Tuesday, June 14, 2011

Playtime-2010

Майхан сав, том цүнх, гитар үүрсэн хүмүүс бямба гаригийн өглөө Драмын театр хавиар бужигналдаж байв. Тэд есөн нас хүрч буй “Playtime” амьд хөгжмийн наадамд оролцохоор цугларсан нь энэ. Удалгүй автобус ч ирж, бид Гачууртыг зорин хөдөллөө.
Хит парадыг байнга тэргүүлдэг нөгөө л хэдэн дуу автобусны хөгжмөөр явна. Харин рокын үнэнч шүтэн бишрэгчид тус тусын чихэвчээ зүүн, дуртай хөгжмөө сонсон, “бие халаалт”-аа хийж буй нь анзаарагдсан. Би ч тэднээс үл дутан Германы трэш метал “Kreator”-г чихээрээ дамжуулж, зүрхэндээ тоглуулан цааш явлаа. Хамгийн ихээр хүндлэн биширдэг хүнтэйгээ уулзах болвол ямархан нэг салхи сэтгэл дотор тань шууран ирж, хоргох агшныг санаж байна уу? Тэгвэл тэр мэдрэмж намайг бүхэлд нь эзэмдчихээд байлаа. Чихнээ шуурах “хахир” хөгжим, хамт яваа залуусын эрчим хүчний урсгал, шугамын автобусыг хурдны машинтай “андууран” давхих жолооч...Миний хувьд тэр бүр гадагшилдаггүй адреналин даавар энэ замын турш дотроос оргилж байсныг нуух юун.
Хагас цагийн дараа “Монгол Шилтгээн”-ий үүдэнд унаа маань “газардлаа”. Хулгана багтмаар жижигхэн хаалга руу залуус мал мэт зүтгэлгүйгээр дараалалдаа зогсон, соёлтой гээч нь орцгоож байлаа. Жилийн жилд л “Playtime” руу хүнсний зүйл авч орохыг хориглодог. Энэ удаа ч мөн адил. Хаалгаар оров уу үгүй юу хамгаалагчид хүмүүсийн цүнхийг “нэгжицгээнэ”. Хоол унд, элдэв төрлийн “өвс ургамал”-гүй цүнхний эзэд ногоон гэрлээр урагшилж байв. Тэгээд ч ихэнх цүнх онц дүн авсан.
Өдрийн 13 цагийн үед амьд хөгжмийн наадамчид буурь сууриа олж, майхан сэлтээ босгож, зарим нь шингэн талхаа хүртэн тухлан сууцгаажээ. Энэ завсар хүмүүс нэмэгдэн ирсээр.
Төлөвлөгөө ёсоор наадам 13.30 цагт эхлэх байсан. Гэхдээ хаанахын ямар ч тоглолт цагтаа эхлэхгүй бичигдээгүй “хууль” манайд үйлчилдэг. Харин ч хаа очиж ердөө л 30 минут хоцорч эхэлсэн нь баярлууштай байлаа. Шинэ залуу хамтлагууд наадмын салхийг хагалах нь мэдээж. Хуваарь дээр “Азжаргал” гэсэн нэр хамгийн эхэнд байсан. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг ч эргэлзээ, үл итгэл, шооч харцнуудыг тас цохин, эхний салхийг хагалана гэдэг хамгаас хэцүү. Харин “Азжаргал”-д техникийн жижигхэн зовлон тохиосныг эс тооцвол тэд ч салхийг хагалах шиг болсон. Бяцхан охин шиг эгдүү хүрэм хоолойтой гоцлол дуучин үзэгчдийн хайрыг татаж байсан. Тэдний дараа “Crankheads” хамтлагынхан тайзнаа гарсан бөгөөд аргил дуугаралтыг гаргагч басс гитарчин нь эмэгтэй хүн байв. Эмэгтэй рок дуучид, хөгжимчид нэг үеэ бодвол харьцангуй олширсон нь харгадлаа. Оролцсон 45 хамтлагийн дөрөв дэх нь болох “Swing Round”-ийн гоцлооч нь мөн л бүсгүй хүн. Америкийн инди рок “Yeah yeah yeahs”-ийн дуунуудаас тун чадварлаг тоглосон.
Шинэ гарч ирж буй залуус дэлхийн алдартай хамтлаг, дуучдын бүтээлээс гадна өөрсдийн бүтээлээс ч тоглож байлаа. Амьд тоглолт гэхээр ихэнх хүмүүст хөгжмийн хэмнэлд толгойгоо саван, үсрэх төсөөлөгддөг. Тэгвэл эхний хамтлагуудыг тоглох үед тэр үзэгдэл болсонгүй ээ. Танихгүй хамтлагуудын мэдэхгүй дуунаас бишүүрхэцгээсэн үү, хараахан “халж” эхлээгүй байсных уу. Аль нэг нь л байх. “Наадамчид” гараа халаасандаа хийн зогсож, шинэчүүдийг сонжих мэт үзэцгээж байсан.
Энэ завсар “Playtime”-ыг хэсэг тойрон, хүмүүсийн ярианд чих тавьлаа. Жил бүр ирдэг үнэнч үзэгчид зохион байгуулалт, хөгжмийн техник, дуугаралт нь түрүү жилүүдийнхээс эрс сайжирсныг дурьдаж байв. Харин наадмын үеэр тоглолтоос өөр үзэж харах зүйл байхгүй байсанд хүмүүс сэтгэл дундуур байсан. Өмнөх наадмын үеэр гарсан зургийн үзэсгэлэн, body art, шивээс, цоолбор, хувцас, чимэглэлийн худалдаа аль нь ч байсангүй. Тайз, хоолны хэсэг хавиар хийх юмгүй хөлхөлдсөн хүмүүс л байлаа. 2009 оны наадмын үеэр тэнд хар тамхи борлуулсан, хэрэглэсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ жил рокерууд маань “томоотой” байсан бололтой. Эргүүлд гарсан Баянзүрх дүүргийн цагдаагынхан эхний өдрийн байдлаар элдэв хэрэг зөрчил гараагүй тухай мэдээлсэн юм.
Тэгээд ч “Hi Fi records”-ынхон дэг журамтай, нарийн зохион байгуулсан. Наадмын үеэр “журамлагдаагүй” нэг л зүйл байсан нь шар айраг. Угаас түүнгүй амьд хөгжмийн тоглолт гэдэг давсгүй хоолтой адил байлгүй. “АПУ”-ийн 500 гр-ийн савалгаатай “Нийслэл”, “Боргио” 2000 төгрөгөөр сайн “гүйж” байсан. Ундааны хувьд ийм. Харин хүнсний тухайд ярьвал mr.Chicken-ий 3900-24900 төгрөгийн үнэтэй иж бүрдэл, бусад гэрээт газрын түргэн хоол эрэлт хэрэгцээ ихтэй байв. Гэхдээ тэдний үнэ нь хоолны амт хэмжээнд төдийлөн хүрэхгүй байсан юм. Оройн сэрүүний үеэр нэг удаагын кофег хоёр аяганд хуваан хийж 1000 төгрөгөөр зарсан газар ч залуусын хэлснээр “бурзайсан” болов уу. Гаднаас ямар ч төрлийн хоол хүнс оруулах боломжгүй тул хэлсэн үнийг нь бушуухан төлөөд, өгсөн зүйлийг нь аргагүй л авцгаалаа.
Тэнгэрт гялалзах одод хичнээн олон боловч
Тэргэл сар чи ганцхан билээ
Сая саяараа хүмүүс байх боловч
Сайхан чи минь ганцхан билээ...хэмээн үзэгчид хоршин дуулж эхэлсэн нь тайзан дээр L-Guards-ууд гарч ирснийх байв. Playtime-ийн хууччуул ирж, үзэгчид ч тайз руу улам ойртож эхэллээ. Тэдний араас Mohanik, Daisy, Vatame, The Pips, A-sound зэрэг хамтлагууд тоглосон. Үзэгчид ч хуучны андаа харсан мэт баярлан, даган дуулж, уярч, бүжиж, үсэрцгээж эхэллээ. “Морьтой ч болоосой” гэж мөрөөдөж, “Дурлал чи надаас юу хүснэ вэ” хэмээн бодлогширох “Уранхай ч гэсэн кет”-ээ угласан залуусын “Зүйрлэшгүй амар амгаланг” мэдэрч чаддаг, тэдний “Hiding place” нь “Монгол шилтгээн” байв уу гэлтэй.
“Playtime 2010” түрүү жилийхтэй адил хуртай болж өнгөрлөө. Гэвч рок хөгжмийн хэмнэлд автсан залууст бороо бол юу ч биш бололтой. Угаас цаг агаарыг захиалах биш, хэрвээ тийм боломж гарвал тэд бүрхэг өдөр, борооны үүлийг л сонгох байсан биз.
Жил бүр мотоциклчид цуглан ирж, төмөр хүлгүүдээ эгнүүлэн тавьсан нь сүртэй харагддаг. Энэ жил ч савхин хүрэм, урт үст байкерууд салхи татуулан хүнгэнэсээр ирлээ. Тус наадмын үеэр “Нимбэгнүүд”-ийн төрсөн өдөр тохиож, тэд долоон нас хүрсэн. Үзэгчид төрсөн өдрийн дууг тэдэнд зориулан дуулж, хамтлагынхан ч тайзан дээр гарахаас урьтан баяраа тэмдэглэсэн харагдана лээ.
Монголын амьд хөгжмийн эцгүүд “Nisvanis”, “Bulsara”, “Аясын салхи” хамтлагууд наадмын хоёр дах өдөр, хаалтын үеэр тоглосон. Тэднийг тоглох үед үзэгчид бараг л галзуурч байсан биз. Энэ жилийн tribute буюу дурсамж хамтлага нь“Madness” байв.
Чи намайг орхиод гарлаа
Өрөөнд сэрүү татлаа
Хайрт минь явбал яв даа
Цонхон дээр ялаа суулаа
Цонхны цаана бороо шаагилаа
Чи минь даарвал яана даа... хэмээн тэднийг дуулж эхлэхэд, энэхүү мөртүүд кино хальс болон жирэлзэж, нүдний өмнүүр өнгөрөх шиг. Тэд дурсамж хамтлаг болохын зэрэгцээ хүмүүсийг ч өнгөрсөн үе рүү нь дагуулан явж, цаг хугацааны аялал хэсэгхэн зуур хийгээд ирсэн юм.
Зарим нэг дутагдалтай зүйл байсан ч амьд хөгжмийн шүтэн бишрэгчид хоёр өдөр ийнхүү Гачууртын “дэнж хотойтол” сайхан наадлаа.
2010.8.7,8

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.