Saturday, June 25, 2011

Монгол цусны Америк тасархай

ХИС-ийн багш, индиан судлаач Д.Хэрлэн монголчуудтай язгуур нэг гэгдэх Америк тивийн уугуул иргэдийн түүх, соёл, ёс заншлыг судалдаг. “Монголчууд даяаршиж байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч дэлхий нийтийг хамарсан уг давалгаанд үндэсний өв уламжалаа устгалгүй авч үлдэх ёстой. Бидэнтэй гарал үүсэл нэгтэй индианчуудын тухай мэдэх нь нөгөө талаар өөрсдийгөө судалж буй хэрэг” хэмээн ярих түүнтэй хамтарч уг нүүрийг бэлтгэлээ.
1492 он. Испанийн аялагч Кристофер Колумб Энэтхэг хэмээх нууцлаг улсын эрэлд гарав. Зүг чигээ алдахаас эхлээд салхи шуурга, хүчтэй давалгаа гээд далайд учирч болох аюул бүрийг даван туулсаар тэрбээр Энэтхэгт ирлээ. К.Колумб эрэг дээр байсан хүмүүсийг хараад баярласандаа Indians буюу энэтхэгүүд хэмээн дуу алдсан гэдэг. Гэвч алдарт аялагч ташаарч Энэтхэгт бус Америк тивд ирсэн байжээ. Хэдийгээр Колумб буруу газар ирснээ хэдхэн цагийн дараа мэдсэн ч шинээр нээсэн уг тивийн уугуул иргэд Индианчууд хэмээх мөнхийн нэртэй болжээ. Колумб араасаа францчууд, испаничууд, англичууд, голландчуудыг дагуулсан нь индианчуудын хувьд жинхэнэ эмгэнэл болсныг түүх гэрчилнэ. Газар нутгийг нь булаан авч, эздийг нь боол мэт болгосон аймшигт түүх. Хамгийн зэрлэг, бүдүүлэг хүмүүс бол индианчууд хэмээн тунхаглаж, тэдний соёл, ёс заншил бүрийг уландаа гишгэсэн европчууд өөрсдөө зэрлэгүүд байсан юм биш үү. 1900 оны эхэн үед индианчуудыг африкчуудаас ч дорд үзэж, олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглож байв. Дэлхийн II дайны үед гэхэд л индианчуудад согтууруулах ундаа зарахыг хориглодог байж.
Орчин цагийн судлаач, эрдэмтдийн үзэж буйгаар индианчууд монголчуудтай гарал угсаа нэгтэй аж. “Америк тивд анх хүн очиж суурьшихад Төв Ази чухал ач холбогдолтой байсан” хэмээн Америкийн эрдэмтэн Н.Нельсон бичжээ. Тэгвэл чех гаралтай түүхч Алеша Хрдличек “Америкчуудын эх орон нь Байгаль далайн эх хавьд буй” гэж таамагласан. Шинэ тивийн уугуул иргэд Төв Азиас гаралтай гэдэгт олон эрдэмтэн санал нэгддэг ч цаг хугацааны хувьд зөрөлддөг. Орос, Америкийн зарим судлаач 25.00-30.000 жилийн өмнө шилжилт эхэлсэн гэдэг бол 30.000-40.000 жилийн тэртээд нүүдэллэсэн гэх нь ч бий.

Америк мөрөөдлийн анхны хувилбар
Өнөө үед эрх чөлөөний орон руу онгоцоор, галт тэргээр, хүсвэл бүр машинаар ч явах боломжтой. Харин бидний бидний өвөг дээдэс Номхон далайн хөвөө дагаж нүүдэллэсэн гэдэг. Мөстлөгийн өмнө Европын нам дор газраар нүүдэллэн очсон гэх таамаглал бий. Орчин үед байр, машинаас эхлээд алдар нэр, амжилтын төлөө Америкийг зоригчдын цуваа үргэлжилж байна. Харин хэдэн мянган жилийн тэртээ хүмүүс амьдрах ая таатай нөхцөл, хоол хүнс хайн тийш явжээ. Тэгэхээр Төв Азиас Америкийг зорьсон нүүдлийг Америк мөрөөдлийн анхны хувилбар гэж хэлж болмоор. Оросын эрдэмтэн Ю.А.Мочанов “Индианчуудын балар эртний овог, аймгууд Монгол, Алтай, Тува, Байгаль нуурийн эргээс гаралтай байж болох юм. Эдгээр нутагт гурван түмээс таван мянган жилийн өмнө Хуучин чулуун зэвсгийн үеийн соёл нэгэнт хөгжсөн байж. Тэрхүү овог, аймаг ан хийн амьдардаг байсан бөгөөд арслан заан, бух, гөрөөс тэргүүтэн агнасаар зүүн хойшоо нутаглаж, Берингийн хуурай газраар дамжин нүүдэллэжээ” хэмээн тэмдэглэсэн. Индианчууд монголчуудтай гарал үүсэл нэг гэдгийн баталгаа нь энэхүү нүүдэл, шилжилтээс гадна тэдний ёс заншил юм. Тэд монголчуудтай адил үсээ сүлждэг, хүүхдээ өлгийддөгөөс эхлээд хэл яриа нь ч төстэй. Индианчуудыг улаан арьстан гэдэг нь биеэ улаан өнгөтэй зос, давирхайгаар буддагтай холбоотой. Хүн судлаачдын үзсэнээр индианчууд хар хүрэн нүдтэй, нүүрний яс хавтгай, богино хамартай, өтгөн, хар үстэй, бие болон нүүрэндээ үс багатай зэрэг шинжээрээ монгол төрхтэй хүмүүс аж. Шинжлэх ухаанд “монгол мэнгэ” гэж нэрлэгдсэн хөх тамга индиан хүүхдүүдэд ч бий. Энэ нь генетикийн хувьд монгол, индианууд ойр гэдгийг баталж буй.

Ариун хүн
Индиан хэлэнд хүүхдийг wakan yesha буюу ариун хүн, нандин хүн хэмээн нэрлэдэг. Хүүхдийг үхэл, амьдралын холбоог таньсан, шинэ амьдралын үргэлжлэл төдийгүй байгалийн хүч, хүний оюун санааны шүтэлцээг ойлгуулагч хэмээн үздэг аж. Индиан овог, аймгуудын ёс заншил оршин суугаа газраасаа шалтгаалан ялгаатай байдаг ч жирэмсэн эх, хүүхэд төрөхтэй холбоотой зан үйл нь адилхан. Хэвлийд үр тогтсон цагаас эхлэн эхийг хүндэлж, хажууд нь тамхи татах, архи уух, мал төхөөрөх, ангийн мах хуваах ажилд оролцохыг цээрлэдэг байна. Эх амаржих дөхөхөд урц, сууцыг зайчлан цэвэрлэж, элдсэн арьс битүү дэвсдэг. Тухайн овгийн ахимаг насны 4-5 эмэгтэй хүүхдийг эх барих бөгөөд бусад хүнийг урцны ойр байлгадаггүй. Эхийг төрмөгц үхрийн шинэ махаар хар шөл хийж уулгадаг. Хүүхдийн хүйнээс 15 см орчмыг тасалж, хатсан хойно нь яст мэлхий, гүрвэлийн дүрстэй уутанд хийж хадгалдаг. Үүнийг хүүхдийн одны орд давхацсан өдөр гаргаж, тэнгэр дэх ивээлт сүнсийг нь дуудна. Хүүхдийг өлгийдөж, дүүжин оронд унтуулах бөгөөд 4-5 нас хүртэл нь хөхөөр хооллоно. Индианчуудын хувьд гэр бүлийн нэр, сансар огторгуй, газар дэлхий, далдын хүчтэй холбоотой. Аав, ээж гэдэг үг газар дэлхий, тэтгэгч хүчийг мөн давхар илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, эцэг эх далдын хүчтэй холбоотой хүмүүс гэж үздэгээс тэр. Эцэг эхийг ан гөрөөнд явж, үр тариагаа боловсруулах зуур хүүхдийг өвөө, эмээ нь асардаг. Тийм ч учраас өвөө, эмээ гэдэг үг дотно, энэрэнгүй гэсэн утгатай. Индианчууд урт наслахыг байгалийн ид шид, бурхны бэлэг хэмээн үздэг тул ахмад хүнийг арвин туршлага, баялаг мэдлэгтэй гэж хүндэлдэг. Эхийн хэвлийд хүүхэд олдсон цагаас эхлэн эцэг эх нь төдийгүй овгийн ахмадууд хүмүүжүүлж эхэлнэ. Тэд боловсрол хэмээх ойлголтод дэлхий ертөнц, хүний амьдрал, хүрээлэн буй орчны талаар мэдлэг, дадлага эзэмших үйл явцыг багтаана. Үр хүүхэд, хойч үедээ аливаа осол, аюулаас биеэ хамгаалах, уламжлалт зан үйлээ хадгалах, ёс зүйтэй байх гурван зүйлийг заавал сургадаг. Колумб голын сав газраар нутагладаг индианчууд хөвгүүддээ хавар нь загас барих, намар нь буга, баавгай, хандгай намнахыг заадаг бол охиддоо загас утах, борцлох, үндэс ургамал түүж хатаах, хувцас оёхыг заадаг байна. Хүүхдүүдэд үйл хөдлөлөөр үлгэрлэхийн зэрэгцээ домог, сургаалт үгээр хүмүүжүүлж, сургахыг хичээдэг гэнэ. Ой тогтоолт, авхаалж самбааг нь хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн тоглоом наадгай ч ашигладаг аж.
“Би дахин эргэж төрнө”
Америк тивийн уугуул иргэд далдын хүч, сүнс байдагт итгэдэг. Тэдний хувьд бөө нь сүнстэй харилцах гүүр болдог. Бөө хүмүүсийг төрөл төрөгсдийнх нь сүнстэй уулзуулдаг төдийгүй энэ амьдралд буцаан авчрах чадалтай гэж үзнэ. Бөөлөхдөө сүнснүүдэд тамхиар тахил өргөдөг. Тэрбээр үг хэллэг, дохио зангаагаар сүнсний ертөнцтэй харилцдаг. Дуулах, бүжиглэх хэлбэрээр сүнсэнд талархлаа илэрхийлж, хүсэж мөргөж, албадан шаардах утгатай тамлага буюу дуудлага хэлдэг аж. Хэнгэргийг тэд дээд хүчний оюун ухаантай холбогч гэж үздэг бөгөөд бөөгийн хувцсыг анхилуун үнэртэй ургамлын утаагаар ариулдаг юм. Тэд мөн газар дэлхий, хангайд байнга өргөл өргөдөг. Учир нь газар дэлхий сүнс, зүрхтэй бөгөөд түүнийг хооллохгүй бол өлсөж ундаасна. Хэрвээ тэгвэл аюул нүүрлэж, гай гамшиг, өвчин зовлон, өлсгөлөн нэрвэнэ хэмээдэг. Хүн нас барсны дараа эргэн төрдөг гэдэгт индианчууд итгэдэг. Индиан овгийн хүчирхэг удирдагчдын нэг Хопи Баавгай Хо-Чани насан эцэслэхдээ “Үүнийг санаж ав. Намайг тэнгэрийн хүмүүстэй хамт бүжиглэх цаг ирэхэд битгий гуниглаарай. Миний сүнс эрх чөлөөтэй, баяр баясгалантай байгаа нь тэр. Харин миний төлөө бүжиглээрэй. Тэнгэр өөд харах үед бүргэд дүүлэх нь харагдах вий. Миний хайр шингэсэн тэрхүү өдийг би та нарт илгээж байгаа юм” хэмээсэн нь түүхэн баримтад үлджээ.

Тэднийг юу хүлээж байна вэ?
Түүх сөхөн үзвэл индиан овгийн хамгийн шилдэг удирдагчдын нэг Жозеф 1873 онд Валловагийн хөндий дэх жижигхэн газраа авч үлдэхийн тулд цагаан арьстнуудад хахууль өгч байжээ. Бодоод үз л дээ, та өөртөө байшин барьжээ. Гэтэл байшинд танихгүй хүмүүс орж ирээд эзнийг нь хөөгөөд гаргачихаж. Жозеф тэдэнд хахууль өгсөн нь эзэн байшингийнхаа мухрын өрөөнд амьдрахын тулд дээрэмчдэд мөнгө төлөхтэй адил бус уу. Үүнтэй адил жишээ индианчуудын түүхэнд цөөнгүй бий. Хэдийгээр америкчууд эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн улс болохоо тунхаглаж, бүгд тэгш эрхтэй болсон ч нутгийн уугуул иргэдийн хувьд “галт тэрэг нэгэнт явчихсан”. Өнөөдөр гэхэд АНУ-ын нийт хүн амын ердөө 0.8 хувийг индианчууд эзэлж байна. Америкийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбооноос 2007 онд явуулсан судалгаагаар нийт индиан иргэдийн нэг хувь нь л бизнес эрхэлдэг гэсэн дүн гарчээ. Сургууль завсардсан хүүхдүүд, амиа хорлолтын төвшин өндөр зэрэг олон сөрөг зүйл индианчуудад байгаа ч тэдний дотроос эмч Чарльз Ийстман, экологич Катери Текаквитха, дуучин Рас-ки Де, Тори Амос, 1964 оны олимпийн аварга Билли Миллс нарын алдартан цөөнгүй төржээ. Мөн тэд уламжлал, ёс заншлаа сэргээх, түүхийн дурсгалт зүйлсээ хадгалах чин хүсэл эрмэлзэлтэй болсон бөгөөд монголчуудын талаар илүүг мэдэж, танилцахыг хүсдэг гэнэ. Гэсэн ч монголчууд төдийгүй дэлхийн ихэнх хүн индианчуудыг харанхуй бүдүүлэг, догшин хүмүүс мэтээр төсөөлдөг нь Холливудын тархи угаагч кинонуудтай холбоотой биз. Тэр дундаа иргэний дайны үеийг харуулсан бүтээлүүдийн ихэнх нь Америкт ирсэн европчуудыг баатарлагаар дүрсэлж, индианчуудыг дайсан мэтээр харуулдаг. Гэтэл газар нутагт нь дайран орж ирчихээд эзэдтэй нь мал мэт харилцаж буй европчуудын эсрэг тэд өөр яаж тэмцэх байсан гэж.
Индианчууд монголчуудтай гарал нэгтэй гэдгээ мэдэж, уулзахыг хүсдэг байхад бид энд зэрлэг, бүдүүлэг нэгнийг индианчуудаар төсөөлж, “Нутгийн индиан” хэмээн цоллох нь зөв үү?

2 comments:

Unknown said...

Indianchuudiin talaar iluu ihiig medhiig husvel
http://indianchuud.blogspot.com/ -d zochlooroi

Unknown said...

Сайхан блог байна, улам ихийг илүү сайханыг...

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.