Wednesday, November 30, 2011
Ганцаардахын жаргал, тарчлахын амт
Түүх эхэлсэн цэг
Мексикийн нийслэл Мехико хотын Коёоакан дүүрэгт уламжлалт хээ угалзаар чимэглэсэн нэгэн байшин бий. “Цэнхэр байшин” хэмээн нэрлэдэг тэрхүү газарт өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн урлагт шимтэгчид цугларч, гайхамшигт эзэгтэйг нь дурсдаг. Учир нь яг тэндээс л урлагийн түүхэн дэх хамгийн хүчтэй эмэгтэйчүүдийн нэг Фрида Калогийн түүх эхэлсэн билээ.
Түүнд хувь заяа авъяас хайрласан ч үргэлж өвдөх ялаар “бэлэг” барьжээ. Зургаан настайдаа Фрида полиомиелит өвчин туссанаас баруун хөл нь зүүнээсээ нарийн болчихож. Ингэж тэрбээр насан туршдаа урт юбка өмсөж, доголж явах болсон юм. Удалгүй өвчин нь даамжирч, нуруунд нь ч нөлөөлөх болов. 1925 оны нэгэн өдөр 18 настай Фридагийн сууж явсан автобус осолдсоноос хөл, мөр, нуруу, хавиргаа хугалсан нь түүний амьдралын хамгийн хар толбо. Үүнээс болж тэрбээр 35 удаа мэс засал хийлгүүлж, автобусны төмөр хэвлийг нь сүлбэсэн тул хүүхэд төрүүлэх чадваргүй болжээ. Ихэнх хүний хувьд ийм осол бүх зүйлийн төгсгөл ч байж болно. Тэгвэл багаас нь үхлийн элч мэт дагасан өвдөлт, ослууд Фридаг улам хурцалж байв. Магадгүй тэрхүү осол Фридагийн амьдралын шинэ хуудсыг эхлүүлсэн ч гэж хэлж болно. Олон сар хэвтэрт байхдаа тэр ааваасаа бийр, будаг авч, зурж эхэлжээ. Эмнэлгийн урт, уйтгарт өдрүүдийг бий, будаг, цаастай өнгөрүүлж байж. Хөл дээрээ зогсож чаддаг болсныхоо дараа тэрбээр анагаах ухааны чиглэлээр сурч байснаа орхиж, дүрслэх урлагт өөрийгөө зориулахаар шийдсэн байлаа.
“Би өөрийгөө хамгийн сайн мэднэ”
Фрида амьдралынхаа турш нийт 200 орчим зураг зурсны талыг нь түүний өөрийн хөрөг эзэлдэг. Эрэгтэй хүний хослол өмссөн, нөхрөө духан дээрээ дүрсэлсэн, ихэр Фрида, гөрөөс Фрида зэрэг олон янзаар өөрийгөө зуржээ. “Би бол дахин давтагдашгүй, ганц хувь. Бас их ганцаардмал. Намайг өөрөөс минь өөр хэн ч сайн мэдэхгүй. Тиймээс би өөрийгөө зурдаг юм” хэмээн тэр хэлж байж. Түүний бүтээлийг урлаг судлаачид Мексикийн үндэсний хэв маяг, уламжлал нэвт шингэсэн сюрреализм, симболизмийн шинжтэй хэмээн тодорхойлсон нь бий. Түүнчлэн сармагчин түүний бүтээлийн нэг гол дүр байв. Мексикийн домогт өгүүлдгээр сармагчин нь хүсэл тачаалын бэлгэдэл. Харин Фрида тэдгээр амьтнаар энхрийлэл, хайр халамжийг төлөөлүүлсэн гэдэг. Түүний бүтээлийг эхлээд харахад утга учиргүй, замбараагүй мэт харагддаг ч ажиглах тусам гүн гүнзгий санаа тодордог хэмээн судлаачид үздэг юм билээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Фрида” кинонд зураачийн дүрийг бүтээсэн Сельма Хэйек “Би анх Фрида Калогийн зурагт дурамжхан ханддаг байв. Ойлгомжгүй, дэндүү этгээд ч юм шиг. Харин түүний амьдралыг судалж, зургийг нь ойлгохыг хичээх тусам тэдгээр бүтээлээс гүнзгий санаашрал, бодлогшрол, их хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн. Зарим хүн тэндээс өвдөлт, уй гашууг олж хардаг бол егөөдөл, хошигнол ч бий. Фрида төрөлхийн тэмцэгч байсан. Түүний оюун ухааны их хүчийг нөхрийнх нь хууралтууд ч амьдралынх нь турш дагасан өвчний алин ч нурааж чадаагүй” хэмээн нэгэн ярилцлагтаа дурдсан нь бий. Тэгвэл манай урлаг судлаач Б.Сэргэлэн Фрида Калогийн “Мойсей” бүтээлийг ийн дүгнэжээ:
“Фрида энэ бүтээлдээ эх үрийн холбооны тухай эргэцүүлэл, ертөнцийг үзэх үзлээ цогц шийдэл болгон гаргажээ. Нефертити, Сталин, Ганди, Гитлер, Наполеон, Чингис хаанаас эхлээд Эхнатон, Зевс, Зараостр, Есүс, Бурхан багш гээд улс төр, нийгмийн болоод шашны олон төлөөллийг багтаасан энэ бүтээлийн төв хэсэгт үр хөврөлийн үйл явц, эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийг дүрсэлсэн нь хорвоод шинэ хүн мэндлэхийн утга учир, ач холбогдлыг түүхэн гавьяанаас илүүтэй агуу зүйл гэдгийг төвийлгөн харуулахыг эрмэлзэж байсан болов уу. Энэ бүтээл нь түүний өндөр боловсрол, бясалган бодох цараа, итгэл үнэмшлийг нь харуулдаг. Фрида Диегог бурханчлан шүтдэг байсан гэж хэлж болно. Тиймээс түүний Мойсей бол билгийн нүдтэй Диего юм”.
Жинхэнэ эр хүн
Фрида Мексикийн үндэсний бэлтгэл сургуульд сурч байхдаа эмэгтэйчүүдийн толгой эргүүлдгээрээ зард гарсан, нэрт зураач Диего Ривератай танилцжээ. Өөрөөс нь өөр, 20 насаар ах, аварга том биетэй, бүлцэн нүдтэй Диего Фридагийн хувьд “Жинхэнэ эр хүн” байлаа. Фрида түүний урланд очиж бүтээл туурвихыг нь нууцаар хардаг байсан гэх. Тэр ч бүү хэл, Диеготой нэг ч үг сольж үзээгүй байхдаа “Хэзээ нэгэн цагт би энэ мачогийн эхнэр болж, хүүг нь төрүүлж өгнө” хэмээн дотнын найздаа хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний мөрөөдөл биелж, тэд 1929 онд гэрлэсэн юм. Хэдийгээр Фрида гурван удаа жирэмсэлсэн ч аль нь ч бүтсэнгүй. Ээж болох гэсэн чин хүсэл нь найдваргүй болсон тул Фрида бүх хайр, халамжаа нөхөртөө зориулж, өөр бүсгүйчүүдтэй уулзсаныг нь ч уучлах болжээ. Хэдийгээр Диего эхнэрээ байнга хуурдаг байсан ч Фридад асар их хайртай байсан гэдэг. Тэрбээр нэгэнтээ “Бүсгүйчүүдийг хайрлах тусам зовоохыг хүснэ” хэмээсэн. Магадгүй тэр энэ бодолдоо үнэнч үлдэх гэж эхнэрийнхээ сэтгэлээр тоглодог байсан ч юм билүү. Фрида ч нөхрийгөө хуурдаг байсан гэх. Магадгүй тэр хоёрын хувьд хайр, секс тусдаа асуудал байсан байж болох талтай. Фрида эрчүүдтэй төдийгүй бүсгүйчүүдтэй ч уулздаг байж. Заримдаа Диегогийн таалсан эмэгтэйчүүдийг өвөртөө оруулах нь бий гэдэг. Фридагийн амрагуудын тоонд алдарт жааз дуучин Чавела Варгас, Жозефина Бэйкер, Францын зохиолч Анри Боетоны эхнэр Жаклин Лимба нар багтдаг байв.
Диего, Фрида нарын гэрлэлт нийгэмд тогтсон ойлголтоор хамгийн бүтэлгүй нь байв. Тэд 1939 онд гэрлэлтээ цуцлуулсан нь үүнийг гэрчилнэ. Салалт Фридагийн бүтээлд ч нөлөөлж, өмнөхөөсөө омголон, ширүүн зургууд зурж байв. Гэсэн ч нэг жилийн дараа эргэн гэрлэсэн юм.
“Диего бол эхлэл
Диего бол бүтээгч
Диего бол миний хүүхэд
Диего бол миний болзоот залуу
Диего бол зураач
Диего бол миний хайр
Диего бол миний амраг
Диего бол миний нөхөр
Диего бол миний найз
Диего бол миний аав
Диего бол миний ээж
Диего бол миний хүү
Диего бол Би
Диего бол ертөнцийн нэг хэсэг...” (Фридагийн тэмдэглэлийн дэвтрээс)
Галт шувуу
1940-өөд оны сүүлээр Фридагийн бие улам муудаж эхлэв. Багаас нь дагасан хүнд өвчин, олон удаагийн мэс засал түүнийг орноос нь дахиж босгохооргүй болгожээ. 1950 оны эхээр түүний хөлийг тайрсан нь сэтгэл санаанд нь хүнд цохилт болсон гэдэг. Хэдийгээр Фрида тэмдэглэлийн дэвтэртээ гутранги үгс бичиж, архи тамхинд мансуурч, байнга л хараалын үг урсгадаг байсан ч дотроо эмзэг, зөөлөн сэтгэлтэй, ямар ч эрэгтэй хүнээс хүчтэй, асар оюунлаг эмэгтэй байсныг бүтээлүүд нь харуулдаг. Түүний амьдрал нэг талаар гунигтай түүх. Гэвч нөгөө талаар юунд ч бууж өгөөгүй, хувь заяатай тэрсэж, тэмцэлдсэн эр зоригийн дууль билээ.
0 comments:
Post a Comment