Tuesday, June 14, 2011

Кэти Мелуа: Гуниг намайг хөглөдөг



Энэ бол дуучин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн гүрж охины түүх юм. Зарим нь үүнийг XXI зууны үлгэр гэж нэрлэх нь ч бий.

Үлгэр эхэлсэн нь
Зүрхний эмч Амиран, түүний эхнэр Тамара Мелуа нар 27 жилийн тэртээ анхны охиноо өлгийдөн авч, “цэвэр, тунгалаг” гэсэн утгатай Кетеван гэх нэрийг хайрлажээ. Тбилис дахь өвөө, эмээгийн нь гэр, Батуми хотын гудамж, талбай түүний хүүхэд насны дурсамжийг хадгалдаг юм. Гэвч Гүржид 1991 онд дэгдсэн иргэний дайны сүүдэр Мелуагийнхныг тойрсонгүй. Амьдрал өдрөөс өдөрт хүнд болж, хоол хүнс байтугай ус, цахилгаан ч олдохоо болив. Дайны гал ширүүсэхийн хэрээр хүүхдүүд гэрээс цухуйхаа больж, хааяа нэг усны машин ирэхэд хувин, саваа барин гарцгаана. Тоглоом, амттан тэргүүтнийг зүүдэндээ л хардаг байсан тэр хүүхдүүдийн нэг нь Кэти Мелуа. “Аялан тоглолтоор явж, өндөр зэрэглэлийн зочид буудалд буух бүртээ би хүүхэд насаа боддог юм. Тансаг орчин, гял цал байдлыг бид төсөөлж ч мэддэггүй байж. Хэдийгээр дайны галд, хүнд хэцүү нөхцөлд өссөн ч гэр бүлээрээ, элэг бүтэн байснаараа би азтай хүн. Тэгээд ч тэр зовлон бидэнд амьдралын нэг сургамж болсон” хэмээн Кэти хэлдэг.
Гүрж дэх дайн хурцадмал байдалд хүрэх үед Амиран эмчид Ирландын эмнэлгээс ажиллах урилга ирснээр Кэтигийн дуучин болох үүд нээгдсэн юм.
Гүржид мэндэлсэн Англи “зүрх”
Кэтигийн гэрийнхэн Ирландад хэдэн жил амьдарч, удалгүй Лондон руу нүүв. Их Британийн “ITV”-гын зохион байгуулсан шилдэг авьяастан шалгаруулах тэмцээнд Кэти түрүүлжээ. Шагналын 350 паундаараа Кэти сандал худалдан авч, аавдаа бэлэглэсэн гэдэг.
Кэти дунд сургуулиа дүүргээд “Brit school”-д хөгжим, урлаг судлалын чиглэлээр элсжээ. Жааз, блюз чиглэлийн эмэгтэй дуучин хайж явсан продюссер Майк Бэт түүнийг тэнд анх харан мэргэжлийн дуучин болгохоор шийдсэн аж. Их Британийн хамгийн алдартай продюссерын хараанд өртсөн Кэти 19 настайдаа “тэсрэв”. Анхны цомог “Call of the search” нь эхний сардаа л гурван сая илүү хувь борлогдож, платинум цомгоор шалгарлаа. Тэрнээс хойш тэрбээр арван сая гаруй хувь цомог борлуулж, Их Британийн платинум цомгийн шагналыг 10 удаа хүртсэн юм. Кэтиг шүтэн бишрэгчдийн тоонд Пол МакКартнигаас эхлээд Их Британийн хатан хаан хүртэл багтдаг юм билээ. Тус улс Кэти болон түүний гэрийнхнийг 2005 оны наймдугаар сарын 10-нд иргэнээрээ бүртгэжээ. Тэд мөн төрөлх Гүрждээ ч харьяатай. “Хүнд хэцүү нөхцөлд байхад энэ орон биднийг тосон авсан. Уран бүтээлээ ч би эндээс эхэлсэн. Тиймээс Их Британи миний хоёр дахь эх орон” хэмээн тэрбээр иргэний үнэмлэх гардах ёслолын үеэр ярьжээ. Кэти сэтгүүлийн нүүрэнд хэзээ ч зургаа авахуулдаггүй, рекламны санал хүлээн авдаггүй. Үүнээс болж менежертэйгээ олон удаа муудалцсан гэнэ. “Рекламд тоглох, сэтгүүлд зураг авахуулах нь нэр хүнд өсгөнө гэж би яаж ч ятгаад дийлээгүй. Тэр миний өөдөөс “Би дуучин болохоос од биш” гэдэг. Гэхдээ миний бодлоор түүний энэ зан цусанд нь шингэсэн юм шиг ээ. Гүрж хүмүүс уламжлал, ёс заншлаа их хүндэтгэж, тэр хэмжээгээр дэг жаягаа хатуу баримталдаг юм билээ. Эмэгтэй хүний даруу зан, биеэ авч явах байдал тэдэнд тун чухал” хэмээн Майк Бэтт нэгэн ярилцлагадаа дурджээ.
Тэгвэл Кэти “Хэрвээ би Гүржид байсан бол аль хэдийнэ айлын эзэгтэй, ээж болсон байх биз. Тэнд охид 15, 16 настайгаасаа нөхөрт гардаг юм. Харин Англид ирснээр би болон манай гэр бүлийхэн илүү чөлөөт үзэлтэй болсон шүү” гэжээ.
“Нисгэгч”
Кэти харагддаг шигээ даруухан биш гэнэ. Үе үе зүггүйтэж, ямар нэгэн “галзуу” төлөвлөгөө зохиох дуртай хэмээн найзууд нь ярьдаг аж. Спортын хамгийн экстрим төрлийн нэг шүхрээр үсрэлт, өндрөөс уналтаар тэр хичээллэдэг. Олны өмнө тэр бүр ил гаргадаггүй сэтгэлийн хөдөлгөөнөө өндрөөс үсэрч, агаарт нисэх үедээ илэрхийлдэг нь тэр ч байж болох юм. Өнгөрсөн жил бүтээсэн “The Pictures” цомгоо тэрбээр экстрим спорттой зүйрлэсэн нь бий. “Эхлээд чи их айдас, дарамтыг мэдэрнэ. Тун удалгүй бүх бие чинь чөлөөлөгдөж, хязгааргүй орон зайд дүүлэх мэт санагдана” хэмээсэн юм. Энэ мэтчилэн амьдралаас хүртэж буй бүх л мэдрэмжээ тэрбээр бүтээлдээ шингээдэг. “Таван настайдаа би анх хөгжмийг мэдэрсэн юм. “Сарны сонат”-ыг ээж төгөлдөр хуураар тоглох үед надад нэгэн ер бусын мэдрэмж төрсөн. Төгөлдөр хуурын даруулаас гарах тэрхүү аялгуу чихээр дамжин орж, бүх биеэр тархах шиг л болсон”. “Бурхан гэж юу вэ гэж надаас асуувал би Жон Леннон, Лед Зеппилин, Queen, Жони Митчелл гэж хариулна” хэмээн Кэти хэлдэг.
Үлгэр үргэлжилсээр
Дуучин Кэти Мелуагийн”Rolling stones”, “The Guardian”, “Interview”-д өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэе.

-Таны дуу чихэнд бус зүрхэнд сонсогдох мэт байдаг. Ямар ч үед сонссон тайвшруулж, уяраах увдист тэрхүү аялгуу хаанаас ундардаг юм бэ?
-Ямар нэгэн зүйлд сэтгэл хөдөлсөн үедээ би гитар эсвэл үзэг, дэвтрээ авдаг. Таны хэлсэн бүхэн эндээс л эхэлдэг юм даа. Дууны үг бичихэд ая нь давхар орж ирдэг. Эсрэгээр нь болох тохиолдол ч бий.
-“The Kooks”-ын Люк Притчардтай гэрлэхийг тань олон хүн хүлээсэн байх даа?
-Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй байх аа.
-Уучлаарай, тэгвэл Лара Блүүмийн талаар яриач. Таны хүлээссэн хүн цагаан морьтой ханхүү биш зургийн аппарат үүрсэн гүнж байсан юм гэж үү?
-Хүмүүс юу ч гэж бодох нь надад сонин биш. Тэгээд ч би дэлгээтэй ном байхыг хүсэхгзй байна.
-Усан дор тоглолт хийсэн тань “Гиннес”-ын номд орсон байх аа. Ийм галзуу санаа хаанаас төрөв?
-Нэгэн өдөр Майк над руу утасдаад, “Хурдан хүрээд ирээч, ёстой сонин санаа төрлөө” гэж хэлсэн. Миний ч сониуч зан хөдөлж, харвах мэт хурдан очсон шүү. Атлантын далайн Их Британи, Скандинавыг холбодог Хойд тэнгист, 303 метрийн гүнд тоглолтоо тавьсан юм. Мэдээж бид эмч, эмнэлгийн ажилтнуудтай хамт явсан л даа. Би далайн тэнгист дуртай. Шүхрээр ниснэ гэвэл бараг яахаас ч буцахгүй. Бас эмээ болсон хойноо ач нартаа ярих зүйлтэй баймаар байна. Миний амьдралдаа харсан хамгийн цөөхөн үзэгч тэнд байсан. Хамгийн сонирхолтой, этгээд тайз тэнд бас байсан. Яг л сансарт байгаа мэт мэдрэмж төрүүлсэн шүү.
-Сайн дуу таныхаар ямар байх ёстой вэ?
-Бүтээл туурвих сэдэл өгч буй зүйл нь юу вэ гэдэг их сонин. Зүрхний шарх, хайртай нохойны чинь үхэл, эсвэл мэдээнээс үзсэн сэтгэл эмзэглүүлсэн мэдээ ч байж болно шүү дээ. Миний бодлоор гунигт мэдрэмж дууг амьд болгодог юм шиг ээ. Эсвэл гуниг намайг хөглөдөг нь тэр ч юмуу.
-Таны түүхийг зарим хүн XXI зууны үлгэр гэж нэрлэдэг. Үлгэрийн гол баатар та залуу охидод юу гэж зөвлөх вэ?
-Би бол жирийн л нэг эмэгтэй. Бусад хүн нэвтрүүлэгч, жолооч, тогооч гээд янз бүрийн мэргэжилтэй. Би тэдний л нэгэн адил ажлаа хийгээд явж буй хүн. Бусдаас арай илүү амжилтад хүрсэн байж болох ч яаж гэдгийг би хэлж мэдэхгүй. Би дуулсаар байсан. Одоо эргээд харахад энэ тавцанд яаж хүрснээ бодоод хааяа гайхдаг юм. Тиймээс би тодорхой зөвөлгөө өгч чадахгүй юм. Зүгээр л дуртай зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханд. Тэгээд юу болохыг нь хараарай.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.