Monday, June 27, 2011

Жаргалтай “манъяк”



Этгээд, галзуу, солиотой. Тим Бартоныг хүмүүс ийн тодорхойлдог. Шүүмжлэгчид түүнийг харанхуйд гялбах хурц гэрэлтэй зүйрлэдэг бол Тим өөрийгөө “Аз нь гийсэн, жаргалтай ч дарамтад орсон манъяк” гэдэг юм билээ. Америкийн Калифорни мужид 1958 онд төрсөн түүний хүүхэд насны шүтээн нь Эдгар По болон аймшгийн киноны мангаснууд. Хорин нэгэн настайдаа Калифорнийн урлагийн сургуулийг төгсөөд тэрбээр “Walt Disney”-д ажиллах болов. Тим анх 1982 онд Аймшгийн киноны жүжигчин Винсент Прайстай өөрийгөө зүйрлэдэг хүүгийн тухай “Vincent” нэртэй зургаан минутын киног бүтээжээ. Хар, бараан талын дүрслэл ихтэй, зүүд мөрөөдөл, хийсвэрлэлийн ертөнцийг харуулсан уг бүтээл хожмын “Хайчин гарт Эдвард”, “Бийтлжүүс”, “Зул сарын өмнөх хар дарсан зүүд”, “Чарли ба шоколадны үйлдвэр”-ийн үндэс болжээ. Хэдийгээр түүний кинонууд харанхуй, баргар маягийн дүрслэлтэй ч гол баатрууд нь хатуу ширүүн төрхөөр сайхан сэтгэлээ халхалсан ганцаардмал хүмүүс байдаг. Том хүмүүсийн хэзээ ч төсөөлж чадахааргүй хийсвэрлэлийн ертөнцийг тэр дэлгэцнээ бүтээдэг. Тийм болохоор л энгийн үзэгчээс эхлээд кино ертөнцийн аваргууд түүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг биз. “Rolling stones”, “Vanity Fair”, “Times”-т өгсөн Тим Бартоны ярилцлагыг түүвэрлэн хүргье.

Би унтах цагаа тэсэн ядан хүлээдэг. Учир нь зүүдний ертөнцөд хамгийн гайхамшигтай үйл явдалтай учирч, жинхэнэ төрхөө хэнээс ч нуугаагүй хүмүүстэй харилцах боломжтой. Их унтахыг залхуурал мэтээр ярьдаг хүмүүст би дургүй. Зүүд бол амьдралын нэг хэсэг. Нойр бол тийш хүрэх гүүр. Гэхдээ би зүүдээ тэр болгон санадаггүй л дээ. Би анхны хайраа байнга зүүдэлдэг. Тэр охин бид хоёр хөгширч, холбоо тасарсан ч анх ямар байсан тэр хэвээрээ зүүдэнд үзэгддэг юм. Мөн хүүхдүүдээ тойруулсан аав, ээжийг байнга зүүдэлдэг. Тэдний дунд байх миний амнаас үзмэн ягаан өнгөтэй далайн ургамал ургадаг. Зүүдэндээ ийм ер бусын зүйлстэй учирдаг би унтахаас хэрхэн татгалзах билээ.
Ганцаардал гэдэг байж болох хамгийн эрүүл үзэгдлийн нэг. Хүүхэд байхаасаа би ганцаараа үлдэх боломжийг алддаггүй байв. Магадгүй ийм учраас би панк, рок, гот хөгжимд дуртай байх. Аав, ээж маань бурханд итгэдэггүй ч бид ням гариг бүр сүмд очдог байлаа. Ер нь бурханд итгэдэг хэн байгаа юм бэ? Хэлбэрдэгчид!
Эргэн тойрон гутралаар дүүрэн байна. Миний амьдралын бүх л үед гутрал их, бага хэмжээгээр байдаг байсан. Гэхдээ би үүнийг муу зүйл гэж огт боддоггүй. Баяр баясгалангаас эрч хүч, онгод авдаг нэгэн байхад миний хувьд эсрэгээр байдаг ч юм билүү. Хэдэн жилийн өмнө сайн найзуудын маань нэг нь надтай дуугарахаа больсон. Тэгэхэд л хамгийн хүнд дарамт над дээр ирсэн юм. Би бүр сэтгэл зүйчид очиж, бүтэн цагийн турш юм ярилгүй суусан. Тэр бараг минут тутамд цагаа харж байсныг санаж байна.
Би киноны сургуульд сураагүйдээ баярладаг. Үүний оронд зургийн сургуульд орсон нь надад өөрөөрөө байх, дотоод дуу хоолойгоо сонсож бүтээл туурвих боломж олгосон. “Walt Disney”-д ажиллаж байхдаа би сэтгэцийн өвчтэй хүн шиг л байлаа. Надад тэнд хэзээ ч таалагдаж байгаагүй. Хүүхдүүдэд зориулж хөөрхөн амьтад, өхөөрдөм үнэг зурж чадахгүйгээ тэгэхэд ойлгосон юм. Өөрийгөө хүчилж, дургүй зүйлээ хийгээд мөнгө сайн олж болно л доо. Гэхдээ энэ бол нэг төрлийн амиа хорлолт шүү дээ.
Миний киног хүмүүс гаж гэж нэрлэдэгт нь гомдох тохиолдол бий. Бүх зүйлийг тогтсон нэг хэвэнд хийгээд, бусдыг ч тэрэндээ цутгадаг хүн олон. Америк тэр чигтээ кинонд суурилдаг улс мэт санагдах юм. Чиний юу хийх, хэнтэй, хаана уулзах, яаж ярихыг кино зааж өгнө. Хамгийн аймаар нь тэрхүү киноны ихэнх нь зөвхөн үзэгчдийн халаасыг сэгсрэх зорилготой л байдаг. Би үүнээс холуур байхыг боддог. Би хоёр хүүхэдтэй. Харамсалтай нь сүүлийн үед тэднийг Skype-ээр л харах боллоо. Тэдэндээ сайн аав байхыг хүсдэг ч ажлын шахуу хуваариас болж байнга дэргэд нь байж чадахгүй юм. Хоёр хүүхэд маань миний ямар ажил хийдгийг одоохондоо ойлгохооргүй жаахан байна.
Намайг кино найруулагч эсвэл зохиолч гэж нэрлэх нь таагүй санагддаг. Би бол зүгээр л хүн. Үүнтэй адилаар насанд хүрэгчид, хүүхдүүдийг ч нас, хүйс, ажлаар нь ангилж зааглах хэрэггүй. Бидний анхаарал хандуулах гол зүйл бол мэдрэмж. Миний ажигласнаар ихэнх хүн амьдралаас холдож, зугтахын түүс болсон байдаг юм билээ. Кино үзэж, клубт орж, цэнгэлдэх хүрээлэнд очиж, бүр мансууруулах бодис хэрэглэх нь ч бодит амьдралаас түр холдох гэсэн ядмагхан ородлого. Хаа нэг тийш дүрвэхийг хүсдэг нь бидний төрөлх араншин байх. Намайг үргэлж хаалга тийш мөлхдөг хүүхэд байсан тухай эмээ маань ярьдаг. Бусад хүний хувьд ч адил болов уу. Тиймээс би очихыг хүссэн газраа киногоороо илэрхийлдэг болсон юм.
Би үзэгчдээс айдаг. Тэдний өмнө гарах бүрт намайг ууртай харцаар ширтэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. Шүүлтэд орно гэдэг аймшигтай. Тэр дундаа хүнийг гаднах байдал, үндэс угсаа, ажлаар нь ялгаварлан гадуурхана гэдэг тэвчишгүй үзэгдэл.
Миний баатруудыг ойлгомжгүй гэвэл би санал нийлнэ. Ойлгомжтой зүйл гэж ер нь хаана байгаа юм. Жишээ нь би л гэхэд өөрийгөө бүрэн таниагүй л явна. Магадгүй амьдрал гэдэг өөрийгөө хайх эрлийн нэр ч байж болох юм. Хэн ч өөрийгөө бүрэн таниагүй болохоор амьдрал сонирхолтой.
“Алиса гайхамшгийн оронд” бол уг нь энгийн түүх л дээ. Энэ бол өсвөр насны нэгэн охины өөрийгөө хайсан аялал юм. Өдөр тутмын амьдралыг чи өөрийнхөө төсөөлөл, хийсвэрлэлээр ер бусын болгож болно. Өөрөөр хэлбэл бид өдөр бүр тэрхүү гайхамшгийн оронд амьдрах боломжтой. Энэ нь зүрх, тархи хоёроо хэр нийлүүлснээс л хамаарна даа.
Алисагийн дүрд тоглосон Миа Васиковскийг анх харсан өдрөө л би “Бүүм” гэж өөртөө хэлсэн. Тэр залуухан хэрнээ баялаг туршлагтай, өөрийн гэх ертөнцийг бий болгосон охин. Харин Жонни Депп бид хоёр бие биенээ “амталж” чаддаг учраас олон жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. Түүнийг анх “21 дүгээр гудамж” кинонд тоглож байхад нь танилцсан. Тэрнээс хойш бид хамтран ажиллагч төдийгүй сайн найзууд болсон.
Миний бүтээлийн гол сэдвүүдийн нэг нь сүнс, газар доорхи ертөнц. Учир нь би үүнд итгэдэг. Хэзээ нэгэн цагт сүнс харсан уу гэж хүмүүс надаас байнга асуудаг. Харин би тэдэнд сүнсний оршихуйг мэдэрдгээ хэлдэг юм. Бидний хэн нь ч амьдралын дараа юу тохиолддогийг мэдэхгүй. Яг л бид амьдрал хэмээх том шүхрийн дор зогсдог юм шиг. Шүхэрний гадна юу байдаг вэ? Хамгийн сайн хариулт бол үлгэр гэж би хэлнэ. Гэхдээ үлгэр бүхэн аз жаргалтай төгсдөг. Харин амьдрал тэр чигтээ эмгэнэл. Би эмгэнэлийг хошин шогийн хэлбэрээр харуулахыг зорьсоор ирсэн. Тэгээд ч аз жаргалаас илүүтэй эмгэнэлт байдал л хүний мөн чанарыг бодитоор харуулдаг.

1 comments:

Anima said...

taalagdav

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.