Tuesday, June 14, 2011

Оюун билэгийн охь Монгол наадгай

Цагийн хүрд
Цаг хугацааны хүрд тасралтгүй эргэсээр Монгол нүүдэлчид XXI зуунтай золголоо. Хурга ишиг хариулж, тугалтай хөөцөлдөн гүйдэг “улаан хацартнууд”-ын дүр буйданд тухлан хүүхэлдэйн кино үзэж, компьютерийн дэлгэц ширтэн өдрийг өнгөрүүлдэг багачуудын төрхөөр солигджээ. Өвөг дээдсийнхээ урласан мод, чулуу, шагайн тоглоомоор бус урд хөршийнхний химийн бодисоор баялаг хүүхэлдэй, машин, буугаар тэд тоглож, оюунаа “цэнэглэнэ”. Газар тэнгэр шиг энэхүү өөрчлөлтөд хэнийг ч буруутгах аргагүй. Бараг л гэрлийн хурдад тохируулан амьдралын хүрднийхээ баадууг чангалсан өнөө үед хүүхдүүдэд тоглоом урлаж өгдөг, цуг наадаж суух эцэг эх ч ховор. Өдөр ирэх тутамд өөр хоорондоо уусан, даяаршиж буй энэ үед бусдаас ялгарч, онцгойрох ганц зүйл нь үндэсний соёл гэдэг. Тэгвэл ирээдүйн эздэд багаас нь энэхүү ухамсрыг төлөвшүүлэхийн үндэс нь өв соёл, өвгөдийн ухаан шингэсэн тоглоом наадгай аж. Тэдгээр тоглоомыг үеэ өнгөрөөсөн хэмээн үздэг хүн цөөнгүй. Гэтэл уламжлалт тоглоом нь сүүтэй цай, чанасан мах, ууц, хэвийн боов, дээл гутлаас татгалзах Монгол хүн хэд билээ. Удахгүй цагаан сар болно. Бүгд л тавгаа засаж, ууцаа тавьж, буузаа жигнэн, айл хотлоороо шинэлцгээнэ. Энэ бүхэн цаг үетэйгээ өнгөрөөгүйгээс хойш тоглоом наадгай ч мартагдах учиргүй биз ээ. Цагаан сарын битүүн, шинийн нэгэнд айл хотлоороо цугларч, хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлдэг байсан уламжлалт тоглоомнуудаас хүргье.

Оюун түлхүүр
Хүн бүр бие барсныхаа дараа тамын оронд заавал очдог хэмээн нэгэн домогт өгүүлдэг. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй гэнэ. Үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой. Хэцүү бэрхийг туулан, есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай. Тамын орноос гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэрхүү бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай аж. Оюун түлхүүр тоглоомын түүх ийм. Эцэг эхчүүд нь энэхүү тоглоомыг тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй. Хонь малаа бэлчээхээр явахад нь “Үүний учрыг нь ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Үүнийг мөн чамабалын түлхүүр ч гэж нэрлэх нь бий. Уг тоглоом нь нэг оньсыг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагариг болтлоо хөгжжээ. Гэхдээ үхлийн дараах амьдралд бэлдэхээс илүүтэй үр хүүхдийнхээ гүйлгээ ухаан, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд оюун түлхүүрийг тайлуулдаг байсан нь ойлгомжтой.

Оньсон тоглоом
Оюун задлах оньсон тоглоомоороо Монгол дэлхийд дээгүүр байрт жагсдаг. Энэхүү уламжлалт тоглоомыг модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин, шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай гэнэ. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэгэн хэвийн шинжтэй. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг ч оньслон бүтээж, Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхгыг ч оньсон тоглоом болгон урлажээ. Уг тоглоомыг гурван модны, зургаа, ес, 12, 32 дүрстэй гэхчлэн ангилдаг. Түүнээс гадна хэлбэрийн талаас тоймгүй олон янз. Учир нь тухайн зохион бүтээгчийн санаа, ур хийцээр дамжин нэр төрөл нь улам баяждаг байна. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон, гэрчилгээг нь авчээ.

Алаг мэлхий өрөх

“Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомны эртний төрлүүдийн нэг. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргйиг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байв.
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны алт нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг хөгжүүлж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.

Үйчүүр

Үйчүүрийг хөзрийн хамгийн эртний хэлбэр хэмээдэг. Энэхүү тоглоом багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшүүлдэг байна. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, бар, үнэг, нохой зэрэг амьтныг дүрсэлдэг учраас хүүхдүүдэд ан амьтныг танин мэдүүлдэг аж. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Жишээлбэл, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арслан авна. Нэг арслан нь 64 лантай тэнцдэг нь тэмцээний хамгийн өндөр оноо. Хоёр нүхтэй шоо хоёр буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан аж. Тоглоом дуусахад хожсон амьтданхаа тоог гаргаж, ланг тогтоон дүнгээ гаргадаг.

Хорол
Даалуу хэмээх наадгай Монголд Манжийн үед түгжээ. Тэр үед монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байж. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд арван хоёр жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гурван толгой мод байна. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, 5-6-гаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог аж. Хорол хамтач ёс, бие биенээ хүндэтгэх занг хөгжүүлэх ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг мөн харилцан дуулдаг юм байна.
Уран бэрийн гогцоо
Монголчууд бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан тоглоомоор шинждэг байв. Чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүя байна хэмээн үнэлдэг байжээ. Ээдрээ тайлах төрлийн тоглоомд үүнээс гадна бөгж нийлүүлэх, цагираг чөлөөлөх зэрэг багтдаг. Энэ төрлийн наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг байна.

Чамабалын хүрд
Хулганыг нүхнээс нь хурдан гаргах, гарцыг хэрхэн олох вэ зэрэг тоглоомын үндэс нь Хүннү гүрний үеэс эхтэй “Чамабалын хүрд” юм. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-гаад оны үед хамаарах “Чамабалын хүрд” олдсон нь бий. Энэхүү тоглоомд нууцыг эрж олох, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой. Монголчууд малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог, дөрвөлжинг зохиомжлодог. Наадагч тойргын төвд нэг цэг дүрслэн бодож, хараа салгалгүйгээр сүлжиж, гарцыг олох дүрэмтэй. Буруу зам сонговол битүүрч гарцгүй болдог бол зөв замаа сонгон, алдалгүй барьж чадвал ялах юм. Гэхдээ энэхүү тоглоом нь тэмцээн уралдаанаас илүүтэй мэргэ төлгийн шинжтэй байдаг. Эрт дээр үед хол газар явж буй энэхүү тоглоомоор тоглон, хэр хурдан гарцыг олохоос шалтгаалан ажил төрөл нь бүтэмжтэй байхыг шинждэг байсан аж.

0 comments:

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.