Tuesday, June 14, 2011
С.Цогтбаяр: Огт мөнгөгүй ч гэсэн олигархи шиг явж сур
-Шог зураг өнөөдөр “тонших” үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Тоотой хэдэн сонинд улс төрийн сэдэвтэй зураг л хааяа гарах юм?
-Хүмүүс тэр дундаа хэвлэлийнхэн шог зургийг сэтгүүл зүйн нэг төрөл гэдгийг умартсантай л холбоотой болов уу. Тэрнээс биш шог зурагт дуртай, сонирхолтой залуус алга болчихоогүй юм. Нөгөө талаас үнэлэмж нь тун бага байдгийн улмаас залуус мөнгө ахиу олох салбар, чиглэл рүү орж байна. Энэ нь тэдний буруу биш, зах зээлийн хууль шүү дээ. Хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн хэсэг зураач шог зургаа зурж, гадаадын үзэсгэлэн, уралдаанд оролцсоор байна. Сүүлийн үед gogo.mn, sonin.mn, baabar.mn-д шог зураг нэлээд гарах болж.
-Болохгүй бүтэхгүйг шүүмжлэх нэг хэрэг. Тэрийг хошин шогоор харуулахад хурц ухаан, мэдрэмж чухал байхдаа?
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч бол төрдөг юм. Үүнтэй адил шог зураачийг сургаж болдоггүй, энэ бол төрмөл авьяас гэж би боддог. Учир нь хошигнож зурахад нарийн ухаан, торгон мэдрэмж хэрэгтэй. Ихэнх хүн улс төрийн шог зургаар л энэхүү урлагийг хязгаарлаад байх шиг ээ. Улс төр, нийгэм, цаг үе, цагаан, хөрөг гээд дотроо уг нь олон төрөлтэй. Мөн барууны хэвлэлүүдэд тоймчийн шог зураг гэж бий. Улс төр, нийгмийн үйл явдлыг тоймлон шог хошноор зурдаг нь тэр. Шог зураг Пулитцерийн шагналын нэг төрөлд багтдаг нь ямар чухал салбар гэдгийг харуулж буй.
-Ингэхэд та хэдийнээс уран бүтээлчийн зам руу орсон бэ?
-Би багаасаа л зурах дуртай байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөж, 1980 онд ДУДС-д элссэн юм. Тэр үед “Тоншуул” 120.000 уншигчтай, нэр нөлөөтэй сэтгүүл байлаа. Мөн тэр үед Данийн шог зураач Хирлуф Бидструпийн бүтээлүүд бараг айл бүрт байна. Шог зураг сонирхоход надад нөлөөлсөн зүйлс энэ. 1982 онд “Тоншуул”-д зургаа анх нийтлүүлсэн нь урам зориг өгч, шог зурагт эргэлт буцалтгүй орсон доо. Төрийн том хэвлэлд бүтээлээ нийтлүүлнэ гэдэг жирийн оюутан миний хувьд том боломж байлаа. Ц.Байды, Ц.Доржготов, В.Одгийв, А.Гүрсэд гээд тэр үеийн мундаг шог зураачаас үлгэр дууриал авдаг байв.
-Оюутан байхдаа зурсан зургаасаа болж дээрээс банга хүртэх, шийтгүүлэх тохиолдол гарч байв уу?
-Тухайн үед тийм зүйл гарсан л юм билээ. Байгаль хамгаалах сэдэвтэй зургийг маань Ю.Цэдэнбал даргатай адил болсон гээд нэлээд яриа болсон гэдэг. Гэхдээ би өөрөө сүүлд нь сонссон л доо. Залуу хүнийг мохоочих вий, шог зургаас хөндийрүүлчих байх гэсэндээ манайхан надад хэлээгүй байх.
-“Тоншуул” сэтгүүл сүүлийн үед гарахаа больжээ?
-Манайд чөлөөт хэвлэл хурдацтай хөгжиж байна. Чөлөөт хэвлэл тухайн нийгэмд вакцин нь байдаг. Тэрхүү орон зайд “Тоншуул” үгүйлэгдэж байгаа нь үнэн. Өндөр төвшний сайн сэтгүүл гаргахаар бид ажиллаж, бэлтгэлээ хийж байгаа. Би хугацаа товлох дургүй. Хэрвээ хугацаандаа багтахгүй бол худлаа ярьсан мэт эвгүй байдаг юм. Сонгууль дөхөхөөр ямар ч завгүй болно. Их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийх, гаднын үзэсгэлэн, уралдаанд оролцох ч хэрэг гарна.
-Чөлөөт хэвлэл вакцин болж чадаж байгаа гэж үү. Ихэнх сонин нийгмийг эрүүлжүүлэхээс илүүтэй хов жив л хөөцөлддөг шүү дээ. Хүмүүс ч тэрнийг нь дуртай гэгч уншаад л.
-Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудад бус хүн төрөлхтөнд хамаатай юм. Хэн ямар хэрэг хийв, хэнтэй явж байна, юу өмссөн гэдгийг мэдэхийг хүсэх нь хүний төрөлх араншин юм болов уу. Гадаадын сайт, сэтгүүлд бөөн хов жив л байгаа. Гэтэл зөвхөн монголчууд л хүний мууд дурладаг, бид л архичин, залхуу гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй.
-Та өнөөдрийн нийгэм болон амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун гэвэл хангалуун байгаагийн жишээ олон. Хөгжиж, сайн сайхны зам руу орсон явдал зөндөө байна. Бид хориодхон жилийн дотор их өөрчлөгдөж, дэвшиж чадсан. Гэтэл манайхан гаднын том улсууд руу явж ирээд эх орноо тэдэнтэй харьцуулж боддог. Үнэн хэрэгтээ тэдгээр улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ёс төлөвшөөд хэдэн зууны нүүрийг үзчихсэн байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч голдуу хар бараан талын зүйл үзүүлнэ. Ард түмэнд тиймэрхүү дохио өгөх нь зарим улс төрчдөд ашигтай байх. Тэрнээс биш бид сайн сайхан руу л явж байна шүү дээ. Өнөөдөр чи захын нэг дэлгүүрт ороод кока кола, 500 төгрөгөөр бохь аваад зажилна. Залуусын хувьд ингэх нь энгийн байдаг л зүйл. Гэтэл социалист нийгмийн үед энэ нь бараг л мөрөөдөл байлаа шүү дээ. Тэр цаг үеийг марталгүй санаж, дурсах нь өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, ирээдүйдээ итгэхийн нэг үндэс. Монгол хүн эх орондоо дуртай, хүссэн ажлаа хийж, сайхан амьдрах нөхцөл бүрдсэн гэж би боддог. Боломж 100 хувь таны өмнө бий. Тэрхүү боломжийг ашиглах эсэх нь таны л дур. Ургацын үрийг хавар нь цацаж, намар хурааж авдагтай адил ардчилал манайд зохих ёсоороо хөгжсөөр байна. Харин ч илүү хурдацтай, зөв тийшээ хөгжиж байх шиг ээ. Монгол хүний дасан зохицох, хөрвөх чадвар үүнд ихээр нөлөөлж байгаа болов уу. Тиймээс би амьдарч буй нийгэм, цаг үедээ сэтгэл хангалуун байдаг.
-Таныг эсрэгээр нь хариулах байх гэж бодсон шүү. Уг нь бурууд нүд хурц байж нийгмийг шүүмжилж, шогчилж зурна биз дээ?
-Би өөдрөг үзэлтэй хүн болохоор юуг ч л сайнаар харахыг хүсэж, хичээдэг. Тэгээд ч заавал өө эрж, бурууг хайгаагүй байхад л шог зургийн санаа гарч ирээд байна шүү дээ. Улс төрийн амьдралыг байгаа чигээр нь зурахад л сайхан шог зураг болох жишээтэй. Хүмүүс ч улс төрийн тиймэрхүү үзэгдэлд бүр дасчихаж. Зургийг маань үзсэн хүмүүс “Энэ юу нь шог зураг байгаа юм. Угаасаа ийм байдаг биз дээ” гэж хэлэх тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, улс төр-уран шог болж, би хуулаад л зурчихаж байна. Улс төр хошин шог байхаа больж, шог зураачид маш их хөдөлмөрлөж байж тэднийг зурах цаг удахгүй ирэх байх аа.
-Та эх оронч хүн үү?
-Монгол илүү хөгжихийг, монголчуудын амьдрал улам сайхан болохыг хүсдэг тул өөрийгөө эх орондоо хайртай хүн гэж хэлнэ. Хамгийн гол нь хүн бүр хийж буй ажлаа хамгийн сайнаар нь хийж чадаж байвал л хөгжинө шүү дээ. Тэрнээс биш “Эх орон” гэж чанга хашгирснаар энэхүү ойлголтыг хэмжиж болохгүй.
-Ном бол тархины фитнесс гэсэн.
-Ном хүний виртуал сэтгэлгээг сайн хөгжүүлдэг. Жишээ нь уран зохиолын ном уншихад гол баатруудыг тархиндаа зураглаж, үйл явдлыг нь ургуулан бодно. Киногоор бол найруулагч хийж байна гэсэн үг. Номын давуу тал энэ учраас учраас технологи өндөр хөгжсөн өнөө үед алга бололгүй улам сайжирсаар уншигчдынхаа хүрээг тэлж байна. Хүүхдүүд ном уншихаа болилоо ярьдагтай би санал нийлдэггүй. 1990 оны дундуур хүмүүс ном унших нь битгий хэл идэх ч хоолгүй явсан нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголд номын дэлгүүр олширч, хэвлэлийн компаниуд ч олон бүтээл хэвлэх болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Эдвард Радзинскийгийн “Сталин”-ыг саяхан уншлаа. Мөн сүүлийн үед блогоор их аялж байна. Ялангуяа Аанхаа, Артаньян, Гамп нар сонирхол татдаг юм. Тэдний блог монгол хэлний дүрэм, үгийн санг устгах нь гэхчлэн ярьдаг л даа. Мэдээж дутагдалтай зүйл байгаа. Гэхдээ энэ бол бичлэгийн шинэ хэлбэр, сэтгэлгээний хэв маяг гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь гаргаж буй санаа, илэрхийлсэн арга хэлбэр нь тун өвөрмөц.
-Дөн өвлийн хүйтнээр эсгий гутал өмсөж, үстэй дээлийнхээ энгэрт пянз хийчихээд солилцож, худалдахаар Дэнжийн 1000 руу явдаг байсан гэж та хэлсэн. Хүссэнээ интернэтээс олдог өнөөдрийн хүүхдүүдийн хувьд энэ нь яг үлгэр мэт сонсогдох байх?
-Барууны дуу хөгжим сонсохыг хориглодог байсан тэр цаг үед бид хөгжмийг тэгж л сонсдог байлаа. Арайхийн нэг пянз олвол тэрийгээ ямар удаан ухаж сонсоно гээч. Харин сүүлийн үед cd, dvd, blu-ray диск, интернэт гарч ирснээр технологийн хөгжлийг гүйцэж цуглуулах хэцүү болсон. Гэхдээ л пянз сонсох дуртай хүмүүс манайд байсаар байна. Хообий гэдэг нэг төрлийн дон шүү дээ. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг нэг төрлийн жаргал.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр.
-Тэд таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Дизайны мэргэжилтэй хүмүүс бий. Би анх хүүхдүүддээ ингэ тэг гээд их заадаг байлаа. Хүнийг хүчээр шахах нь үр дүнгүй ажил гэдгийг удалгүй ойлгосон. Тиймээс тэдэнд загас өгөх бус, загас барих аргыг зааж өгөхийг хичээсээр ирсэн. Одоо өвөө болсон болохоор хүүхдүүдээс илүүтэй ач нарын хүмүүжилд анхаарч байна даа. Эхнэр маань дулааны инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.
-30 орчим жил шог зураг зурснаас дүгнэхэд нийгмийн аль хэсэг элэглэлийг хамгийн эмзэг хүлээн авч байна вэ?
-Хэдэн жилийн өмнө UBS телевизээр явуулсан хөтөлбөрөөр рок попын эмэгтэй дуучдыг нөхөрсгөөр шогчилж зурсан юм. Дэмий юм билээ. Ер нь ямар ч төрлийн элэглэлд бүсгүйчүүд их эмзэглэдэг. Эмэгтэй хүн байгалиасаа л гоо сайхан байхаар заяагдсантай нь холбоотой болов уу.
-Таны амьдралыг бүхлээр нь өөрчилсөн үйл явдал, нөлөөлсөн хүмүүс байдаг уу?
-Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал миний төдийгүй бүх монгол хүний амьдралыг өөрчилсөн. Тэр чинээгээр ардчилал, эрх чөлөө миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Эрх чөлөөний үнэ цэнэ гэж юу вэ. Зарим нэг нь хүссэн бүхнээ хийх нь эрх чөлөө хэмээн ойлгож, бүр төрийн ордон руугаа нум сум тавьж байна.
-Хэрвээ манайхан эрх чөлөө хаагдмал улсад очвол өөрсдийгөө ямар сайхан газарт амьдарч байгаагаа ойлгох болов уу. Би саяхан БНАСАУ, ОХУ-ын Халимаг яваад ирлээ. Тэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэж байгааг мэдэрсэн. Монголын олон сая хүний хүсэж мөрөөдөж эцсийг нь хараагүй тэр нийгэмд бид амьдарч байна. Манжийн дарлалын үед амьдарч байсан хүмүүс, Р.Чойном, Б.Ренчин нарын сэхээтэн, өдгөө дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол угсаатнуудтай харьцуулахад бид диваажинд амьдардаг гэж болно.
Хойд насандаа Монголд хүн биш юм гэхэд амьтан болж төрөхсөн хэмээн уйлан ярьдаг хүмүүс ч байна. Гэтэл Монголд ямар байна вэ? Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн ордон руугаа буу барих нь холгүй дайрч, нум сум харваж, тэрийгээ бүр ид хав, бахархал болгож байна. Ардчиллын буянаар олдсон эрх чөлөөгөө дааж явах хэрэгтэй. Хөгшчүүл “Буян дааж явах” гэж ярьдаг даа. Бид ч өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёл хийгээд ардчиллын буяныг даах ёстой. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн хэлсэнчлэн “Хонгилын үзүүрт гэрэл асаж байна”. Монголын баялаг өдөр ирэх тусам л нэмэгдэж байна. Манай улсын төсөв хэдэн сая дотор эргэлддэг байлаа. Тэгвэл тэрбум, миллиард болтлоо өссөн. Энэ бол амжилт мөн. Хөгжиж буй ямар ч улс, аль ч нийгэмд бэрхшээл, зовлон байлгүй яах вэ. Америкт хүртэл асуудлууд байгаа. Хамгийн баянд тооцогддог Арабын улсуудад гэхэд л эрх чөлөө боогдмол байх жишээтэй. Ингээд бодохоор энэ цаг үе бол монгол хүн хүссэн зүйлээ хийгээд амьдарч чадах эрх чөлөөтэй үе юм. Хэрвээ боломжийг ашиглаж чадахгүй бол уучлаарай, өөрийн чинь л буруу тэр.
-Та шашинд итгэдэг үү?
-Би бүх шашныг хүндэлдэг. Бурхны шашинд сүсэглэж явдаг. Зав, боломж гарвал тэр чиглэлийн ном уншиж, судлахыг хичээнэ ээ. Би мухар сохроор дагах бус утга учир, мөн чанарыг нь мэдэхийг эрмэлздэг. “Бодь мөрийн зэрэг”, “Агнистийн гэгээ” цувралыг уншсан. Шашин шүтдэггүй хүнээс айх хэрэгтэй гэж барууны оронд ярьдаг. Учир нь шашныг дагаад тухайн хүнд итгэл бишрэл, үнэ цэнэ бий болдог юм. Үүнээс хамгийн чухал нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлээ амар амгалан болгож чадаагүй бол хэчнээн их хөрөнгө, мөнгө цуглуулсан ч чи зовсоор байх болно. Хамаг л муу муухай бүхнийг бодож, дотроо хураагаад байвал сэтгэл бохирдоно. “Огт мөнгөгүй мөртлөө олигархи шиг явж сур” гэж би хэлдэг юм.
-Үйлийн үрийг тоолууртай зүйрлэсэн тань их сонирхолтой юм билээ?
-Муу юм хийх, бодох тусам үйлийн үр хураагдаж, өөртөө зовлон тарина. Үйлийн үр гэдгийг би хүний толгой дээр байдаг тоолууртай зүйрлэдэг юм. Цахилгаан гүйх тусам тоолуур дээрх тооны хэмжээ өснө дөө. Үүнтэй адил муу юм бодоод, хийгээд л байвал толгой дээрх тоолуурын тоо гүйгээд байна. Цахилгааны тоолуурыг соронз тавих, тоог нь багасгах зэргээр зальдагч нар бий л дээ. Тэгвэл толгой дээрх үл үзэгдэгч тоолуурыг яаж ч аргалж болохгүй. Бурхны шашны зураг, барималд араг яс, хохимой толгой их дүрсэлсэн байдаг. Хүн үхлийн тухай эргэцүүлэх тусам амьдралыг илүү танин мэдэж, утга учиртай амьдралд хүрч чадна гэсэн санаа тэр болов уу. Хүний амьдрал хэчнээн богинохон цаг нь болоход үхнэ гэдэг ямар амархан билээ. Тэгэхээр яг одоо амьдарч, амьсгалж буй хугацаандаа л сэтгэл хангалуун байж, амьдрал ямар сайхан болохыг мэдрээрэй.
-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та аль цаг үе рүү явах бол?
-Хэрвээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол би хамгийн түрүүнд сууна даа.
0 comments:
Post a Comment