Tuesday, June 14, 2011

Мика


Дуу хөгжмийг хүний анд нөхөр гэдэг. Хэрвээ тийм бол Микагийн дуунууд хэний ч тэр хамгийн сайн найз. Төгөлдөр хуур, бөмбөр, трампет, гитар хосолсон хэмнэлд сэтгэлд ойр, дулаан дотно үгсийг фальцет хоолойгоор дуулахыг нь юутай зүйрлэж болох вэ? Би л хувьдаа үүнийг нарны цацраг, инээмсэглэл, тэврэлт, үнсэлттэй адилтгана. Дээр нь улбар шар өнгө, шоколадтай зайрмагны амтыг нэмчихвэл арай нялуун болчихгүй байгаа даа. Харин түүний уран бүтээлүүдийг хүнээр зүйрлэвэл гэнэн цайлган мөрөөдлөөр дүүрэн жаахан хүү, бүхнийг үзэж туулахыг хүсэх их тэмүүллээр бялхсан өсвөр насны хүүхэд, эрч хүчээр цэнэглэгдсэн залуу харагддаг гэдэгтэй ихэнх фэн нь санал нийлдэг. Учир нь Мика уран бүтээлээ semi-autobiographical буюу хагас намтарчилсан байдлаар бүтээдэг юм. Бүх дууны үг, аяа зохиож, зөвхөн өөрийнхөө мэдсэн, мэдэрснээ дуулдаг нь худал хуурмагыг үзэн яддагтай нь ч холбоотой биз.

Ливанд мэндэлж, Францад өссөн Англи зүрх
Америкийн саятан залуу, үзэсгэлэнт Ливан бүсгүй хоёрын таван хүүхдийн гурав дахь нь болох Мика 1983 онд Бейрут хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад Ливаны христ, лалын шашинтнууд хоорондоо байлдаж эхэлсэн бөгөөд дайны галаас зугтсан мянга мянган дүрвэгчийн нэг нь Микагийн гэрийхэн байв. Тэд Парист суурьшиж, эцэг эх нь хүүхдүүдээ боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүмүүс болгон төлөвшүүлэхэд голлон анхаарч байсан гэдэг. Ирээдүйд “Попын ханхүү” хэмээн өргөмжлөгдсөн Мика хүү Францад байхдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүний анх тоглож сурсан дуу нь Жое Дассины "Les Champs-Élysées" байв. Харин зохиосон анхны ая нь “Уур хилэн” нэртэй төгөлдөр хуурын гоцлол. Хожим нь Мика тэрхүү уран бүтээлээ “аймшгийн муухай” хэмээн ярилцлагтаа дурдсан байдаг. Тэгээд ч анхны дууг нь эс тоцвол “Попын ханхүү” ахин хэзээ ч сөрөг утгатай бүтээл туурвиагүй. Хэн нэгний сайн талыг олж харж, амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрэх нь түүний баримталдаг нэг зарчим.
Микаг есөн нас хүрэх үед аав нь бизнесээ Лондон руу шилжүүлж, гэрээ тйиш нүүлгэлээ. Лондонд ирсэн нь Микад огтхон ч таалагдсангүй. Эрвээхэй зангиа байнга зүүж, өнгө алагласан хувцас, дөрвөлжин хээтэй өмдөөр гоёдог этгээд хүүг сургуулийнх нь хөвгүүд үргэлж дээрэлхдэг байв. Уншиж, бичихэд нь хүндрэл учруулдаг дислексийн эмгэгтэй байснаас сургуулиасаа гарчээ. Ингээд тэрбээр гэрийн багшаар хичээл заалгах болсон аж. Мөн энэ хугацаанд баян эцэг эх нь хүүгийнхээ авьяасыг анзаарч, Оросын дуурийн дуучин Алла Ардаковт шавь оруулжээ. Хэдэн жилийн дараа Мика ахлах сургуульдаа орсон бөгөөд найрал дуунд гоцолдог болов. Сургуулиа төгсөөд тэр Лондонд оршдог “Royal College of Music”-д элссэн юм.

“Тэр тайзан дээр төрсөн”
Коллежоо дүүргэснийхээ дараа Мика уран бүтээлээ эрчимтэй туурвиж эхэллээ. “Dodgy Holiday” цомгоо нэгэн жижиг студид бичүүлж, алдартай хөгжмийн продюсерүүд, компаниудын хаалгыг ээлж дараалан татсаар. Гэвч тэдгээр хаалгууд дөнгөж эхэлж буй залуу дуучны өмнө тасхийн хаагдаж байлаа. Харин “Universal music”-ынхон залууд боломж олгон, “Grace Kelly” дууг сонсмогцоо хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадах үнэт эрдэнэ олсноо ухаарсан байна. Тэд залууд боломж өгөх бус, Мика “Universal music”-д боломж олгосон юм. 2007 он бол Микагийн хувьд алдрын оргилд хүрэх эхний алхам болжээ. “Grace Kelly” радиогоор цацагдсан даруйдаа газар газрын хит парадыг тэргүүлж, тэр ондоо интернетээр хамгийн олон удаа татсан бүтээлээр шалгарсан юм. “Life in Cartoon Motion” “цомог нь 2007 оны хоёрдугаар сард худалдаанд гарч, дэлхий дахинаа зургаан сая хувь борлогдон, эзэндээ “BRIT Award”, “Грэмми” авчирав. Бүхний эхлэл “Life in Cartoon Motion” цомгийнх нь загварыг Микагийн эгч Ясмин хийсэн юм билээ. Тэрбээр мөн бусад уран бүтээлчдэд нууц нэрээр дуу зохион өгдөг. Гэхдээ энэ талаараа ярих тун дургүй. “Роллинг стоунз”, “Аеросмит”, Род Стюарт, Мэрай Кэри нарын уран бүтээлчтэй гэч шахам жил ажилласан алдарт гэрэл зурагчин Лаура Левис “Мика бол төрөлхийн од. Тэр яг л тайзан дээр төрсөн юм шиг заримдаа санагддаг. Жаахан ичимхий, даруу занг нь эс тооцвол тэр тайзан дээр гарч ирмэгцээ л бүгдийг гэрэлтүүлдэг” хэмээсэн нь бий. Түүний хамгийн сүүлд гаргасан “The boy who knew too much” ч эхний цомгийн түүхийг давтаж, Их Британи, АНУ, Европын хит жагсаалтуудын эхэнд багтаж чадсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр цомгийн баяраа тэмдэглэхдээ алдартай одод, продюсеруудыг бус харин үнэнч фэнүүдээ урьсан байна. Хэрвээ Лаура Левисийн хэлсэн үгэнд итгэвэл фэнүүдтэйгээ ойр дотно байх нь жинхэнэ одын нэг чанар биз ээ.

Хайр сэтгэлд хязгаар үгүй
Мика олны нүдэн дээр хэн нэгэн бүсгүйтэй болзох, хамт явж харагдах нь ховор. Мөн хайр дурлал, эмэгтэйчүүдийн талаар нэг их ярьдаггүй. Энэ бүхнээс нь үндэслэн хүмүүс түүнийг ижил хүйстэн гэж харддаг. Харин Мика өнгөрсөн жил “Out” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ам нээсэн юм. “Хүмүүсийн бэлгийн чиг баримжааг элдэв төрөлд хувааж, ангилах нь надад таалагддаггүй. Хамгийн гол нь хэнийг ч тэр үл ялгаварлан, хүн гэдэг үүднээс хандан, хүндэтгэх хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн “Хэн нэгнийг хайрлаж, дурлахад хил хязгаар гэж үгүй. Дурласан үед нөгөө хүний нас, хүйс, угсаа гарал огтхон ч хамаагүй шүү дээ. Хэрвээ ямар нэгэн ангилалд заавал багтаах ёстой бол намайг бисексуал гэж нэрлэж болно” гэсэн юм. Хэдийгээр Мика амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг дуулдаг ч нийгмийн асуудал хөндсөн сэдвүүд ч уран бүтээлд нь бий. Туранхай, гоолиг биетэй бүсгүйчүүдийг нийтээрээ даган дуурайж, телевиз, кино ч үүнд их хувь нэмэр оруулах болсонд тэр санаа зовон “Big girl you are beautiful”-аа бичжээ. Бүтээлүүд нь хагас намтарчилсан байдгийн адилаар энэ дуугаа Мика ээжээсээ сэдэвлэн зохиосон. Түүний ээж нь илүүдэл жинтэй ч үүндээ нэг их санаа зовдоггүй, сайхан гэдэгтээ итгэлтэй эмэгтэй аж. Түүнчлэн тэрбээр зарим ижил хүйстнүүдийн хэцүү нөхцөл байдлын тухай “Billy Brown”-г бүтээсэн. Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон ч өөр залууд дурласан эрэгтэйн тухай тэр энэ дуундаа өгүүлдэг юм.

Үнэр цуглуулагч
Мика франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Хятад хэл сурч байсан ч удалгүй орхисон. Үүнийг тэрбээр “Дургүйд хүчгүй” хэмээн тайлбарладаг юм билээ. Мика багадаа ээжтэйгээ хамт бараг долоо хоног бүр тавилгуудынхаа байрлалыг өөрчилдөг байв. Түүний энэ зан одоо ч хэвээрээ. Микагийн цомгийн хавтаснууд өнгө алагласан эрээн, мяраан, өөрөө ч донжтой гэгч хувцасладаг ч гэр нь энгийнээс энгийн гэнэ. “Миний хувьд сайн чанарын зурагт, тухтай буйдан байхад л хангалттай. Мөн гэрт элдэв янзын өнгөтэй олон зүйл байхад дургүй” хэмээн ярьдаг түүний гэрт цагаан өнгө зонхилдог аж. Микагийн нэг этгээд хообийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бол үнэр цуглуулагч. Хэн нэгэнтэй анх уулзахдаа хүмүүс гар, хумс, гутал, үс гээд аль нэг талыг нь илүү анзаардаг. Харин Микагийн анхаарлыг тухайн хүний үнэр татдаг байна. Хэрвээ түүнд хэн нэгний, ямар нэг зүйлийн үнэр таалагдах юм бол тэрэнтэй холбоотой зүйлийг авч, хуруу шилэнд хийн хадгалдаг аж. “Зарим хүн миний энэ хообийг хачин, гаж гэдэг. Гэхдээ юу хийх нь миний л асуудал. Би зүгээр л сайхан үнэрт дуртай” гэж тэр хэлдэг. Түүний угаалгын өрөөнд тус бүр ямар нэгэн үнэрийг шингээсэн олон хуруу шилээр дүүрэн тавиур байдаг аж. Үнэр цуглуулагч, амьдралыг магтан дуулагч, хил хязгааргүй хайрлагч, хүний эрхийн төлөө тэмцэгч “Попын ханхүү” өнгөрсөн намраас дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарчээ. Микаг аялан тоглолтын замдаа явж байхад нь өнгөрсөн даваа гаригт ихэр нь Францад мэндэлжээ. Парист төвтэй Лааны тосон музей Микаг урласан нь тэр юм. Лааны тосон Микаг харсан хүн бүр л дуучинтай усны дусал мэт адил болсныг нь хэлсэн гэнэ. Харин Мика ихрийнхээ тухай юу гэх бол?

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.