Tuesday, June 14, 2011

Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу трип хоп




НУ-аас гаралтай хип хоп 1990-ээд оны эхэн үед хөгшин тивийн ихэмсэг, ёсорхуу англичуудын дунд түгэхдээ электро, жааз, реггитэй сүлэлдэн, өвөрмөц нэгэн урсгал үүсгэсэн нь трип хоп юм. Лондонгоос 160 км-ийн зайд орших Бристол хэмээх жижиг хотод энэ урсгал анх үүссэн юм. Дэлхийд ид цэцэглэн хөгжиж байсан хип хопыг Их Британийн дижи нар өөрсдийн хувилбараар баяжуулан, трип хопын үндсийг тавьсан түүхтэй.
Энэ урсгал хэдийгээр хип хоп, электро урсгалаас үүссэн боловч “харуудын” яриа, бүдүүлэг гэмээр үг хэллэгээс ангижарч, дээд түвшинд, илүү оюунлаг хэлбэрээр хөгжсөн гэж мэргэжилтнүүд, хөгжмийн шинжээчид дүгнэдэг.
Бөмбөрийн удаан боловч хүчтэй, хүнд цохилт, аргил гитарын хэмнэл, электро хөгжмийн элементүүд, гоцлол дуучны шивнэх мэт үгс нийлж, этгээд сонин аялгуу үүсгэн, сонсогчыг өмнө нь хэзээ ч очиж байгаагүй тэр зүгт залах шиг. Ийм учраас л хөгжим судлаачид энэхүү шинэ урсгалыг англи хэлний
“trip” буюу аялал гэсэн утгатай үгээр нэрлэсэн биз.
1991 оны наймдугаар сарын 8-нд Бристолоос гаралтай “Massive attack” хамтлаг “Blue Lines” буюу “Цэнхэр шугам” цомгоо гаргасныг анхны трип хоп уран бүтээл гэж тооцдог. Тус хамтлагынхны “ойлгомжтой ч, ойлгомжгүй” хөгжим тоглох, бүтээх санаа нь ийн биеллээ олсон аж. Тэрхүү цомог гарсан цагаасаа л хит жагсаалтыг тэргүүлж, борлуулалтаараа хошуучлан, “Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомог”-ийн жагсаалтад багтсан юм. Энэ нь трип хопын хөгжил болон дэлхийд тархахад том алхам болсон. Энэ мөчөөс эхлэн залуучуудын сэтгэлийг гижигдсэн трип хоп эгнээгээ тэлж, 1994 оноос “Portishead” , “Tricky” , “Red Snaper”, “Night on Earth”, Bjork нарын уран бүтээлч гарч ирэв.
Тэр дундаа “Portishead” бол трип хопыг дэлхийн чихэнд хадаасан сод хамтлаг. Электро хэмнэл, симфони найрал хөгжмийн эгшиг, гоцлол дуучин Бет Гиббоны хүчирхэг хоолой. Трип хоп. Уйтгар гуниг “ханхалсан” тэдний хөгжим дарамттай мэт санагддаг ч, сонсох тусам гүнд нь уусан орохуй.
Трип хопын анхдагч хамтлагууд шинэ, шинэ дуугаралт бий болгон, үндсийг нь тавьчихаад байлаа. 1990-ээд оны дунд үе гэхэд уг урсгал ерөнхийдөө бүрэлдэн тогтсон гэж болно. “Morcheeba”, “Sneaker Pimps”, “Alpha”, “Mudville” зэрэг трип хопын дунд үеийн төлөөлөгч болсон хамтлаг тэр цагт гарч ирсэн. Гэхдээ трип хоп нэгэнт хэлбэрээ олсон гээд цааш өөрчлөгдөөгүй гэсэн үг биш. Суурь нь тавигдсан урлагийн төрөл шинэчлэгдсээр, R’nB, drum’n bass гээд орчин үеийн бусад урсгалтай сүлэлдэн хөгжжээ. Угаас анх гарч ирж буй зүйлс хуучны хөрсөн дээр цэцэглэж, бусад салбараар услуулан, ургаж “шинэ” хэмээн нэрлэгддэг шүү дээ. Тэр жишгээр трип хоп ч хөгжмийн олон янз урсгалын элементүүдийг шингээсэн байдаг.
Трип хоп анх сонсогдож эхлэхэд, судлаачид үүнийг “харанхуй, бүүдгэр” хэмээн тодорхойлж байсан гэдэг. Харин шинэчлэгдэн хөгжсөөр буй энэ урсгал өнөөдөр “харанхуй, гүн” хэмээгдэх болж. Мэдэхгүй хүн бол зугтмаар ийм тодорхойлолт авах болсон “гол буруутан” нь трип хопын хөгжмийн хэмнэлээс гадна дууны үг.
Мэдээж бүхий л төрлийн хөгжим сэтгэл мэдрэмжийн толь, түүний олон янзын илэрхийлэл байдаг. Тэр ч утгаараа дууны утга, шүлгийн сэдэв хязгааргүй. Харин трип хоп дууны сэдэв азгүй дурлал, бүтэлгүй хайр, сэтгэлийн эмзэг байдал, бодит байдлаас тасрахуй, хаа нэг тийш одохыг хүсэх тэмүүллийг голчлон хамардаг.
Мөн үүнээс шалтгаалан трип хопыг “ганцаардмал хүмүүсийн хөгжим” гэх нь ч бий. Гэвч судлаачид үүнийг юу ч гэж тодорхойлсон бай, шүтэн бишрэгч, хөгжимд дурлагчид л сонсох эсэхээ шийднэ. Трип хопт зүрхээ “өгсөн” хүмүүст хөгжмийн баргар байдал, хэт дарамттай хэмээн хүмүүсийн гоочлох ч хамаагүй биз.
Чихнээ эгшиглэн, тархи цочоон, зүрх гижигдэх мэт уг урсгалын хөгжим өдгөө улам ч баяжин, хөгжсөөр байна. Шуугиан тарьж, дуулиан болон амьдардаг “од”, ганган хээнцэр хувцас, гадаад үзэмж, нүсэр тайз аль нь ч трип хопт хүртээлгүй мэт. Дуучин, хөгжимчдийн авьяас чадвар нь бүхнийг илэрхийлнэ. Түүгээр дамжуулан сонсогчийг хэзээ ч очиж байгаагүй газар хүргэж, цэвэр мэдрэмжийг түгээдэг.
Гэхдээ трип хоп нь жирийн нэг аялал бус утгыг ухаж, хэмнэлийг мэдэрч, хязгааргүй уудам гадаад орон зай руу бус, сэтгэлийнхээ хаалгыг нээн, өөрийнхөө гүн рүү хийх аялал юм.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.