Tuesday, June 14, 2011

Зүүдний гүнж





“Ганцаардал шиг үнэнч нөхөр хаана ч байхгүй. Бид олон хүнээр тойрон хүрээлүүлсэн үедээ ч зүрхнийхээ гүн дэх бяцхан өрөөнд сууж байдаг” хэмээн Америкийн яруу найрагч Хэнри Дэвид Торо хэлсэн. Хэрвээ тийм бол ганцаардлаас айж, зугтана гэдэг үнэндээ өөрөөсөө холдохын нэр мэт. Тэгвэл зураач Ж.Анунаран энэ сарын 3-9-ны хооронд дэлгэсэн “Бүү ай” үзэсгэлэнгээрээ мөн чанараа таниж, жинхэнэ “би”-тэйгээ нүүр тулахаас бүү ай хэмээн тунхаглажээ. Эхийн хэвлий дэх ураг, эхоны бичлэг, аавын хайчилсан үнэг...Тэрбээр эдгээр бүтээлээрээ дамжуулан хүнийг эхийн хэвлийд байхаас эхлээд газар, тэнгэрт уусан алга болох хүртэл жинхэнэ мөн чанар нь зүүдээр дамжин ирдэг гэдгийг илэрхийлсэн юм. Гэхдээ түүний бүтээлийг зөвхөн үүгээр хязгаарлалгүй, хэн ч гэсэн өөрийнхөөрөө тайлж уншиж болно. Учир нь урлагийн салшгүй нэг хэсэг нь үзэгч, хүртэгч билээ.

-Бүтээлд тань олонтаа гардаг бугаар юуг бэлгэдсэн юм бэ?
-Миний хувьд зүүд бол амьдралын салшгүй нэг хэсэг. Зүүдэнд санаанд оромгүй сонин, гайхалтай үйл явдлууд байнга учирна. Тэдгээрийн нэг нь энэхүү буга юм. Багаасаа зүүдэлсэн уг буганы учрыг олохыг хичээж, тэрхүү амьтан би байж болохыг ойлгосон юм. Буганы тухай эрэл одоо ч дуусаагүй. Өөрөөр хэлбэл, би өөрийгөө хайж, олж нээсээр байна.
-Тэгэхээр зүүднээсээ бүтээл авчирдаг хэрэг үү?
-Зүүдийг би өгөгдөл, дохио гэж ойлгодог. Өнгөрсөн, одоо, ирээдүйн алинд ч тохиосон хийгээд тохиох үйл явдлыг дамжуулагч юм шиг ээ. Зөвхөн би гэлтгүй бусад уран бүтээлч ч зүүднээсээ бүтээл авчирсан тохиолдол олон. Би зүүдний тайлалд тийм ч итгэдэггүй. Хариуг нь хүн дотроосоо, өөрөөсөө л олох хэрэгтэй байх. Тэгэх тусам өөрийгөө таниж чадна.
-Хамгийн сүүлд юу зүүдэлсэн бэ?
-Өнөө өглөө цас орж байна гэж зүүдэлсэн.
-Зураач болоход тань юу ихээр нөлөөлсөн бэ?
-Зурах дуртай байсныг маань аав, ээж хоёр их дэмждэг байсан. Өөр тийш хазайлгүй зөвхөн уран бүтээлчийн замаар явахад санхүүгийн талаас эхлээд бэрхшээл их тохиолдох ч гэр бүлийнхэн маань намайг сайн ойлгодог. Хүн болгонд хийх ёстой зүйл байдаг. Тэрийгээ хийх гэж л төрдөг болов уу.
-Хувь заяа гэдэг шиг үү?
-Тийм ээ. Болох ёстой зүйл болдгоороо л болно гэж би боддог юм. Заримдаа аливаа юмыг мянга хүчлээд ч болдоггүй байхад хар аяндаа өөрөө бүтчихдэг ажил ч байна. Жишээлбэл би үзэсгэлэнгээ гаргах гэтэл галерейн асуудал эхэндээ бүтээгүй. Болгох гээл улайраад зүтгэх тусам бүтэхгүй байв. Гэтэл хүчлээгүй байтал үзэсгэлэн маань гарахаар болсон. “Цагийн юм цагтаа” гэдэг дээ.
-Онгод танд хэрхэн орж ирдэг вэ?
-Би тэрийг үгээр тайлбарлаж мэдэхгүй юм. Цаанаасаа л нэг юм гарч ирдэг. Ертөнцөд асар том мэдээллийн сан бий гэдэг. Тэндээс хүмүүст мэдээлэл, өгөгдөл ирдэг байх. Тэрхүү өгөгдлийг уран бүтээлчид бусдаас арай илүү мэдэрч, дамжуулдаг. Магадгүй тэрнийг онгод гэж нэрлэдэг ч байх.
-Үнэгний инстоляци тань тун сонирхолтой юм. Зальт шар үнэгийг яагаад хар өнгөөр хийсэн юм бэ?
-Хар, цагаан өнгөтэй үнэг байдаг шүү дээ. Үнэгийг би зүүдний манаач гэж боддог. Хүүхэд үнэг хоёрын харилцаа их сонин. Бодит ертөнцийг хүүхэд, зүүдний ертөнцийг үнэг төлөөлж байгаа юм. Мөн зүүдийг үнэгээр төлөөлүүлсэн. Монгол хүн бүр багадаа үнэгээр “мануулдаг” байсан. Харин том болж, ухаан суугаад нийгмийн харилцаанд орохын хэрээр өөрөөсөө холдож, төрөлх чанараа гээдэг юм болов уу. Гээгдсэн тэрхүү зүйл зүүд зөнгөөр дамжин илэрдэг гэж би боддог. Тэгвэл хүмүүс үүнийгээ эргэн санаасай, битгий алдаасай гэсэндээ энэхүү үнэгний инстоляцыг хийсэн.
-Зүүдийг зэрэгцээ орших ертөнц гэж зарим эрдэмтэн үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл, хүн унтаж байхдаа зүүдэндээ бас амьдардаг юм байна л даа.
-Би ч бас тэгж боддог. Зүүд бол цэвэр мэдрэхүйн ертөнц. Тэнд хүмүүс хуурамч баг, хиймэл төрхгүй амьдардаг. Зүүд бүр харилцан адилгүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шиг зүүдэндээ юутай учрахаа ч бид таашгүй. Тэр тусмаа зүүд улам сонирхолтой болдог.
-Нийгэм бүтээлд тань хэрхэн нөлөөлдөг вэ. Эсвэл хүмүүсээс аль болох хол байж, өөрийгөө чагнаж бүтээл туурвихыг хичээдэг үү?
-Миний хувьд аль алиныг нь хослуулахыг боддог. Бүтээлээрээ дамжуулан бусдад юу хэлэх гэсэн санаа ч давхар байх хэрэгтэй болов уу. Жишээ нь “Бүү ай” үзэсгэлэн маань зүүдний ертөнц, зөн совинтой холбоотой ч үр хөндөлтийг эсэргүүцсэн санаа маань давхар агуулагдаж буй. Хүүхэд гэдэг бүхний эхлэл. Хүн төрлийг олно гэдэг хэдэн саяд тохиох боломж гэдэг. Гэтэл нэгэнт бий болсон амийг устгана гэдэг аллага үйлдсэнээс ялгаагүй. Үүнээс гадна би “Nomad wave” буюу “Нүүдэлчдийн давалгаа” бүлгэмийн гишүүн. Бидний гол зорилго бол урлагаар дамжуулан үндэсний үзэл, ёс заншлаа хадгалах явдал юм. Үүнийгээ орчин үеийн урлагийн нэг төрөл перформансе артаар илэрхийлдэг.
-Зурах арга барил, урсгал чиглэл тань юу вэ?
-Зурах арга барил маань чөлөөтэй. Хэлбэрээс илүү агуулга нь чухал. Тиймээс бодол санаагаа илэрхийлэхэд аль тохиромжтой арга хэрэгслийг сонгоно. Чиглэлийн хувьд миний ихэнх бүтээл консептуал төрөлд хамаардаг.
-Өдрийн аль хэсэгт зурах дуртай вэ?
-Зурах хүсэл төрвөл өглөө, өдөр, шөнө, хамаагүй ээ.
-Бүтээлээс тань голдуу хар, цагаан өнгө харагдлаа. Энэ хоёр өнгөнд дурай юу?
-Өнгө бол тухайн уран бүтээлчийн бодол санаа хийгээд бүтээлийг илэрхийлэгч. Хар цагаан нь товч, тодорхой өнгө тул “Бүү ай” үзэсгэлэнгийн маань санаанд нийцсэн хэрэг.
-Өөртэйгөө нүүр тулахаас бүү ай гэдэг санааг та бүтээлээрээ илэрхийлсэн. Тэгвэл та өөрийнхөө мөн чанарыг таньж, дотогш харж чадсан уу?
-Би өөрийгөө бүрэн төгс олсон хүн биш, аян замдаа л явна. Өөрийгөө олно гэдэг гэгээрэхтэй адил байх. Хүн бүр гэгээрч чадахгүй ч дотоод руугаа хандаж, аль болох муу муухайгаас хол явах хэрэгтэй мэт.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.