Wednesday, November 30, 2011
“Би”-тэй нүүр тулах нь буюу нойрсохуйн ухаан
Хүн бүр хоёр өөр ертөнцөд зэрэгцэн амьдардаг гэнэ. Эхний ертөнц-бодит амьдрал.
Энд өглөө бүр бид ямар хувцас өмсөхөө сонгодогтой адил шүүгээ дүүрэн багынхаа аль нэгийг зүүн гардаг аж. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөх таатай бус ч ивээлт эх, халамжит хань, хариуцлагатай ажилтан, үнэнч андын дүрд тоглохоос аргагүй нийгэмд бид амьдарч байна. Бодит амьдралд ихэнх хүн амьдрал-тайзны чадварлаг жүжигчид байхыг хичээцгээнэ.
Хоёр дахь ертөнц-зүүд. Зүүдэн дэх амьдрал, үйл явдал бодит бус ч төрүүлэх мэдрэмж нь жинхэнэ байдгийг эрдэмтэд хэдийнэ баталсан. Бид зөвхөн зүүдэндээ л хэн нэгний дүрийг гаргах бус, өөрийн жинхэнэ дүр төрхтэй нүүр тулдаг тухай эрдэмтэд, гүн ухаантнууд бичин үлдээжээ. Аристотель, Плутархаас эхлээд Зигмунд Фройд, Эрих Фромм хүртэл ихэнх сэтгэгч хүн зүүдлэх үедээ бодит байдалтай тулж очдог төдийгүй хэнээс ч, юунаас ч хамаараагүй тусгаар ертөнц нь зүүдэнд цогцолдог тухай өгүүлсэн нь бий.
“Хариулт нь зүүдэнд бий”
Зүүдийг шинжлэх ухааны талаас анх удаа судалсан хүн нь Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Евгений Асеренский байв. Тэрбээр 1953 онд хүүхдүүд унтаж байхдаа хэдэн минутын давтамжтай зовхио анивчдаг болохыг анзаарсан нь REM (Rapid eye movement-Нүдний хурдан хөдөлгөөн) төрлийн нойрыг илрүүлжээ. Рэм нойрны үед нүд аниастай ч хурдан хөдөлж, эргэлддэг байна. Энэ үед хүн идэвхтэй зүүдлэхийн зэрэгцээ зүрхний цохилт, тархины долгионы хэлбэлзэл өндөрсдөг аж. Насанд хүрсэн хүний нойрны 25 хувийг эзэлдэг бол хүүхдүүдэд 80 хүртэл хувьтай. Тэгвэл зүүдийг тархины бүтцийн талаас тайлбарласан нь ч бий. Хүний тархи, мэдрэлийн тогтолцоо түр хугацааны сааталд орсноор ядрах мэдрэмж төрж, нойр хүрдэг болохыг Оросын эрдэмтэн И.В.Павлов тогтоосон. Нойрсох явцад мэдрэлийн зарим хэсэг сэрж, өгөгдөл дамжуулдаг нь зүүд гэх нь ч бий. Харвардын их сургуулийн эрдэмтэн Дейрдер Баррет 10 орчим жилийн турш хийсэн судалгааныхаа дүнд зүүдийг бодлын нэг хэлбэр хэмээх таамаглал дэвшүүлсэн нь шинжлэх ухааны цөөнгүй сэтгүүл, сайтад нийтлэгдсэн билээ. Тэрбээр “Үйл явдлын голд юу ч байлаа гэсэн бид зүүдэндээ ч аливаа асуудлыг шийдэхээр оролддог. Ямар нэг зүйлийн талаарх эргэцүүлэл, эргэлзээ ч зүүдэнд төрдөг” хэмээн бичжээ. Баррет нэг удаагийн туршилтдаа 100 орчим оюутныг оролцуулжээ. Тэдэнд шийдэхэд төвөгтэй бодлого өгч долоо хоногийн дараа судласан байна. Тэгэхэд оюутнуудын тал хувь нь бодлогыг зүүдэлж, дөрөвний нэг нь хариуг нь зүүдэндээ олсон байв. Тухайн асуудал шийдвэрлэхэд хялбар байх тусам шийдлийг зүүдэндээ олох нь түгээмэл гэх дүгнэлтэд тэрбээр хүрчээ.
Сэтгэлийн гүнд нэвтрэх түлхүүр
Зүүдээр дамжуулан тухайн хүний өвчнийг олж тогтоох нь сэтгэл судлалын хамгийн чухал аргуудын нэг. Тэр дундаа зүүдийг сэтгэлзүйн талаас хамгийн дорвитой судалсан хүн нь Зигмунд Фройд гэдэгтэй ихэнх хүн санал нэгддэг юм билээ. Зигмундын Фройдын хувьд хүний өөрөөсөө ч нуудаг далд хүсэл нь зүүдээр илэрдэг. Хүн сэрүүн байхдаа зарим сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүслээ дардаг. Харин ухамсаргүй буюу унтах үед тархи өөрийн үйл ажиллагаагаар тэдгээр хүслийг өдөөн, зүүдээр дамжуулан гаргаж ирдэг аж. Түүнчлэн ихэнх хүн тухайн өдрийн үйл явдлыг шөнө зүүдэлдэг. Ингэхдээ зөрчилдөөнтэй хэсэг болон өөрийн сэтгэл хөдлөлийг хамгийн ихээр барьсан үйл явлыг гол төлөв зүүдэлдэг аж. Тухайн хүнээр зүүдийг нь яриулснаар сэтгэлийн зөрчилдөөнтэй хэсгийг олж, өвчнийг нь эмнэж болно хэмээх Фройдын онол сэтгэл судлалын ухаанд дэвшил авчирсан юм. Түүнээс өмнө сэтгэл зүйчид гол төлөв ховсдох аргыг ашигладаг байсан нь үр дүн муутай байв. Үүнээс гадна зүүдэнд бага насны дурсамж, айдас хадгалагдан үлддэг хэмээн Фройд үзсэн. Тиймээс хүний хамгийн том айдас, сэтгэлийн зовнилыг ч зүүдээр дамжуулан тогтоох, арилгах боломжтой аж.
Зүүдний цаад руу
Эртний египетчүүд зүүдийг бурхны бэлэг хэмээн үздэг байжээ. Зүүдийг жинхэнэ, бодит хэмээн боддог овог, аймгууд Африкт одоо ч бий гэнэ. Хятадын гүн ухаантан Жуан Зы нэгэнтээ өөрийгөө эрвээхэй болсноор зүүдэлжээ. Тэр сэрээд зүүдээ санаж буй энэ хүн Жуан Зы юу эсвэл зүүдэнд нь нисэж явсан эрвээхэй Жуан Зы юу гэдгийг удтал эргэцүүлсэн гэдэг. Уг явдал Хятадын төдийгүй өрнийн гүн ухаанд “Эрвээхэйн зүүд” нэрээр үлдэж, Борхесыг “Цаг хугацааг няцаах нь” эсээгээ бичихэд ихээр нөлөөлсөн юм. Аль өнцгөөс нь ч тайлбарласан зүүдний нууцад хэзээ ч нэвтэршгүй мэт. Самуэл Колриж алдарт “Хубилай хаан” найраглалаа зүүдэндээ анх харсан түүхийг уран зохиолд шимтэгчид андахгүй. Тэрбээр 1797 оны нэгэн орой Хубилай хаан болон монголчуудын тухай ном уншаад унтаж. Үүний дараа зүүдэнд нь өнөөх найраглалын мөртүүд орж ирсэн аж. Колриж сэрэнгүүтээ найраглалаа бичсэнээ өөрөө ч тайлбарлаж чадаагүй юм гэдэг. Хожмын түүхч, судлаачид ордон нь нуран унах үед их хааны сүнс найрагчийн зүүдэнд орж, өргөөгөө уран зохиолд мөнхөлсөн гэсэн нь ч бий. “Beatles”-ын “Yesterday” ч зүүдэнд төрсөн бүтээл. Энэ мэт зүүдэнд “мэндэлсэн” дуу, зураг, нээлт олон. Магадгүй эртний египетчүүдийн үзсэнээр зүүд үнэхээр бурхны бэлэг эсэхийг хэн хэлж чадах билээ. Ямартай ч буддын гүн ухааны үзлээр амьдрал бол зүүд. Таны харж, сонсож, үзэж, мэдэрч буй бүхэн нэгэн цагт зүүд мэт замхран үгүй болно.
Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт би сэрнэ.
Амьдарч зүүдэллээ гэхгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина...
Г.Аюурзана
0 comments:
Post a Comment