Tuesday, June 14, 2011

Амхерстийн “даяанч”


Би хэн ч биш! Харин чи хэн бэ?
Чи ч бас хэн ч биш үү
Тэгвэл хоёул адилхан юм байна, битгий хэл
Тэд биднийг цөлчихнө шүү!

Хэн нэгэн байх хэчнээн гунигтай!
Олны өмнө мэлхий шиг
Өдрийн турш нэрээ зарлана,
Өрөвдмөөр, нүд хуурах балчиг намагт.

Нийгэмд эзлэх байр суурь, эмэгтэй хүний үүрэг, бусдад төрүүлэх аятай сэтгэгдлийг үл тоон, байгалийг шүтэж, ганцаардалтайгаа ханьсан, мөнх бусийн тухай бясалган, бүхий л амьдралынхаа турш өрөөндөө “даяанчилсан” Эмили Дикинсон нас барсан хойноо л олонд танигдсан билээ. Дээрх мөртүүд ч үймсэн олноос зай барьж, үйл явдалд ажиглагчаар л оролцдог эзнээ харуулж байгаа бус уу?
Тэрбээр АНУ-ын Массачусетс мужийн Амхерст хотын нэр хүндтэй гэр бүлийн хоёр дахь хүүхэд бөгөөд 1830 онд мэндэлжээ. Өвөг эцэг нь Амхерстийн коллежийг үндэслэгч, харин аав нь тус сургуулийн санхүүг хариуцагч төдийгүй хүндтэй улстөрч байв. Тиймээс ч гурван хүүхдийнхээ боловсролд ихэд анхаарч, онцгой их мэдлэгтэй болгохыг зорьжээ. Хожмын нэрт найрагч Амхерстийн академид долоон жил сурахдаа сонгодог уран зохиол, латин хэл, газарзүй, түүх, гүн ухааны хичээл заалгана. Уламжлал, хууль ёсыг ягштал баримталдаг эцэг, эх нь хүүхдүүдээ загалмайтны шашны ном ёсоор хүмүүжүүлнэ. Чанд хатуу үзэлт эцэг Эдвард Дикинсон нь “гаж, буруу” үзэлд автахаас нь сэргийлж хүүхдүүдийнхээ унших номыг ч хянадаг байсан гэдэг. Эртний домог туульс болон Шарлотт Бронте, Уильям Шекспир, Хэнри Давид Торо, Ральф Уолдо Эмерсон нарын зохиолоор Эмили охины оюун “тэжээгдэж” байлаа.
Эмилиг 10 настай байхад тэднийхэн шинэ байшинд нүүн орсон бөгөөд өрөөний цонх нь оршуулгын газар руу хандсан байрлалтай байв. Шүлэгт нь үхэл, диваажин, бурхны сэдэв зонхилдог нь ч үүнээс эхтэй байж болох. Мөн 14 настайд нь дотны найз, үеэл эгч София нас барсан нь түүнд хүнд цохилт болж, сэтгэлийн дарамтанд орсон охиноо эцэг, эх нь Бостон руу явуулжээ. Удалгүй тэр аяллаасаа ирэн хичээлдээ шамдаж эхлэв. Тэр үед Эмили амьдрал туршийнх нь анд, утга зохиолын нөхөр Сюзан Гилберттэй танилцсан байна. Эмили Сюд зориулж олон шүлэг бичсэн төдийгүй гойд найраглиг 300 гаруй захиа илгээжээ. Хожим түүний ах Остин Дикинсонтой нь гэрлэсэн Сюзаныг найрагчийн онгодын охин тэнгэр, магадгүй дурлалт бүсгүй нь байсан гэж судлаачид таамагладаг. “Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад дахин хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу” хэмээн тэрбээр Сюзид бичсэн удаатай.
Амхерстийн академийг дүүргэснийхээ дараа Эмили Өмнөд Хадлейн эмэгтэйчүүдийн коллежид үргэлжлүүлэн сурсан ч арван сарын дараа орхижээ. Эрүүл мэндийн шалтгаанаар Бостон руу явсан, Филадельфи, Вашингтонд хэдхэн долоо хоногийн хугацаанд зорчсон зэргийг нь эс тооцвол төрөлх гэрээсээ холдоогүй тэрбээр энэ л үеэс эхлэн олноос тасран гэртээ бүгж, шүлэгчийнхээ хувьд ч зожигорч эхэлсэн байна.
Америкийн төдийгүй дэлхийн утга зохиолын түүхэн дэх онцгой өдрийн нэг гэгдэн хожим түүхэнд тэмдэглэгдсэн 1862 оны дөрөвдүгээр сарын 15-нд Эмили зохиолч, шүүмжлэгч Томас Хиггинсонд шүлгүүдээ хавсаргасан захидал илгээжээ. Хиггинсоны “Залуу зохиолчдод хүргэх захиа” нийтлэлд Эмили хариу бичиж, бүтээлүүдээсээ сонирхуулсан нь тэр байж. Энэ нь нууцлаг найрагч эмэгтэй утга зохиолын хүрээлэлд бүтээлээсээ дэлгэсэн анхны тохиол ба Дикинсон, Хиггинсон нар олон жилийн хойно нэг л уулзаж, найрагчийг насан эцэслэх хүртэл захидлын найз, оюуны хамтрагчид байжээ.
1860-аад оны үеэс эхлэн зөвхөн цагаан өнгийн хувцас өмсөх болсон Эмилиг хотынхон нь “Цагаан хувцастай эмэгтэй” хэмээдэг байв. Чухам энэ үеийг түүний уран бүтээлийн оргил гэж намтрыг нь бичигчид үздэг. Цэвэр ариун хийгээд үхэл, бурхныг бэлгэдсэн цагаан өнгө, цэцэгс, шүлгүүдэд нь олонтаа дүрслэгдсэн дов толгод, жаргаж буй нар мөн Карло нэрт нохой нь Эмилигийн үнэнч нөхөд болж байлаа.

Улиран нисэгчид-
Зөгий, шувууд, цаг хугацаа
Гунигт шүлэггүй.
Үлдэвч одогсод-
Булш, толгод, өнө мөнх
Надад зохисгүй.
Хэвээр хоцрогсод-
Тэнгэрийг би тайлбарлаж чадах уу?
Таавар чигээр эд хэрхэн оршном!

Ахуйд буртаглагдаагүй цэвэр мэдрэмжээс л яруу найраг төрдөг. Олны хөлөөс дайжин, ганцаар сууснаараа Эмили дотогш алсарч, өөрийн дуу хоолойг сонсон үхэл, амьдралын учир утгыг бясалган, энгийн зүйлсээс ч гоо үзэсгэлэнг олж харсан нь гайхамшгийг бүтээсэн болов уу.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.