Friday, June 22, 2012

Кофе, тамхиар өртөөлөн сэтгэлийн гүн рүү аялах нь


Аяганаас савсах халуун кофены уур, янжуурын утаатай холилдон тааламжтайяа үнэртэнэ. Өмнө суух бүсгүйн сүрчигний үнэр уур, утааг нэвтлэн анхилах нь ой санамжинд эзнийхээ мэдээллийг бичих мэт. Хожим хаа нэгтээ эл сүрчгийг үнэртвэл, гарцаагүй энэ бүсгүйг дурсах болно. Кофендоо сүү нэмээд амтархан ууж, тамхиа асаагаад Жим Жармушийн “Coffee and cigarette”-ын тухай ярихыг нь сонсоход тэр бүсгүй өөрөө энэ киноны гол дүр мэт санагдаж байв. Кофе, тамхи, сүрчигний үнэр, улаан уруул, “Coffee and cigarette”-ыг тойрсон яриа нийлэн хэзээ ч давтагдахгүй тэр агшны атмосферыг бүрдүүлж буй. Магадгүй тамхи, кофе харилцааны нэг гүүр ч байж болох юм.

Кофе, тамхины эрүүл мэндэд учруулах нөлөөг сонсоогүй хүн ховор. Гэвч тэдгээрийн хэрэглээ огт буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь тайвшруулах увдис нь биз. Тэр тусмаа кофе, тамхи хоёр нийлэхээрээ заяаны хань мэт төгс зохицдогийг “хорхойтнууд” нь сайн мэднэ. Минималист хэв маяг, арт-хаус, индепендент бүтээлүүдээрээ танигдсан найруулагч Жим Жармуш энэ “хос”-ыг 2003 онд дэлгэцнээ авчирсан юм. “
Coffee and cigarette нэртэй эл бүтээл хоёр хүн уулзаж, кофе уун, тамхилах зуураа ярилцаж буйг харуулсан 11 богино хэмжээний киноноос бүрддэг. Жармуш “Coffee and cigarette”-ын анхны кино болох “Strange to meet you”-г 1986 онд найруулсан бөгөөд гол дүрд Италийн алдарт жүжигчин Роберто Бенини, хошин шогч Стивен Врайт нар тогложээ. Энэ хэсгийн хоёр баатар кафед уулзаж, кофе уун, “Camel татацгаана. Унтахын өмнө кофе их хэмжээгээр уувал маш хурдан зүүдэлдэг тухайгаа Стивен ярьдаг. Тэрбээр шүдний эмчээс айдаг ч эмнэлэгт үзүүлэхээр цаг авснаа хэлэхэд Роберто оронд нь очихоор болсноор кино өндөрлөдөг. Ийн шийдсэний учир, анх яах гэж уулзсан нь ч ойлгомжгүй. Киноны нэрэнд өгүүлсэн шиг тэд бие биентэйгээ уулзсанаа хачин хэрэг гэж бодсон бол үзэгчид ч тэдний уулзалтыг тодорхойлж чаддаггүй. “Энэ хэсгийг тэнэгдүү, ойлгомжгүй байлгахаар зорьсон. Стивен, Роберто бид гурав киноны зохиол, харилцан яриаг хамт бичсэн. Гэхдээ зураг авах үед ихэнх харилцан яриаг жүжигчид тэр агшны сэтгэл хөдлөлөөрөө зохион ярьсан нь надад их таалагдсан” хэмээн Жармуш нэгэн ярилцлагтаа дурджээ. Америкийн NBC телевизийн “Saturday night live шоуны зүгээс 1986 онд Жим Жармушт таван минутанд багтсан богино хэмжээний кино хийх хүсэлт тавьжээ. Яг тэр үед Роберто Бенини Нью-Йорк хотод ирж таарснаар “Coffee and cigarette”-ын анхны буюу эхний хэсэг “Strange to meet you” бүтсэн түүхтэй. Найруулагч хоёр дахь хэсэг “Twins буюу “Ихрүүд”-ийг үүнээс гурван жилийн дараа Мемфис хотод “Mystery train киноныхоо зургийг авах үеэр бүтээсэн аж. Хоёр киноны аль алинд Стив Бускеми, Cinqué Lee, түүний эгч  Joie Lee нар тоглодог.
  Элвис Пресли ихэр ахтай байсан байж магадгүй бөгөөд ямар ч ихрийн аль нэг нь чөтгөрийн шинжтэй тухай Стив Лигийхэнд ярина. Гэвч ихрүүд түүнийг яриаг төдий л анхаарахгүйн дээр хоорондоо маргалддаг. Стив ихрүүдийг Элвис Преслигийн шүтэн бишрэгчид хэмээн андуурснаа төгсгөлд нь ойлгодог. 
Харин Coffee and cigarette”-ын гурав дахь кино “Somewhere in Californiaрокын бурхдын нэг Игги Поп, Том Вэйтс нарыг оролцуулан 1993 онд хийсэн нь тэр жилийнхээ Канны наадмын богино хэмжээний киноны төрөлд Palme d’or хүртсэн юм. Игги, Том нар хөгжим, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотойн дээр хөгжим нь хүмүүнлэгийн үйлсийн нэг хэлбэр тухайд санал нэгдэн, ярилцана. Тэд кофе уух зуураа ширээн дээр хайрцаг “Marlboro” байхыг анзаардаг ч хэн, хэн нь тамхинаас гарсан байдаг. Тамхиа хаяснаар анхаарал төвлөрөлт сайжирснаа ярих тэд үүнийгээ тэмдэглэж, нэг нэг янжуур татах болж буй нь dark comedy буюу бараан элэглэлийн шинжтэй байна. Жим Жармуш эдгээр киногоо эхлээд өөртөө зориулж хийсэн ч бүрэн хэмжээний бүтээл болгохоор шийдэж. Ингээд тэрбээр 2003 онд киноны 4-11 дүгээр хэсэгт тоглох  жүжигчдээ сонгож, зохиолоо бичиж эхэлсэн аж. Жүжигчдийн багт Билл Муррэй, Кэйт Бланшет, Рене Фрэнч, “White Stripes”-ын Жек Вайт, Мег Вайт, “Wu-Tang Clan хип-хоп группын RZA, GZA нар багтсан. Өөрөөр хэлбэл, “Coffee and cigarette эхлэхээс дуусах хүртэл нийт 17 жилийг хамарсан юм. 2003 оны кинонууд ч өмнөх гурван хэсэгтэй адил хар-цагаан өнгөтэй бөгөөд үйл явдал, харилцан яриа кофе, тамхийг тойрон өрнөдөг. Tухайлбал “Those thing’ll kill ya хэсэгт өвгөн найз (Жозеф Рижано) нь нөгөөгөө тамхи татахаа болихыг анхааруулж, хор уршгийг нь байнга сануулна. Хэдийгээр тамхичин өвгөн (Винни Велла) “Юу ч боллоо гэсэн бид үхэж л таарна” хэмээн хэлдэг ч найзынхаа дэргэд тамхи татаж зүрхлэхгүй. Тэгвэл “Renee”-д үзэсгэлэнт бүсгүй (Рене Фрэнч) кафед ганцаараа сууж буйг харуулдаг. Зөөгч залуу түүн рүү гурвантаа ирж, кофе уух, сэндвич авахыг санал болгож, “Кофе, тамхи хоёр тийм ч сайн өдрийн хоол биш шүү дээ” хэмээн хэлнэ. Харин бүсгүй “Би өдрийн хоолоо идээгүй байна” гэж хэлээд сэтгүүлээ уншсаар үлддэг. Хөөрхий залуу. Харин “No problem кинонд удаан уулзаагүй багын найзуудыг (Исаак де Банкол, Алекс Дескас) харуулна. Гэсэн ч тэд зүрх сэтгэлээрээ нэг нэгнээсээ хэдийнэ холдож, дотно харилцаж чадахгүй байгаа нь цаг хугацааны харгис шинжийг төлөөлөх мэт. Алекс найзыгаа хүлээнгээ халааснаасаа шоо гарган ирж, хаяж үзнэ. Исаак ирснийхээ дараа түүнээс бүх зүйл зүгээр эсэхийг дахин, дахин асуух ч Алекс “Бүх юм сайн байгаа, асуудалгүй” гэхээс өөрийг үл хэлнэ. Исаакийг явсны дараа Алекс дахин шоо хаях бөгөөд эргэлзэж, тээнэгэлзсэн байдал мэдрэгдэх аж.
    
Хоёр хүний кофе ууж, тамхи татангаа ярилцахыг 95 минутын турш үзнэ гэдэг уйтгартай санагдаж магадгүй. Өдөр бүр хаа сайгүй харж болох эл дол болсон зураглал. Тэгвэл “Coffee and cigarette-ыг үзэх шалтгаан нь юу вэ?
Энэ бол кофе, тамхийг муулж эсвэл магтсан бүтээл огт биш. Харин гол баатруудын үйлдэл, сэтгэл хөдлөл, харилцан яриаг кофе, тамхи тодруулж буй. Дээр дурдсанаар кофе, тамхи гүүр болон тэднийг ойртуулсан ч юм бил үү. Гэвч хамгийн сайн холбогч байсан ч хүмүүс нэг нэгнээ 100 хувь ойлгох тохиолдол бараг үгүй. “Coffee and cigarette” кинонд ч, бидний өдөр тутмын амьдралд ч тэр. Улиг болсон багны тухай яриаг орхилоо. Харин бид ихэнх тохиолдолд зүрхнийхээ бус тархиныхаа “хэл”-ээр харилцдаг учраас үл ойлголцол байнга гардаг ч байж болох юм. Тухайлбал киноны “Cousins хэсэгт Кэйт Бланшет алдартай жүжигчин үеэлтэйгээ уулзаж буйг харуулдаг. Од бүсгүй, түүний үеэлийн аль алины дүрд Кэйт Бланшет тоглодог. Тэд халуунаар тэврэлдэн, нэг нэгнийгээ санаснаа гайхан уулзах ч ярих сэдэв ч олдохгүйн дээр үл үзэгдэх хана дунд нь байлаа. Бусад хэсгийн адил тэд бас кофе ууж, тамхи татна. Удалгүй жүжигчний утас дуугарч, ажил руугаа буцах бөгөөд үеэлдээ үнэтэй бэлэг өгдөг. Үеэл нь уулзалтынхаа тэн хагаст рок хамтлагийн гишүүн болох найз залуу Лигийнхээ тухай ярьдаг ч жүжигчин “Дараа Лоутэй уулзана” хэмээн сална. Ганцаараа үлдсэн үеэл нь тамхи асаах гэтэл зөөгч кафед татаж болохгүйг анхааруулав. Уг нь бүсгүй тэнд хэдхэн минутын өмнө нэгэн од үеэлтэйгээ тамхилж суусан даа.
Жим Жармуш хүн бүрт зориулж үйл явдлыг нь дэглэснээс гадна зураг авах үеэр жүжигчид харилцан яриагаа өөрсдөө зохиосон нь киног амьд болгож чаджээ. Түүнчлэн  “
Coffee and cigarette” нэг талаар action төрлийн бүтээл ч байж болно. Компьютер, технологит дулдуйдсан нүсэр зураг авалтууд, тулааны хэсгүүд үнэндээ хиймэл дүрслэл. Харин жинхэнэ action хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, мөчийн дотор солигдох нүүрний хувирал, эргэлзээ, хүлээлт юм. Харин үүнийг “Coffee and cigarette” мэдрүүлэх болно.




0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.