Monday, June 4, 2012

“Хайраас бусад нь юу ч биш”




Энэ бол дэлхийг өөрчилсөн хамгийн агуу хайрын түүхүүдийн нэг. Хардалт, үзэн ядалт, цөхрөлийн сүүдэр ч үгүйн учир нь энэ бол хоёр бяцхан үр хийгээд хөгжимд өгсөн үнэнч сэтгэл юм. Сөүл, блюз, жаазын шүтэн бишрэгчид төдийгүй мөрөөдөлтэй хүн бүрийн дотор ассан галт бамбарын эзэн нь Ребекка Фергусон билээ. Их Британийн “X Factor шоуны долдугаар цувралын дэд байрын шагналт  түүнийг шаардалага өндөртэй, хатуу чангаараа алдартай Саймон Коуэлл “Телевизийн реалити шоунаас төрсөн бүх цаг үеийн төгс од” гэж тодорхойлсон бол “Pussycat dolls-ын Николь Шерзингэр “Ребекка бол гарцаагүй манай үеийн дууч шувуу” хэмээсэн. Үзэгч сонсогч болон мэргэжлийн шүүмжлэгчдийн аль алиных нь магтаал, талархалыг хүлээх нь уран бүтээлчийг тодорхойлох хамгийн зөв шалгуур ч байж болох талтай. Ребекка Фергусоны өнгөрсөн жил танилцуулсан анхны цомог “Heaven нь худалдаанд гарсан даруйдаа шилдэг борлуулалттай цомогт олгодог платиниум өргөмжлөлийг хүртсэн бол Их Британи, Америкийн томоохон шүүмжлэгчид  нэгэн дуугаар таваас таван оноо өгсөн нь Аделийг давсан үзүүлэлт юм. 

Америкийн Нью-Йорк хот, 2007 оны зун. Хямдхан зочид буудлын харанхуй хонгилд нэгэн бүсгүй уйлж зогсоно. Ребекка Фергусон хэмээх тэрхүү англи бүсгүй дуучин болох хүслээ өвөртлөн, шинэ тивийг зорин ирсэн ч хэдхэн цагийн өмнө  мөрөөдөл нь нуран унасан юм. Орлогоороо гайхуулахааргүй даруухан амьдардаг гэр бүл нь түүнийг Америк руу явж, “P.Diddy’s starmaker авьяастан шалгаруулах шоунд оролцоход нь зориулж 3000 орчим доллар босгосон аж. Харин Ребекка шалгаруулалтанд тэнцээгүйн улмаас мөнгө салхинд хийсэх мэт дэмий үрэгдсэн. Үүнээс ч хэцүү нь гэртээ харьж, шоунд тэнцээгүйгээ хоёр хүүхдэдээ дуулгах гэдэг түүний хувьд том даваа байлаа. Гэхдээ “Найдвар хамгийн сүүлд бөхдөг” гэх үг бий. Харин өдгөө тэрбээр домогт Лионел Ричитэй “Endless love”-ыг хамтран дуулж, өнгөрсөн хоёрдугаар сараас дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн юм. “Реппер P.Diddy-ын шоунаас хасагдсаны дараа бүхнээ алдсан мэт санагдаж байлаа. Зоос бүрийг цуглуулж олсон мөнгө, хоёр үрийн маань итгэл, гэр бүлийнхээ урмыг хугалсан өөртөө дургүй хүрч байв. Хонгилд хэсэг уйлж, тайвшраад би өөрөөсөө “Алдартай болох нь намайг аз жаргалтай болгож чадах уу” гэж асуухад хариулт олдоогүй. Хоёр хүүхэд, гэр бүлийнхэн минь надад аз жаргал, баяр баясгаланг өгдөг ч би мөрөөдлөө биелүүлж, дуучин болохоос нааш сэтгэл ханахгүй гэдгээ ойлгосон. Хамгийн чухал нь аз жаргалыг хайвал хаанаас ч олохгүй. Харин байгаа бүхнээ хайрлах хэрэгтэйг би ухаарсан” хэмээн Ребекка таван жилийн өмнөх зуны нэгэн үдшийг дурсдаг. Ингээд тэрбээр 2010 онд “X Factor шоунд оролцсон эхний өдрөөсөө шүүгчид, үзэгчдийг хоолойгоороо гайхашруулж, зарим нь Арета Франклинтай адилтгаж байлаа. Тэр дотроос цөөнгүй хүн Реппер P.Diddy-г энэ “сувд”-ыг яагаад олж хараагүйг гайхсан нь гарцаагүй. Тэгвэл энэ тухай Ребекка “Магадгүй би дуулахаасаа илүүтэй алдар нэрийн төлөө зүтгэсэн байж болох юм. Харин “X Factor”-ын тайзнаа би чин сэтгэлийн угаас дуулж байсан нь одоо ч хэвээр. Хүмүүс намайг Аретатай зүйрлэдэг нь дэндүү ахадсан хэрэг. Тэр хэдийгээр шүтээн минь боловч  өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хамгийн гол нь би бүхнийг дөнгөж эхэлж байгаа учраас Арета Франклинтай эн тэнцэх цаг арай болоогүй” гэж хэлдэг. Шоуны үеэр хэн ч түүний хоолойг өөлөөгүй ч шүүгчид хэт ичимхий зангаа “засах”-ыг зөвлөдөг байсан нь төгсгөлийн шатанд л хэрэгжсэн юм. Тэгвэл нүдээ анин, толгойгоо ялимгүй  бөхийлгөж дуулдгаа тэрбээр “Хөгжимтэйгөө холбогдохын тулд” хэмээн тайлбарладаг. Түүний хувьд дуулж буй дуутайгаа холбогдох нь хамгийн чухал. Тиймээс ч продюссер, хөгжмийн зохиолчдыг өгсөн дуунуудыг өөрчилж, засах нь түгээмэл аж. Ребекка Фергусон өнгөрсөн жил Их Британийн “Syco records”, Epic records”, Америкийн Columbia records”-той гэрээ байгуулсан бөгөөд “Nescafe”, “Walkers”-ын нүүр царай болжээ. “Охин маань сүмийн найрал дуунд дуулдаг болсон цагаас авьяасыг нь анзаарсан. Манайх тарчиг амьдралтайгаас болж хүүхдүүд Ребеккаг дээрэлхэх тохиолдол олон байв. Тэр бүхэнд охин маань бууж өгөөгүйгээс гадна үнэнч найз нь дуу хөгжим байлаа. Өрөөнийхөө хаалгыг хаагаад л өдөржин дуулна. Тийм ч учраас бид охиноо бүх чадлаараа дэмжсэн. Түүнээс бахархах ийм өдөр ирэхийг би мэдэж байсан юм” хэмээн Ребеккагийн ээж Анне Жэймсон ярьдаг. Ребекка ч амжилтанд хүрэхэд гэр бүлийнх нь дэмжлэг юунаас ч илүү нөлөөлснийг байнга онцолдог. Энэ тухай тэрбээр “X Factor”-ын тайзнаа гарах нь асар том хариуцлага байсан. Гэхдээ тайзнаас буух нь бүр ч хэцүү. Учир нь тэнд ээж, дүү, хоёр хүүхэд минь хүлээж байгаа учраас итгэлийг нь алдаж, урмыг нь хугалж болохгүй” хэмээн “Guardian”-д өгсөн ярилцлагтаа дурджээ. Түүний “Guardian”, “Time”, “BBC”-д өгсөн ярилцлагаас хүргье.

-“
X Factor”-ын түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлч болсны нууц юу вэ?-Миний гэр бүл, долоон настай охин Лили, таван настай хүү Карл маань амжилтын гол түлхүүр байж болох талтай. Америкийн реалити шоунаас гадна би 2005, 2006 оны “X Factor”, 2009 онд “Авьяаслаг Британичууд”-д оролцож байсан. Алдаа бүрээсээ суралцаж, өөрийгөө улам дайчилж, дахин оролцсоны учир нь гэр бүлийнхний минь өгсөн итгэл, дэмжлэг, хоёр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Миний жаахан байхдаа туулсан амьдралыг хүүхдүүд минь давтах ёсгүй. Би тэдэндээ байж болох хамгийн сайхан бүхнийг өгөхийг хүссэн. Тэрнээс гадна би анх алдар нэртэй, аз жаргалтай байхын тулд уралдаан, шоунд оролцдог байсан. Харин аз жаргал үргэлж дэргэд байдаг төдийгүй байгаа бүхнээ хайрлах үед амжилт өөрөө ирдэг юм билээ. Магадгүй ийм учраас “X Factor”-ын хамгийн амжилттай уран бүтээлчээр тодорсон биз. Эсвэл хувь заяа намайг ийш хөтөлсөн үү? Үүний хариултыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-“
Heaven (Диваажин) анхны цомог гэхэд үзэгч төдийгүй шүүмжлэгчдийн магтаал, талархалыг хүлээсээр байна. Таны хоолойн ураас гадна юу энэ цомгийг бүтээсэн бэ?-Миний  хоолой бус 25 жилийн турш туулсан амьдрал, туршлага, мэдрэмж маань “Heaven”-ыг төрүүлсэн. Хэрвээ та цомгийн дуунуудын үгийг анхааралтай сонсвол тэр чигтээ Ребекка Фергусоны түүхийг мэдэх болно. Тэнд нулимс, ганцаардал, хайр, аз жаргал, үлгэрийн мэт ид шид бүгд бий. Тухайлбал “Nothing is real but love”-г бичихдээ надад аз жаргал өгдөг зүйлсийн тухай бодсон. Тэр бол мөнгө, үнэтэй машин, том байшинийн аль нь ч биш, харин миний гэр бүл, хоёр хүүхдийн минь хайр, итгэл.
-Та өнөөдөр асар олон хүний шүтээн болсон. Тэгвэл таны шүтээн хэн бэ?-Би анх Уитни Хьюсон, Шер, Арета Франклин нараар дамжуулан хөгжимд дурласан. Энэ үеийнхнээс гэвэл Трэси Чапмэн, Эми Уайнхаус, “
Kings of Leon-ын хөгжимд хайртай.-Алдартай дуучин болсноор таны амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Хүүхдүүдэд энэ нь хэрхэн нөлөөлж байна вэ?-Би өмнө нь хэчнээн хүссэн ч авч чаддаггүй байсан зүйлсийг тэдэндээ бэлэглэсэн. Гэхдээ хайр халамж ямар байсан тэр хэвээрээ л байх болно. Алдартай, завгүй болсон нь тэдний ээжтэйгээ харилцах харилцаанд өөрчлөлт оруулахгүй ёсгүй гэж боддог. Тиймээс ч хүүхдүүддээ цаг гаргах нь миний эхний дүрэм юм. Аялан тоглолтын замд ч тэд надтай явдаг. Гэрт байх үед тэд миний цомгийг тавьж, дагаж дуулдаг нь хайр татам харагддаг. Гэхдээ тэдний дуучин, хөгжимчин болох эсэхийг хэлэхэд эрт байна.

1 comments:

Unknown said...

хо ёстой мундаг байна. чамд угийн ийм авъяас байсан юм уу эсвэл ямар нэг аргаар олж авсан уу? юутай ч мундаг байна. би л хувидаа бол чамайг амжилтад хүрсэн байна гэж хэлмээр байна. цаашид ч бас хичээгээрэй амжилт хүсье. харин сонирхуулахад янжуур бол баба гэдгийг би үргэлж дэмжинэ. миний л бодол л доо. хичээгээрэй

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.