Sunday, June 19, 2011

Мартсанаа санаж, алдсанаа олох нь буюу “Занабазарын сургууль” дахин нээгдлээ

Х.Хадхүү-Амитаба

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?


Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?
Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...
Д.Нямсүрэн

Урлагийн бүтээлийн үнэ цэнэ юунд оршдог вэ? Дахин давтагдашгүй чанар уу, уран бүтээлчийн үзэл бодлын тунхаглал уу. Гоёмсог дүрслэл, чухал санаа хоёрын аль нь чухал вэ. Сүлжмэлийн үйлдвэрт байрладаг “Design park” галерейд өнгөрсөн баасан гаригт барималч Х.Хадхүүгийн “Занабазарын сургууль” үзэсгэлэн нээгджээ. Сүүлийн үеийн ихэнх үзэсгэлэнгээс анзаарагдсан “би” гэх аминчхан үзэл тэнд огтоос байхгүй. Харин оюун ухааныг арвижуулагч, саад зэтгэрийг арилгагч, тус бүтээгч, цаглашгүй гэрэлтэгч бурхдын дүр бий. Магадгүй үзэсгэлэн бус музей эсвэл Ганданд ирсэн мэт сэтгэгдэл танд төрөх байх. Танхимд дэлгэсэн 27 бүтээл Х.Хадхүүгийн арав гаруй жилийн судалгааны үр дүн. Түүний хувьд Монголын нэрийг гаргасан урлагийн төрлийг авч үлдэх, хойч үед уламжлуулах нь чухал. Уран бүтээлийнх нь үнэ цэнэ ч үүгээр тодорхойлогдоно.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үзэгчдээс сэтгэгдлийг нь асуухад “Сайхан үзэсгэлэн байна. Гэхдээ Г.Занабазарын хийснийг давтах хэрэг бий гэж үү” хэмээсэн. Тэр асуултыг Х.Хадхүүд тавибал “Занабазарын сургууль бол дэлхийд Монголын нэрийг гаргасан урлагийн чухал төрөл. Энэтхэг, Төвд, Балбад ч бурхдын хөрөг, баримлыг бүтээдэг. Гэхдээ тэдний аль нь ч Г.Занабазарын хийцийг гүйцдэггүй. Нэгэнт үеэ өнгөрөөсөн гээд уг төрлийг хаяж болохгүй. Арга техник нь өнөөг хүртэл уламжлаагүй гэсэн шалтгаанаар ойшоохгүй байх нь түүх рүүгээ нулимсан хэрэг. Тиймээс Өндөр гэгээний үлдээсэн их өв хийгээд арга барилыг нь авч явах нь уран бүтээлчийн үүрэг” гэв. Тэрбээр эдгээр бүтээлийг туурвихдаа лам хувраг, эрдэмтдээс зөвлөгөө авч, түүхийн эх сурвалжийг нэлээд судалжээ. Гэхдээ шашны үзэл баримтлалаас илүүтэй урлагийн талыг нь барьж бүтээл туурвисан гэнэ. Г.Занабазарын дэг сургуулийн онцлогоос дурдвал:
-Тухайн бурхныг хүмүүн бусын ихэмсэг дүртэй гаргахаас татгалзаж, энгийн хэрнээ энэрэнгүй, монголжуу төрхтэй урладаг.
-Баримлыг ямар ч залгаасгүй цутгаж хийдэг.
-Хөдөлгөөн бүрийг нь нэг бүрчлэн тусгасан уран нарийн хийцтэй.
XVIII зууны үеийн Энэтхэгийн нэгэн сударт Г.Занабазарын бүтээлийг “Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дарь эхийн мэлмий нь тэгш дэлгэр, талибуун бөгөөд угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргаж, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэг байдлыг нь уруулын доорхи ялимгүй инээмсэглэлд уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь (гар, хөл,бие) дэлгэрэн боловсорч буй найлзуур мод мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Өндөр гэгээн дэлхийн урлагийн түүхэнд Азийн Микеланжело хэмээн алдаршиж, бүтээл туурвил нь хосгүй үнэт өв болсон билээ. Түүний урлахуйн арга барил, дэг жаягийг “Занабазарын сургууль” хэмээн нэрлэж, олон шавь нь үргэлжлүүлсэн. Гэсэн ч XIX зуун гэхэд цаг үеийн ороо бусгаа байдлаас болж тэрхүү дэг алдагдсан аж. Тэгвэл уран барималч Х.Хадхүү үүнийг сэргээж, Монголын орчин үеийн урлагт “Занабазарын сургууль”-ийг төлөвшүүлэх хэрэгтэйг уг үзэсгэлэнгээрээ тунхаглаж байна. Сүүлийн үед уран бүтээлчид үндэсний уламжлалаа контемпорари урлагтай хослуулан бүтээл хийдэг болсон нь сайшаалтай. Тэгвэл мартсанаа санах, алдсанаа олох нь ч урлагийн хөгжилд чухал болохыг уг үзэсгэлэн сануулж байна.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.