Monday, June 27, 2011
Ц.Хүрэлбаатар: Үс бол засаж болдог ганц эрхтэн
Мастер үсчин Хүрлээтэй уулзахаар “Hurlee hair studio”-г зорилоо. Хар, цагаан өнгийг хослуулсан, орчин үеийн засалттай уг студийг тэрбээр өөрөө тохижуулсан гэнэ. “Чөлөөт цагаараа голдуу иймэрхүү зүйлээр оролддог юм” хэмээн Хүрлээ ярьсан. Гэхдээ түүнд чөлөөт цаг тун бага гардаг юм билээ. Хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн түүний их ажлын чөлөөгөөр хэсэг хөөрөлдсөнөө хүргье.
-Үсчин болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Би дөрөв, тавдугаар ангид байхаасаа л найзуудынхаа үсийг засаж эхэлсэн. Тухайн үед үсний төрөл бүрийн хэв загварыг зөвшөөрдөггүй байв. Харин би найзуудынхаа үсийг янз бүрээр засчихна. Тэгэхэд надад үс засахыг заасан хүн байгаагүй л дээ. Тэгэхээр сонирхол маань л үсчний зам руу хөтөлсөн болов уу. Өнөөдөр хэдхэн сарын дамжаа төгсөөд л үсчин мэргэжил эзэмшдэг болсон нь харамсалтай. Намайг бага байхад хүмүүс хичээлдээ тааруу, ажилд ч сайнгүй хүүхдээ үсчин болгоно гэж ярьдаг байлаа. Гэтэл үсчин хүнд хайчнаас ч чухал нэг зүйл хэрэгтэй байдаг юм.
-Тэр нь юу юм бол?
-Хэдийгээр гаднаас нь харахад гараа үсчин гараа л хөдөлгөж байгаа мэт харагдавч тархи түрүүнд нь ажиллах ёстой. Үс тайрахаас өмнө тухайн хүнд ямар засалт зохих вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр сайн үсчин болохын тулд мэдрэмж, авьяас хамгийн чухал.
-Тэгвэл та мэдрэмжээ хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Би мэдрэмжээ бүх л талаар хөгжүүлэхийг хичээдэг. Салоны интерьер дизайнаа гаргана. Төрөл бүрийн чимэглэл хийнэ. Уг нь миний мэргэжил сийлбэрчин л дээ. Сийлбэрийг модны ширхэг дагуулж хийдэг юм. Уг мэргэжлийг эзэмшсэн нь үсчин болоход дөхөмтэй байсан. Ялгаа нь гэвэл модны ширхэг хөдөлгөөнгүй. Харин хүний үс биет зүйл учраас арай ярвигтай ажил. Би үс засахыг урлагийн нэг төрөл гэдэгтэй санал нийлдэг.
-Одоо л нэг үсчин боллоо гэж мэдэрсэн үе тань хэзээ вэ?
-Би 10 гаруй жил үс заслаа. Дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнд орж, заримыг нь шүүж ч үзсэн.Одооноос л жигдэрснээ, үс гайгүй сайн засдаг боллоо гэдгээ мэдэрч байна. Гэхдээ оргилд нь хүрэх болоогүй ээ.
-Зарим үсчин зөвхөн үс төдийгүй сэтгэлийг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үсээ сайхан засуулахад сэтгэл санаа ч дээшилдэг шүү дээ. Үүнд л үсчин мэргэжлийн сайхан нь оршдог юм. Тухайн хүний нүүрний хэлбэр, зан чанарын онцлогт нь тааруулж үсийг нь тайрна. Зарим хүн үсээ жаахан өөрчилөхөд л тэр чигтээ өөрчлөгдөх шиг болдог. Монголчууд ерөнхийдөө дууриамтгай хүмүүс. Гаднынхныг, эсвэл оддыг дууриах хандлагатай. Яах вэ, болно л доо. Гэхдээ ямар ч төрлийн засалт бүх хүнд тохирдог гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Тэрхүү засалтын урт, богино гэдэгт л гол учир нь байгаа.
-10 жилийн өмнөх Хүрлээ, дэргэд сууж буй Хүрлээ хоёрын хооронд хэр том зай бий вэ?
-Газар тэнгэр шиг л ялгаатай. Тэр үед гадаад руу анх уралдаанд явж, дөнгөж нүд тайлагдаж эхэлсэн юм. Харин одоо бол тодорхой хэмжээнд байр сууриа олж, мэргэжлийн төвшинд танигдсан байна. Үсчний замналын хувьд ийм ч хувь хүний талаас нэг их өөрчлөгдөөгүй гэж хэлнэ. Намайг өвөө, эмээ хоёр өсгөсөн юм. Тэд маань намайг аливаа зүйлийн эцсийг үзэх, юунд ч шантрахгүй байхыг сургасан нь одоог хүртэл суурь болоод явж байна.
-Таныг сайн харилцагч хэмээн нэгэн хүн хэлсэн.
-Тухайн хүний талаар ерөнхий төсөөлөлтэй болж байж үсийг нь засна шүү дээ. Тийм ч учраас би үйлчлүүлэгчдийнхээ сайн ярилцагч, сонсогч байхыг хичээдэг. Зарим хүн амьдрал хайр эсвэл мөнгөн дээр тогтдог гэдэг. Тэгвэл би амьдралыг хаилцаан дээр тогтдог гэж хэлнэ. Үсчдээ авахдаа ч чадвараас илүүтэй тэдний харилцах чадвар, ерөнхий мэдлэг, сэтгэлийг нь хардаг. Үнэхээр юм суръя гэсэн зорилготой, чин сэтгэлээсээ хүнтэй харилцдаг хүүхдүүдэд би туршлагаасаа хуваалцахыг л боддог. Гэхдээ сүүлийн үеийн залуус жаахан туйлбаргүй болжээ. За, энэ хүүхэд болоод ирлээ, одоо дараагийн юмыг нь зааж өгье гэтэл мөнгө хөөгөөд явчихна. Гэтэл мөнгөнөөс чухал нэг зүйл бий нь зорилго, мөрөөдөл. Зарим хүнийг харахад нэг том зорилго тавьчихаад биелүүлэхийн төлөө юу ч хийдэггүй. Миний хувьд том зорилгодоо хүрэх жижиг зорилтуудыг өмнөө тавьдаг. Тэрийгээ хэрэгжүүлэх нь өөртөө өгч буй шагналтай л адил.
-Та үс засахаас өөр юунаас кайф авч байна вэ?
-Интерьерт л сонирхолтой доо. Түүнээс гадна гэр бүлийнхэнтэйгаа хамт байх хамгийн сайхан.
-Нисванисийн “Үсчний газар” дууг мэдэх үү?
-Хааяа тэр дууг сонсдог юм.
-“Тэр намайг зассан. Тэр намайг гутаасан” гээд л тиймэрхүү үйл явдалтай хэр учирч байв?
-Мэдээж алдаа гаргалгүй яах вэ. Зуун хүний үс заслаа гэж бодоход гомдолтой нэг үйлчлүүлэгч ирж таарна. Харин сүүлийн үед тийм зүйл ерөөсөө тохиолдоогүй юм байна.
-Үсэнд тухайн хүний сэтгэл, мэдрэмж шингэсэн гэдэг. Гэтэл тайрах үед үс газарт унаж, хаягдах нь аймаар ч юм шиг?
-Үс бол эрхтэн. Засаж болдог ганц эрхтэн. Хэрэггүй болсон, илүүдэл үсээ тайрахад шинэ нь дахиад л ургана. Яг л бид хэрэггүй бодлоо сэтгэл дотроосоо авч хаядагтай адил шүү дээ.
-Та үс тайралтын шинэ загвар хэр гаргадаг вэ?
-Гаргалгүй яах вэ. Аль болох шинэ, содон зүйл хийхийг хүснэ. Тэгэхгүй нөгөө л хийдэг юмаа давтад байвал хүн яаж хөгжих билээ. Нэг загварыг л гэхэд хүн хүнд тааруулан хэчнээн янзаар өөрчилж ч болдог. Зохихгүй тайралт байдаггүй тухай түрүүн хэлсэн. Зохиулах ёстой хүмүүс нь үсчид юм.
-Таны ширээгээр дүүрэн сэтгүүл байна. Эндээс шинэ засалтууд хардаг уу?
-Хааяа нэг эргүүлээд харж байхад шинэ санаа төрнө, эсвэл “Энэ хүн үсээ ингээд засуулсан бол илүү гоё гарах байж” ч гэж бодно. Тэр болгонд хүн хөгжөөд л яваа юм. Сүүлийн үед манайд олон сэтгүүл хэвлэгдэж байна. Бүгдийг нь уншъя гэвэл гүйцэхгүй болж.
-Монголчууд үсний тал дээр нэлээд хатуу байр суурьтай. Жишээ нь хүүхдээ 18 нас хүртэл үсийг нь аав, ээж нь мэдэх ёстой гэх хүн одоо ч байдаг юм билээ.
-Нийгэм өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхдийг тэгж хорих нь надад утгагүй санагддаг юм. Би л гэхэд гурван хүүхдийнхээ үсийг хүссэнээр нь тайруулдаг. Заавал өөрөө тайрна гэлгүй дадлагын хүүхдүүдээр тайруулах нь ч бий. Ер нь багаасаа янз бүрээр үсээ засуулж, ирээдүйн сонголтоо тодорхойлж болно. Хүүхэд чөлөөтэй байсан нь сайн гэж би боддог. Тэгж байж л өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлдэг, баярласнаа ч, зовсноо ч шууд хэлдэг бол бусдад ч, өөрт нь ч амар шүү дээ.
-Та багадаа үлгэр хэр сонсдог байсан бэ?
-Би Хөвсгөлд өвөө эмээгийндээ байдаг байсан. Миний мэдээлэл авдаг ганц хэрэгсэл нь Монголын радио байв. Орой бүр унтахдаа “Үлгэрийн цаг”-ийг сонсоно. Тэр үеийн үлгэрүүд дандаа сургамжилсан, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлдэг байлаа. Харин өнөөдрийн хүүхдүүд үлгэр сонсож, эсвэл ном уншихаа больж. Гэхдээ энэ бол тэдний эрин. Үлгэр, ном унш гэж албадах шаардлагагүй. Өөрийнхөө хүүхдүүдийг харахад л их хурдан хөгжиж байна шүү дээ. 1990-ээд оны эхэн үед Монгол ямар байсныг хүмүүс мартаагүй байх. Дэлгүүрт зөвхөн давс л байсан гэж ярьвал хүүхдүүд маань итгэхгүй дээ. Тэгэхээр бид хөгжиж л явна.
-Хөгжил зөвхөн гадна талд харагдаад байгаа юм биш үү. Гаднаасаа гоё болсон ч доторх хөгжил харин ч ухарсан гэвэл та санал нийлэх үү?
-Мэдлэг, чадвартай ч мэдрэмжгүй хүн би олныг харсан. Авьяастай ч гэсэн туйлбаргүй, замын эхнээс буцдаг залуус ч байна. Гэтэл дотоод сэтгэл, мэдрэмж гэдэг ямар ч зүйлд голлох үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг юм. Манайхан ажил хийж чаддаггүй нь анзаарагддаг. Зургаан цаг яс суугаад ажлаа хийхгүй, хоол идлээ гээд л гараад алга болно. Аль болох хүний нүд хуурч, зүгээр суучихыг хичээнэ. Гээд яах вэ. Ямар ч байсан цаг хугацааны шалгуураар сайн нь шүүгдээд гарч ирэх биз.
-Таны амьдралын томъёo юу вэ?
-Хэзээ ч, ямар ч үед “хаппи” бай. Зорилго, амжилт, мөнгө чухал. Гэхдээ тэдгээр зүйлст хэт анхаарснаас өдөр тутмын амьдралаас сайхныг олж харахаа больчих вий гэхээс айдаг. Би өнөөдөр ингээд сууж байгаа ч маргааш юу болохыг мэдэхгүй. Тиймээс өдөр бүрийн ажил, амьдралдаа чин сэтгэлээсээ хандаж, юухнаас ч болов гэрэл гэгээтэй талыг олж харах нь миний аз жаргалтай амьдралын томъёо.
1 comments:
Засч болох бүх зүйлийг засдаг, зассаар ирсэн. Үс бол зүгээр л өдөр тутам л засагддаг зүйл. All bodies are modified bodies, haircuts being the prime example :)
Post a Comment