Wednesday, November 30, 2011

Эмэгтэй хүн, гал улаан өнгө, камер


Үзэгдэл 1. Үзэсгэлэнт бүсгүйн хуримын өдрийн өглөө. Тариачин эрчүүд шинэ бэрийг суулгасан улаан сүйхийг дамнан тутраганы талбайгаар явна. Тутрагаар архи нэрэгч, баян нөхөр рүүгээ очиж буй бүсгүй улаан хувцас өмссөн байх бөгөөд нүдэнд нь нулимс мэлтэлзэх нь сүйхийн хөшигний завсраар харагдана.
Үзэгдэл 2. 1920-иод оны үе. Баян ноёны өргөөний олон хаалганы нэгэн дээр улаан дэнлүүнүүд асаажээ. Шинэ эхнэрийн хөлийг зарц товшуураар тогших чимээ нэгэн жигд сонсогдоно. Сэгсгэр үстэй, хувцсаа хайш яйш өмссөн бүсгүй хаалганы гадна холхино. Шинэ эхнэр: “Тэр хэн бэ” Зарц: “Ноёны дөрөвдүгээр эхнэр байсан юм. Галзуурчихсан даа, хөөрхий”.
Атаа жөтөө, хүсэл шунал, ганцаардал гуниглалаар дүүрэн тансаг өргөө.
Үзэгдэл 3. Эрчлэн давхих морин тэрэгний араас бүсгүй амьсгаадан гүйнэ. Гэсэн ч бүсгүй тамирдан унаж, морин тэрэг зүрх сэтгэлийг нь аваад явчихлаа. Тэр унахдаа залууд зориулан өдөржин хийсэн баншаа асгаж, түүнд хоол хийн өгдөг байсан аягаа хагалчихаж. Намрын ой, тал наранд шаргалтахын завсар улаан хувцастай бүсгүй уйлж сууна. Тэр эргэж ирэх болов уу?


Жан Имоуг дэлхий дахин Хятадын хамгийн алдартай кино найруулагч гэдгээр нь мэднэ. Тэрбээр “Улаан дэнлүүг асаа”, “Гэртээ харих зам”, “Баатар”, “Долоогоны модон дор”, “Алтан цэцгийн хараал”-аараа алдаршиж, артхаус кино box office-ыг тэргүүлж болдгийг харуулсан. Жан Имоу Берлин, Венец, Канны кино наадмын шилдгээр хэд хэдэн удаа шалгарсан юм. Түүнчлэн 2008 оны Бээжингийн зуны олимпийн нээлт, хаалтыг найруулсан гавьяатай. Анхны кино “Улаан тутрага”-аараа өөрийгөө кино ертөнцөд тунхаглаж, хямсгар судлаач, шүүмжлэгчид түүнийг магтаалаар булж байлаа. Энэ бүхэн Жан Имоугийн хэр сайн найруулагч болохыг батлах биз. Гэвч юуны өмнө түүнийг кино найруулагч гэдгээс илүүтэй эмэгтэй хүн судлаач гэвэл онох мэт. Учир нь тэрбээр эмэгтэй хүний дотоод сэтгэлээр дамжуулан тухайн цаг үе, нийгмийн амьдралыг алган дээр дэлгэх мэт тод харуулдаг. “Улаан тутрага”-ын Жиу Эр, “Жү Доу”-гийн гол дүр, “Гэртээ харих зам”-ын Жао Ди, “Долоогоны модон дор”-ын Жин Шү хайрынхаа төлөө юуг ч хийж чадахын зэрэгцээ хүнд, хэцүү амьдралын өмнө огт бууж өгөөгүй хүчирхэг бүсгүйчүүд билээ. Хятадын төдийгүй дэлхийн кино ертөнцөд шагшигдсан Гонг Ли, Жан Зыг ч Жан Имоу анх нээсэн юм.
Түүнийг мэндэлсэн жил буюу 1951 онд Хятадын иргэний дайн дөнгөж дуусаад байлаа. Жан Имоугийн аав нь Чан Кайшигийн армийн офицер байсан бөгөөд авга ах, том ах нь ялагдлынхаа дараа Тайвань руу дүрвэжээ. Үүнээс шалтгаалан хүүхэд нас нь хүнд нөхцөлд өнгөрсөн бөгөөд Соёлын хувьсгалын үеэр Жан Имоуг сургуулиас хүчээр гаргаж, хөдөө ажил хийлгэхээр цөлсөн байна. Хэдийгээр түүнд үзэх, харах зүйл ховор байсан ч багаасаа урлагт, тэр дундаа гэрэл зураг, уран зурагт татагддаг байв. Тэр 18 настайдаа таван сарын турш цусаа хандивлаж, мөнгө цуглуулснаар анхны камераа худалдан авч байсан гэдэг. Ихэнх хүн 27 настайдаа ирээдүйн зорилготой болж, ямар ажил хийхээ төлөвлөчихсөн, зарим нь амжилтад хэдийнэ хүрсэн байдаг. Тэгвэл Жан Имоу энэ насандаа анх их сургуулийн босго алхсан ч ирээдүйд хэн болохоо мэдэхгүй байсан тухайгаа нэгэн ярилцлагтаа дурссан нь бий.
Бээжингийн кино урлагийг 1982 онд төгсөгчид кино ертөнцийн түүхэнд Хятадын киноны тавдугаар үеийнхэн нэрээр үлдсэн бөгөөд тэднийг Жан Имоу тэргүүлдэг. Хятадын уламжлалт амьдрал, соёлыг харуулсан ч социалист реализмыг үгүйсгэсэн байдаг нь энэ үеийнхний онцлог. Тиймээс ч Засгийн газрынхаа зүгээс дарамт, хавчлагад их өртдөг аж.

“Зовлонд өртсөн хүмүүс миний баатрууд”
Найруулагч Жан Имоугийн “Time” сэтгүүл, “CNN” телевизэд өгсөн ярилцлагаас хүргье.

-Таны кинонууд коммунизмыг шууд биш ч шүүмжилсэн шинжтэй байдаг. Хятадын эрх баригчдын дарангуйлал дор тийм утга агуулгатай кино бүтээх мэдээж амаргүй биз. Эх орондоо амьдарч, бүтээлээ туурвихын тулд тэдэнтэй та яаж зохицдог вэ?
-Хятадын бусад найруулагчийн адил би хаана хүрээд зогсохоо мэддэг. Тэгээд ч миний кинонууд тэднийг хэт хурц, гүн гүнзгий шүүмжилдэггүйг шүүмжлэгчид хэлдэг шүү дээ. Тэдэнтэй яаж зохицох хэрэгтэй вэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь зохицох ёстой гэхээс өөр сонголт бидэнт байхгүй. Энэ бол бодит байдал. Уг нь бид бүтээлдээ дүрсэлдгээс илүүг хэлж, үзүүлж чадна. Ирээдүйд манай орны уран бүтээлчдэд хүссэн бүхнээ хэнээс ч айлгүй илэрхийлэх эрх чөлөө олдох биз. Одоогоор улс төрийн том далбаан дор хүмүүс их далайд хөвөх ганц навч мэт байна. Тэдэнд хувь заяагаа гартаа атгах боломж байтугай ямар ч сонголт алга. Намайг зарим хүн улс төрийн кино хийдэг гэдэгтэй би санал нийлдэггүй. Хүмүүсийн хувь тавилан, амьдрал, үзэл бодол, сэтгэл хөдлөлийг харуулах нь надад чухал. Соёлын хувьсгал, коммунист намын дарангуйлал Хятадын түүхэнд гүн ул мөр үлдээсэн учраас яах аргагүй киноны дэвсгэр болж байгаа юм.
-Аав, ах нар тань иргэний дайнд коммунист намын эсрэг талд тулалдсан. Гэр бүлийн энэ орчин танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хятадын засгийн газраас гаргасан “Таван хар” хэмээх ангилалд манайх багтдаг байлаа. Газрын эзэн, баян фермер, барууныг дэмжигч, муу нөлөө үзүүлэгч, хувьсгалын эсрэг тэмцэгчид энэ ангилалд багтаж, засгий газрын хатуу хяналт дор амьдардаг байв. Манай гэр бүл үүнд багтдаг байсан учраас надад сайн ажилд орох, сургуульд сурах боломж байсангүй. Намайг 16-тай байхад сургуулиас хүчээр гаргаж, тариалангийн талбайд гурав, үйлдвэрт долоон жил ажилласан. Соёлын хувьсгал дуусах үед би өдөр, шөнөгүй хөвөнгийн үйлдвэрт ажиллахаа больж, орчноо өөрчлөх хэрэгтэйг ухаарлаа. Миний бодлоор надад тохирох хамгийн зөв зам их сургуульд элсэх байсан учраас соёлын сайдад захиа бичсэн юм. 27 настай хүн их сургуульд элсэхэд хэтэрхий хөгшидөх учраас хүссэн хариу ирэх эсэхт эргэлзэж байтал намайг Бээжингийн кино академийн зураглаачийн ангид авсан даа. Гэхдээ тэр үед би төгсөөд сонинд сэтгүүлч эсвэл гэрэл зурагчнаар ажиллана гэж боддог байв. Соёлын хувьсгалын үеэр би олон бэрхшээлтэй нүүр тулахын зэрэгцээ зовлонд өртсөн хүмүүсийг харж байлаа. Энэ нь хүний амьдрал, хувь заяаны тухай асуулт руу намайг хөтөлж, хожим кино хийхэд ч гол хөшүүрэг болсон. Тиймээс ч гарах гарцгүй, хүнд нөхцөлд орсон хүмүүс миний киноны баатрууд болдог юм.
-Гонг ли, Жан Зы нарын жүжигчин таны кинонд ямар байр суурьтай вэ. Та яагаад заавал эмэгтэйчүүдийн амьдралыг кинондоо чухалчлан харуулдаг юм бэ?
-Хятадын уламжлалд гэрт ч, нийгэмд ч эрэгтэй хүн илүү нөлөөтэй. Эмэгтэй хүн бараг л боол мэт байдаг. Манай нийгмийн аль ч үед бүсгүйчүүдэд хэтэрхий их дарамт, шахалт үзүүлсэр ирсэн. Би үүний эсрэг бат зогсдог. Тиймээс ч эмэгтэй хүний зүрх сэтгэл, оюун бодол, хувь заяаг асуудлын голд тавьдаг. Ихэнх бүтээлийн маань гол дүрд тоглосон Гонг Ли, Жан Зы нар кинонд гол үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд хөөрхөн царайнаас хамаагүй илүү зүйл бий нь авьяас болон мөн чанар. Баатруудын сэтгэл хөдлөл, ухаан, тухайн мөчид үзүүлэх хариу үйлдлийг яг миний хүссэнээр гаргаж чаддаг учраас би тэднийг сонгодог.
-Таны бүтээлээс үзэгчид юуг онцолж хараасай гэж хүсдэг вэ?

-Киноны дүрслэл, зураглалыг үзэгчид хэзээ ч битгий мартаасай. Би кинондоо тод өнгө, ялангуяа улааныг илүүтэй харуулдаг. Үүнийг шүүмжлэгчид дийлдэшгүй их хүсэл, хайр дурлал, цус, зарим нь бүр коммунист намын улаан туг гэж үздэг юм билээ. Би Хятадын хойд хэсэгт өссөн. Тэндхийн ардын урлаг, ерөнхий орчин надад хүчтэй нөлөөлж, тод өнгө эрхэмлэхэд хүргэсэн болов уу.
-Ихэнх кино найруулагчийн хувьд Оскарын шагнал авах нь уран бүтээлийн оргил. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Би Оскарын шагнал гардуулах ёслолд хоёр удаа очиж үзсэн. Цэвэр америк тоглоомд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Европын найруулагчид Холливудыг хортой зүйрлэдгийн учрыг тэнд очоод л ойлгосон. Америкийн ихэнх кино залуу үеийнхэнд муу үлгэр дууриал, сөрөг нөлөө үзүүлж байгаад санаа зовдог.

2 comments:

Д.Нямдорж said...

Сайхан бичвэр оруулжээ, баяр хүргэе. Үүнээс ч илүүг оруулна гэдэгт итгэж байгаа шүү.

Я.Баяраа said...

Jan Imou bp; suu bilegt dorniin negen jishee.

Tuunii kinonii huuhnuud dorniin suvd bolj8 tuuniii kinonuud ungu dorniin eremseg nandin chanariig buhend duuddag bilee.

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.