек “Би анх Фрида Калогийн зурагт дурамжхан ханддаг байв. Ойлгомжгүй, дэндүү этгээд ч юм шиг. Харин түүний амьдралыг судалж, зургийг нь ойлгохыг хичээх тусам тэдгээр бүтээлээс гүнзгий санаашрал, бодлогшрол, их хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн. Зарим хүн тэндээс өвдөлт, уй гашууг олж хардаг бол егөөдөл, хошигнол ч бий. Фрида төрөлхийн тэмцэгч байсан. Түүний оюун ухааны их хүчийг нөхрийнх нь хууралтууд ч амьдралынх нь турш дагасан өвчний алин ч нурааж чадаагүй” хэмээн нэгэн ярилцлагтаа дурдсан нь бий. Тэгвэл манай урлаг судлаач Б.Сэргэлэн Фрида Калогийн “Мойсей” бүтээлийг ийн дүгнэжээ:
“Фрида энэ бүтээлдээ эх үрийн холбооны тухай эргэцүүлэл, ертөнцийг үзэх үзлээ цогц шийдэл болгон гаргажээ. Нефертити, Сталин, Ганди, Гитлер, Наполеон, Чингис хаанаас эхлээд Эхнатон, Зевс, Зараостр, Есүс, Бурхан багш гээд улс төр, нийгмийн болоод шашны олон төлөөллийг багтаасан энэ бүтээлийн төв хэсэгт үр хөврөлийн үйл явц, эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийг дүрсэлсэн нь хорвоод шинэ хүн мэндлэхийн утга учир, ач холбогдлыг түүхэн гавьяанаас илүүтэй агуу зүйл гэдгийг төвийлгөн харуулахыг эрмэлзэж байсан болов уу. Энэ бүтээл нь түүний өндөр боловсрол, бясалган бодох цараа, итгэл үнэмшлийг нь харуулдаг. Фрида Диегог бурханчлан шүтдэг байсан гэж хэлж болно. Тиймээс түүний Мойсей бол билгийн нүдтэй Диего юм”.
Жинхэнэ эр хүн
Фрида Мексикийн үндэсний бэлтгэл сургуульд сурч байхдаа эмэгтэйчүүдийн толгой эргүүлдгээрээ зард гарсан, нэрт зураач Диего Ривератай танилцжээ. Өөрөөс нь өөр, 20 насаар ах, аварга том биетэй, бүлцэн нүдтэй Диего Фридагийн хувьд “Жинхэнэ эр хүн” байлаа. Фрида түүний урланд очиж бүтээл туурвихыг нь нууцаар хардаг байсан гэх. Тэр ч бүү хэл, Диеготой нэг ч үг сольж үзээгүй байхдаа “Хэзээ нэгэн цагт би энэ мачогийн эхнэр болж, хүүг нь төрүүлж өгнө” хэмээн дотнын найздаа хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний мөрөөдөл биелж, тэд 1929 онд гэрлэсэн юм. Хэдийгээр Фрида гурван удаа жирэмсэлсэн ч аль нь ч бүтсэнгүй. Ээж болох гэсэн чин хүсэл нь найдваргүй болсон тул Фрида бүх хайр, халамжаа нөхөртөө зориулж, өөр бүсгүйчүүдтэй уулзсаныг нь ч уучлах болжээ. Хэдийгээр Диего эхнэрээ байнга хуурдаг байсан ч Фридад асар их хайртай байсан гэдэг. Тэрбээр нэгэнтээ “Бүсгүйчүүдийг хайрлах тусам зовоохыг хүснэ” хэмээсэн. Магадгүй тэр энэ бодолдоо үнэнч үлдэх гэж эхнэрийнхээ сэтгэлээр тоглодог байсан ч юм билүү. Фрида ч нөхрийгөө хуурдаг байсан гэх. Магадгүй тэр хоёрын хувьд хайр, секс тусдаа асуудал байсан байж болох талтай. Фрида эрчүүдтэй төдийгүй бүсгүйчүүдтэй ч уулздаг байж. Заримдаа Диегогийн таалсан эмэгтэйчүүдийг өвөртөө оруулах нь бий гэдэг. Фридагийн амрагуудын тоонд алдарт жааз дуучин Чавела Варгас, Жозефина Бэйкер, Францын зохиолч Анри Боетоны эхнэр Жаклин Лимба нар багтдаг байв.
Диего, Фрида нарын гэрлэлт нийгэмд тогтсон ойлголтоор хамгийн бүтэлгүй нь байв. Тэд 1939 онд гэрлэлтээ цуцлуулсан нь үүнийг гэрчилнэ. Салалт Фридагийн бүтээлд ч нөлөөлж, өмнөхөөсөө омголон, ширүүн зургууд зурж байв. Гэсэн ч нэг жилийн дараа эргэн гэрлэсэн юм.
“Диего бол эхлэл
Диего бол бүтээгч
Диего бол миний хүүхэд
Диего бол миний болзоот залуу
Диего бол зураач
Диего бол миний хайр
Диего бол миний амраг
Диего бол миний нөхөр
Диего бол миний найз
Диего бол миний аав
Диего бол миний ээж
Диего бол миний хүү
Диего бол Би
Диего бол ертөнцийн нэг хэсэг...” (Фридагийн тэмдэглэлийн дэвтрээс)
Галт шувуу
1940-өөд оны сүүлээр Фридагийн бие улам муудаж эхлэв. Багаас нь дагасан хүнд өвчин, олон удаагийн мэс засал түүнийг орноос нь дахиж босгохооргүй болгожээ. 1950 оны эхээр түүний хөлийг тайрсан нь сэтгэл санаанд нь хүнд цохилт болсон гэдэг. Хэдийгээр Фрида тэмдэглэлийн дэвтэртээ гутранги үгс бичиж, архи тамхинд мансуурч, байнга л хараалын үг урсгадаг байсан ч дотроо эмзэг, зөөлөн сэтгэлтэй, ямар ч эрэгтэй хүнээс хүчтэй, асар оюунлаг эмэгтэй байсныг бүтээлүүд нь харуулдаг. Түүний амьдрал нэг талаар гунигтай түүх. Гэвч нөгөө талаар юунд ч бууж өгөөгүй, хувь заяатай тэрсэж, тэмцэлдсэн эр зоригийн дууль билээ.
 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.