Tuesday, June 14, 2011
Зураач М.Эрдэнэбаяр
Хаа нэг тийш тэмүүлсэн, давхиж буй хүлэг, азарганы ноцолдоон, шөнийн тэнгэр дор үүрсэх адуун сүрэг гээд морины хөдөлгөөн, хэлбэрийг уран бүтээлчид янз бүрээр илэрхийлдэг. Харин зураач М.Эрдэнэбаярын морьд бусдаас өөр. Хөдөлгөөнгүй, нэг байрандаа зогсож байгаа мэт харагддаг ч түүний хүлгүүд цаанаа л бардам, омголон санагддаг. “Энгийн хэрнээ сүрлэг, тайван мөртлөө эрчтэй зүйлийг би өөрийнхөө дотор босгосон. Тэр зүйл морины дүрсээр дамжсан юм. Хамгийн гол нь юуг харж байгаа нь чухал биш, яаж харж байгаад л үнэ цэнэ нь оршдог гэж би боддог” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
-Морь зурж үзээгүй уран бүтээлч ховор байх. Харин таны уран бүтээлийг морь тэр чигт нь эзэлдэг. Юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?
-Монголын соёлын өвийг хадгалж, үндэсний бэлгэдэл болсон амьтан бол морь. Энэ амьтанд хайргүй ард түмэн ч гэж байдаггүй байх. Тиймээс морь гэдэг тун түгээмэл сэдэв л дээ. Би 1992 оны үеэс энэ сэдвээр дагнан зурж эхэлсэн юм. Бараг 20 жил болж. Миний зургаас давхисан, их тэмүүлэлтэй морьд харагддагүй. Ямар нэгэн байрлалд зогсож л байдаг. Би тэдгээрийг газар дэлхийтэй нягт холбоотой, салшгүй байгаагаар дүрслэх дуртай. Мөн өөртөө итгэлтэй, хүчирхэг байдлаар харуулахыг зорьдог.
-Английн нэгэн урлаг судлаач таны тухай ном гаргах гэж байгаа гэж сонссон.
-Тийм ээ. Урлаг судлаач Ян Финдли гэдэг хүн бий. Яагаад морь зурдаг, юуг илэрхийлдгийг судлаж, каталоги маягийн ном бичиж байгаа. Одоогоор бэлтгэл нь явагдаж байна. Монголын соёл, хүмүүс, өнгө гээд олон зүйл миний зургуудаас харагддаг гэж тэр хүн бичсэн байсан. Миний бүтээлүүдийг судлахын тулд энд олон удаа ирж, хөдөө аялан, бурхан шашин, түүх дурсгалын газраар явж үзсэн юм билээ. Мөн манай бусад уран бүтээлчдийн зургуудыг үзэж, монголч эрдэмтдийн номыг уншиж, надтай ч уулзсан. Гадаадын олон оронд үзэсгэлэнгээ гаргаж, урлаг судлаач, шүүмжлэгчдийн нүдэнд өртсөн нь тэр байх.
-Таны урланд цөөнгүй ном харагдлаа. Бүтээлээ туурвихын тулд соёл, зан заншилтай холбоотой ном, эх сурвалжийг сөхөх хэрэг гардаг уу?
-Би өөрийгөө урлаг хийдэг гэж боддог. Тэрнээс морь судлаач биш шүү дээ. Энэ бол миний урлагийн бүтээл хийдээ ашиглаж буй нэг дүрс юм. Гэхдээ олон жил энэ амьтныг зурж байгаа учраас өөрийн эрхгүй сонирхдог юм билээ. Манай урлагийн түүх л гэхэд тэр чигтээ нүүдэлчдийн соёл, ахуйг харуулсан байлаг. Тэр бүтээлүүдэд морийг заавал ч үгүй дүрсэлсэн байдаг шүү дээ. Буддын шашны танка зурагт ч морь унасан бурхад цөөнгүй бий.
-Зөвхөн морины дүрсээр бүхнийг илэрхийлж болох уу?
-Хэлбэр, өнгө, зохиомжийн шүтэлцээнд дүрслэх урлаг оршдог. Морь бол миний хувьд бүтээлээ, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр.
-Сүүлийн үед уран бүтээлчид контемпорари тийш хошуурах болж. Таны бүтээлүүд ч орчин үеийн хэв маягтай байдаг.
-1970, 1980-аад оноос эхлэн урлагт энэ урсгал хүчтэй түрж, орж ирсэн. Өнөөдрийн, энэ цаг үеийн уран бүтээлчдийн бүх л туурвил контемпорари төрөлд багтдаг юм. Миний бүтээлүүдийн тухайд, аль ч улсын хүн харсан контемпорари урлаг гэж хэлэх байх.
-Таны бодлоор уран бүтээлч улс төр, нийгмийн бухимдлаас ангид байх хэрэгтэй юу, эсвэл түүнийг илэрхийлэгч болдог уу? Таны бүтээлд нийгэм хэрхэн тусдаг бол?
- Өнгөрсөн хавар бидний хэдэн уран бүтээлч нийлж, “Алтан тариа” компан ивээн тэтгэн “Төсөөллөөс бүтээл хүртэл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнд нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг зургаараа илэрхийлсэн 10 уран бүтээлчийг сонгон оролцуулсан юм. Манай дүрслэхийн сургуулиудад урлаг улс төрөөс ангид байх ёстой гэж заадсаар байна. Гэхдээ ямар ч уран бүтээлчид нийгэм нь ил, далд хэлбэрээр нөлөөлж, бүтээлд нь тусгалаа олдог. Ингэж хэлэх нь зарим нэгний дургүйцлийг төрүүлнэ, нөгөө хэсэгт нь таалагдах байх. Гэхдээ уран бүтээл бол тийм л байдаг.
-Таны сүүлд ажиллаж буй бүтээлд шар өнгө голлож. Улаан, хар өнгөний хослол ч харагдаж байна.
-Би бүтээлдээ бүх өнгийг ашигладаг. Заримдаа нэг өнгөнд хүчтэй татагдах үе бий. Өмнө нь улаан өнгөнд их дуртай байсан. Ойрд харыг их хэрэглэж байна. Өнгөнүүдийг зохицуулж, бүтээл туурвих нь хэцүү мөртлөө сонирхолтой, тааламжтай ажил. Сүүлд ажиллаж байгаа энэ бүтээлдээ хараахан нэр өгөөгүй. Нэг их утга санаа бодож хийгээгүй л дээ. Хэлбэр, өнгөний тоглолтыг чухалчилсан.
-Таны хувьд агуулгаас илүү хэлбэр чухал байдаг уу?
-Хэлбэр гол нь. Миний бүтээлүүд ерөнхийдөө нэг агуулгатай, харин илэрхийлэх хэлбэр нь хязгааргүй.
-Яаж ойлгох, агуулгыг хэрхэн хүлээн авах нь үзэгчдэд нээлттэй гэсэн үг үү?
-Үнэндээ бол үзэгчдийн хэрхэн хүлээн авч буйд надад нэг их чухал биш. Тэд яаж ч хүлээн авч болно. Хэрвээ би үзэгчдийн юуг таашааж, юунд дуртай байгааг хэт сонирхоод байвал бүтээлээ хийхэд хэцүү шүү дээ. Нэг мэдсэн хүмүүсийн дуртай зүйлд анхаарлаа хандуулдаг болох ч юм билүү. Өөрийгөө л чагнах хэрэгтэй.
-Та морьтой юу?
-Байсан. Одоо байхгүй л дээ. Тэгээд ч бүтээсэн олон морь маань надад хангалттай.
-Морьд тань эзэндээ юу өгдөг бол?
-Надад бүх зүйлийг өгдөг. Сэтгэл ханамж, эрч хүч гээд л. Мөн эднийхээ ачаар таван тивээр явж байна шүү дээ.
-Хамгийн сүүлд хаана үзэсгэлэнгээ гаргасан бэ?
-Хонг Конгод бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин Монголд 2003 оноос хойш үзэсгэлэн гаргасангүй. Үзэхийг үнэхээр хүссэн хүмүүс бол урланд маань ирдэг юм.
0 comments:
Post a Comment